СҮСЭГТЭН ТА

Цаг цагийн хурал мөргөлд ирэх юм уу, өөр бусад хэргээр орон хийд хүрээнд очихдоо хүрээний их ламд заавал мөргөх ёстой. Мөргөхдөө багш, ном, хуврага гурван эрдэнийн нэрийг дурдаж, өөрийнхөө хийсэн гэм нүглийг санаж, үнэн зүрхнээсээ сүсэглэж, таван цогцсыг газарт хүргэж, яаралгүй мөргөх хэрэгтэй. Мөргөлийн олон лам нараас юуны өмнө өөрийнхөө нутгийн ламд анхан мөргөж, адис хүртэх ёстой.
Орон хийдэд мөргөлөөр ирэхдээ өөрийнхөө чадал зэргээр хадаг самбай, мөнгө зоос, зулын тос, хүж, хөвөн, манзын сүү, цай, түлш, модноос эхлээд гар хоосон бишээр ирэх хэрэгтэй.
Мөргөлчин анхан ирээд нутгийн ламдаа мөргөж, тэндээс хийдийн үүдэнд мөргөөд дотогшоо орох хэрэгтэй. Тэндээс мөргөж гараад их, бага сүмүүдээр орж мөргөнө. Ирэх, буцахын цагт дацан хийдээ нар зөв тойрч явах ёстой. Дацанд ирэхдээ аягаа авч, эрихээ бариад, ариун цэвэр хувцасаа өмсөж, маань мэгзэм болон аль мэдэх таринаа уншиж ирэх ёстой.

Дацанд ирж лам нартай уулзахдаа анхан өлзийтэй баяртай үг хэлэх, хожим нь ирсэн учраа айлдах нь зохистой.
Та бүгд сүм хийдэд очихдоо дээрхи зүйлсийг анхаарваас таны хийлгэж буй засал номын хүч улам арвидана гэж би бодож байна. Учир нь та сэтгэлээ зөв зүйлд чиглүүлэн биеэ зөв авч явж байгаа гэсэн үг юм.
www.buddha.mn