ХАДАГНЫ УЧИР

Хадаг түүний учир шалтгаан ёс дэг: Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж бэлгэшээж төрөл бүрийн хүндэтгэлийн зан үйлдээ хэрэглэж ирсэн. Хадаг хээ угалз, номын үсэг бичиг, хэмжээ, хийсэн эд, чанар чансаа, өнгө зэргээрээ өөр өөр байхын хамт Аюуш, Даш, Нанжвандан, Нанзад, Самбай, Дашвандан, Сэрш, Соном гэх мэт нэртэй байдаг. Аюуш хадгийг эцэг эхдээ, найман тахилт хадгийг багш, ихэс дээдэс лам нартаа барьж Самбай болон Нанжвандан хадгийг талийгаачийн газар авах, нүүрийг бүтээх зэрэгт хэрэглэдэг. Өнгө тус бүрдээ төр ёсны болоод шашны бэлгэдлийг агуулсан байдаг. Шашин номын үүднээс Цагаан өнгө нь Дээдийн шид бүтээл буюу гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг туулсан бурхны хутагт хүрч хүний сэтгэхүйн туйлын мөн чанарыг нээн гаргаснаар олж авах үнэмлэхүй их эрдмийг бэлгэднэ. Хөх өнгө нь Амирлуулах үйлийн шид бэлгэдэх бөгөөд хүндэтгэлийн орны өвчин, ад, өвчин хижиг саад зэтгэр зэргийг амирлуулах утгыг агуулна. Шар өнгө нь Дэлгэрүүлэх үйлийн шидийг бэлгэдэх ба нас буян, эрдэм ухаан, хүч чадлыг дэлгэрүүлэхийн утгыг агуулна. Улаан өнгө нь Эрхэнд хураах үйлийг бэлгэдэх бөгөөд яруу алдар, төгс эддэл тэргүүтнийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Ногоон өнгө нь Хатуу үйл буюу дайсан тотгор, гай зэтгэрийг зайлуулах утгыг тус тус бэлгэддэг. Ийнхүү хөх, шар, улаан, ногоон өнгийн хадгууд нь “Дөрвөн үйл”-ийн шидийг бэлгэддэг бол цагаан өнгө нь Дээдийн шид бүтээлийг бэлгэддэгээрээ дээрх дөрвөн өнгийн утгыг бүгдийг агуулдаг байна.
Харин төрт ёсны бэлгэдлийн үүднээс ялган үзүүлбэл:
Цагаан өнгө нь хиргүй ариуныг бэлгэдэнэ. Цагаан идээ, цайлган цагаан сэтгэл, есөн цагаан бэлэг, төрийн цагаан туг гэх мэтээр монголчууд цагаан өнгийг ихэд эрхэмлэдэг уламжлалтай.
Хөх өнгийн хадаг нь Мөнх тэнгэрийн өнгө бөгөөд амар тайвны бэлгэдэл, Ногоон өнгийн хадаг нь Газар дэлхийн өнгө бөгөөд Дэлгэрэн арвижихын бэлгэдэл, Улаан өнгийн хадаг нь галын өнгө бөгөөд Гал голомт бадрал дээшлэх, төр засаг хүчирхэгжихийн бэлгэдэл, Шар өнгийн хадаг нь Нарны өнгө бөгөөд мандан бадрахын бэлгэдэлийг агуулдаг байна.
Хадгийг барихдаа хадагныхаа задгай амыг өгөх хүн рүүгээ харуулж барьдаг. Энэ нь “Ариун сайхан сэттэлийн үүднээс барьж байгаа бэлэг нь танд өлзий болог” гэсэн утгатай. Хадаг авч байгаа хүн хоёр гардан авч хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээрээ нугалан эвхэнэ. Нанжвандантай хадгийг ямар ч хүнд барьдаггүй ба зөвхөн хүн нутаглуулах, оршуулах газар гуйхад хэрэглэнэ. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавьдаггүй ёстой.
Хадгийг өглөг, буяны журмаар барихаас гадна бусдаас ямар нэг зүйл хүсэх, тусламж эрэх хүслээ илэрхийлэн гуйж хадаг барьдаг ёс бий. Хүнээр ая бариулж дуу дуулуулах, ерөөл хэлүүлэх, ажил төрөлөө бүтээлгэх, бэр гуйх зэрэгт хадаг барьдаг.
Монголчууд адуун сүргээ онцлон хүндэтгэж ууган унаганд хадаг уях ёс бий. Мөн мал сэтэрлэхдээ хадаг уядаг ёстой. Багш лам, ихэс дээдэс, хутагт хувилгаадын мутрын тэмдэг дарсан, самбай хадгийг хамгийн их хадаг гэж дээдлэх бөгөөд бурхандаа өргөсөн хадгийг тус тус дээдлэн даллагын суманд уяж хадаглана.
www.buddha.mn