АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮН 3


Ховд аймгийн эрдэнэбүрэн сумын төвд Пунцагашийн Батсүх эхнэр хоёр хүүхдийн хамт өөрийн гараар барьсан тохилог хоёр өрөө сууцанд амьдардаг. Энэ айл нэг ч ширхэг бургас түлшинд хэрэглэдэггүй, өвлийн хүйтэнд нүүрс түлж үзээгүй.

Тэднийх хашаандаа явган хүний замтай.гэрэлтүүлэгтэй, ширхэг ч шүдэнзний модгүй цэвэр агаад цэмцгэр.Тус сумын Эко сургуулийн хүүхдүүд    тэднийд зочилоход үйлдвэрлэсэн шахмал түлш тэжээсэн тахиа, галуу, даршилсан ногоо, гэрт, гадаагүй тарьж ургуулсан цэцэг, хашиж хамгаалсан ногооны талбай, тоосгоор доторлож хийсэн тохилог жорлон гээд үзүүлж сонирхуулах юм захаас аван байв.

Жирийн ажилсаг энэ гэр бүл байгальд үнэхээр ээлтэй гэдэг нь тэдний ажилсаг гараар бүтсэн олон зүйлээс танигдаж байв. Өвлийн улиралд гэрт амьдардаг айлуудын хувьд нүүрс түлшинд хэрэглэхгүй өвлийг давна гэдэг хэцүү.

Тэгээд ч жилээс жилд нүүрсний үнэ нэмэгдэж дунджаар нэг айл 300.000-500.000 мянган төгрөг нүүрс худалдан авахад зарцуулна. Дээр нь аргал, бургас, мод худалдаж авна. Жилдээ бараг 700.000-800.000 төгрөг түлшинд зарцуулдаг.

Тэгвэл П.Батсүхийнх хүйтний улиралд нүүрс түлж, харгана бургас сүйтгэхгүй зардал гаргалгүй амьдардаг. Эднийх уурын зуухны хаягдал нүүрсний нунтаг хогийг үхрийн нойтон баастай хольж шахмал түлш бэлтгэж хэрэглэдэг.

Байгаль орчинд халгүй эко түлш өөрсдөө бэлтгэдэг. Агаар бохирдуулж байгаа утаа зууханд биш хэрэглэж байгаа түлшиндээ байдаг. Өвөлд гэрт 200-300 ширхэг шахмал түлш.байранд 300-450 ширхэг шахмал түлш хэрэглэнэ.

Тоосгоноос арай том хэмжээтэй цохиж шахсан энэ түлш өдерт 5 ширхэгийг түлэхэд илчээ алдахгүй. Бас ямар ч зуух голохгүй. П.Батсүх энэ түлшээ уурхай түшиглэж байгуулбал агаар орчин бохирдуулахгүй, үнэ хямд.хог хаягдал гарахгүй, эдийн засагт хэмнэлттэй гэж ярьсан юм.

Эрдэнэбүрэн сумын төвд айлууд хашаандаа бургас, харгана буулгаж түлшиндээ замбарааргүй хэрэглэдэг. Энэ нь цаанаа байгальд хор нөлөөтэй. Бид амьдрах ухааны туршлагыг дэндүү холоос эрж хайдаг. Өөр аймаг хот, бүр цаашлаад гадаадаас.

Байгальдаа халгүй амьдарч ,хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь өвлүүлж үлдээх асуудлыг холоос эрж хайлтгүй жирийн айл гэр П.Батсүхийнхээс суралцахад л хангалттай санагдлаа.П.Батсүхийнх гэдэг айл гал голомтоо бадраасан тэр цагаас л энэ шахмал түлш хэрэглэж ирсэн.

Гал алдаж, гэр нь хүйт дааж үзээгүй. Бас нүүрс түлш худалдаж авахад мөнгө зардаггүй. Гарын доор байгаа хаягдлаар илчтэй түлш хэрэглэхдээ сум орон нутгаас зээл тусламж авч, төсөл хөтөлбөрт хамрагдаж үзээгүй гэнэ.

Өөрийн амьдралын арга ухаанаараа л өрхийн аж ахуйгаа өөд татаж, өөдрөг өөртэй итгэлтэй өв тэгш сайхан амьдарч байна. Төвлөрсөн эдийн засгийн тогтолцооны үед туслах аж ахуй хөгжүүлж, гахай, тахиа үржүүлж ашиг шимийг нь хүртдэг үе байсан.

Тэр үед хүнсний аюулгүй байдлын тухай "айдас" ч байгаагүй юм. П.Батсүхийн хашаанд ирмэгц галуу гуаглаж. тахиа донгодоно. Эднийх 30 аад тахиатай. Өнгөрсөн жил хотоос хоёр галуу авч ирж үржүүлж байгаа гэнэ.

Бидний зарим нь фермер байгуулна гэж жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас "том тоотой" зээл тусламж авдаг ч эзнээ олдоггүй. Өөр зүйлд зарцуулаад үгүй хийчихдэг нь гэм биш зан. Эднийх нэг ч төгрөгийн зээл тусламж авалгүй өөрийн ажилсаг гар, бүтээлч сэтгэлгээ, ур ухаанаараа өрхийн аж ахуйгаа өөд нь татжээ.

Цалингийн зээлээр байраа шинэчилж, хоёр өрөө болгож тохижуулсан. Өөрсдийн гараар баялгаа өөрсдөө л бүтээж байна. Харин хөдөлмөр халамжийн шугамаар төмөр хашаа барихад л нэг сая төгрөг авч үзсэн гэж эхнэр Х.Бямбасүрэн ярьсан юм.

Тахиандаа зун, өвлийн хоёр давхар жижиг сууц барьжээ. Бас өвсөн дотор тахиа төрж.өндөглөх байр бэлджээ. Тахиагаа хооллож, өндөгөөр нь амттай хоол хийж, хальсаар нь цэцэг, ногоо бордоно. Зүгээр л байгаль дээр байгаа модыг ашиглан.

Ухаж засаад шувууны үүр хийж тавихад хашаанд нь шувуу ирж үүрээ засаад өндөглөдөг гэнэ. Байгаль орчноо хайрлаж байгаа хамгийн энгийн сэтгэл нь ийм агуу. П.Батсүхийн гэр бүлийн гишүүд бүгд л завгүй байдаг.

Хүү Б.Цогням хичээлийн хажуугаар аав, ээждээ туслахын зэрэгцээ морин хуур хөгжим тун сайн тоглоно. Аймаг, сум бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцоно. Охин Б.Цагаанцоож уран хатгамал хатгаж гэрээ гоёно. Найз нөхдийн төрсөн өдөрт ээж охин хоёр урлаж оёсон бүтээлээ бэлэглэнэ.

Хашаандаа хайлаас, улиас, бургас, чацаргана, үрэл жимсний мод бас тарьжээ. Сумын төвд балгас болж хаягдсан  худгийг дахин сэргээж гүний худаг гаргаж, насос шахуургаар ус түгээж сумын иргэддээ тэднийх буян үйлддэг.

Бас энэ худгаа түшиглээд хөөрхөн усан оргилуур хийчихэж. Халуун ус барих санаатай цооног гаргасан байна. Худагнаасаа ус татаж 25 литрийн саванд ус дүүргэж гар бойлуур хийж байшиндаа байрлуулан гоожууртаа халуун ус ирүүлж, хэрэглэсэн усаа гадагш гаргахаар хийжээ.

П.Батсүхийн найз нар Улаанбаатарт түүнийг ирэхийг урьж хамтдаа фермер байгуулал түлшний үйлдвэр хийе гэж зөндөө урьдаг гэж ярьсан. Ажил хийе гэсэн хүн арга ухаанаа олдог. Залхуу хүн шалтаг эрдэг гэж үг бий. П.Батсүхийн өрхийн аж ахуйгаа өөд нь татаж авч яваа амьдрах ухааны туршлага бусдад дууриал болж чаддаг.

Түүний ах П. Батсайхан бас ийм жишгээр амьдардаг. Адаглаад л хөршүүд нь түүнтэй адил хашаа орчноо цэвэр гоё байлгая гэж дууриадаг тухай тус сумын сургуулийн захирал Т.Отгонхишиг ярьж байсан.

Цаг хугацааг зөв ашиглаж хүн өөрийн оюун ухаанаа дайчлан өрхийн аж ахуйгаа өөд нь татаж амьдарвал юугаар ч хэмжишгүй их баялаг бүтээж чаддаг нь жирийн айлын энэ амьдралаас харагдаж байна.

Зээл тусламж төсөл энэ тэр гэдгийг "ажил хийж амьдралыг амттай болгодог" П.Батсүхийнх шиг гэр бүлд олговол бүр илүү арга ухаанаа тэлж.сумаа хөгжүүлж, бусаддаа сайн үлгэр дууриал үзүүлэх нь лавтай.

Сумын удирдлагууд өрх гэрээ өөд нь татаж амьдралаа явж яваа ийм хүмүүсээ судалж дэмжвэл баялаг бүтээгчид холоос эрэлтгүй бидний хажууд байнаа...Гэрээ засаж чадсан П.Батсүхээс сурах зүйл их байна.

Байгаль сэтгүүлч клуб
Эх сурвалж: “Ховдын мэдээ”

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮН 2


Малчин хүнд амьдрах ухааны 1943 мэргэжил бий

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн малчин С.Мааманхүү гэж эмэгтэйг танихгүй малчин монголд ховор болжээ. Тэр Монгол улсаа төлөөлж дэлхийн хэмжээнд малчдынхаа дуу хоолойг өргөж явна.
Эмийн сангийн долоон ямаанаас дэлхийд гарах гарцаа нээсэн энэ эрхэмсэг хатагтай "Тангад-Араа" ХХК-ийн захирал, "Дэлхийн нүүдэлч уугуул иргэдийн холбоо "-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, "Монголын говь" малчдын холбооны тэргүүн.

Малчдаа нэгтгэж, "Малчны өдөр", "малчдын өргөө", "Малчдын парламент"-ыг байгуулах гэж зүтгэж яваа тэр өнөөгийн нийгэмд малчдын залуу халаа байхгүй болох нь гэж эмзэглэж явна. Түүнийг урьж ажил амьдралынх нь талаар хөөрөлдсөн юм.


-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Аймгийн хойт голд таны хүүхэд нас өнгөрсөн байхаа?
-Тэгэлгүй яахав. 1953 онд төрсөн. Тэр үед хөдөөний хүүхэд ямар цэцэрлэг гэж мэдэх биш дээ. Аав ээжийнхээ дэргэд мал дээр л өссөн. 1964 онд Ханхонгор сумын бага сургууль төгсөж, аймгийн төвийн дунд сургуульд ирж сурсан.


-Малчин болох зам хаанаас эхэлсэн бэ?
-1965 оны хавар мал төллөх үеэр ээж манай отгон дүүг төрүүлж аав минь ганцаараа нэлээн хүнд байсан л даа. Тэр үед хүүхдүүдийнхээ нэгийг хөдөө гаргаж өв залгамжилсан малчин болгоно гэсэн. Би малчин болох нэлээн дургүй байлаа. С.Тогооч ахыгаа хөдөө гар гээд л.

Тэгсэн манай ах намайг "чи сэргэлэн юм чинь хөдөө гарвал аварга малчин болно" гэж аавтай нийлж ятгаад. Жаахан хүүхэд байсан юм чинь нээрэн тэгэх ч юм шиг санагдаад малчин болчихсон доо. Малаа орхиод явж болдоггүй бүх л хурал цуглаан болно аав л явна, мэдээлэл гэдгээс хол жинхэнэ хөдөөний "баагий" болж хувирсан даа.


-Хань ижилтэйгээ анхны голомт асаасан үеэ дурсаач?
-1972 онд 19 настай охин ханьтайгаа голомт бадрааж байлаа. /Хоолой нь зангирав/ Миний хань Цэвэгравжаа адуучин, би өөрөө ямаачин байсан. Тэр цагаас хойш 28 жил "Гэрэлт зам" нэгдлийн адуу малласан даа. Дээд тал нь 600 гаруй адуу маллаж байлаа. Адуу гэдэг тэнгэрлэг амьтан.

Аймгийн сааль сүүний аварга хоёр удаа болж, сумынхыг нэлээн авсан. 50-60 гүү саана, нэг саам саагаад дуусахад дараагийн саам эхлэх болчихсон байдаг болохоор цай чанаад ууж амьжилгүй дараагийн саамаа дуусгаж орж ирээд цайлаад л гардаг байсан.


-Адуу бэлчээрт гарахад л айраг исдэг гэдэг биз дээ. Танайх айраг сайхантай айл байсан даа?
-Айргийг бүлэх тусам амт нэмдэг. Сайхан айрагтай гээд манайхаар их олон хүн орж гардаг байсаан.


-Зах зээл эхэлснээс хойш та наймаа хийгээд явдаг байсан санагддаг?
-Манай дүү таван тонн гурил будаа явуулж түүнийг нь зарах гэж л айл амьтнаар орж явсан нь тэр. Хэрэглээний бараа ховор цаг байлаа шүү дээ. Гэхдээ зах зээл эхэлснээс хойш хүний нүд тайлагдсан. Нэгдэл гэж байхад бид хуралд очих нь очдог байсан ч өөрийн санал бодлоо хэлэх эрх байдаггүй байлаа шүү дээ.

Малчид аймгийн төв рүү ховор орж ирдэг байлаа. Би 40 гарсан хойноо аймгийн төв рүү өөрийнхөө дураар орж гардаг болсон доо. Энэ үеэс л бизнест хөл тавьсан.


-Нөхөрлөл байгуулах санааг хаанаас олов?
-Нэгдэл тараад малчид жалгын ганц болсон үед гадаадын төсөл орж ирээд нөхөрлөлүүд байгуулаж эхэлсэн. Эхлээд сургалтуудыг нь сонирхдог байлаа. Гэхдээ олны дунд орж үзээгүй малчин жаахан гэрэвшээд ойртож чаддаггүй. Хэд хэд очиж үзсэний дараа болмоор санагдаад ойр хавийн хэдэн айлтай санал солилцоод 10 дугаар анги төгссөн С.Оюунсүрэн гэж бүсгүйгээр даргаа тавиад нөхөрлөлөө байгуулж байлаа.


-Тэр үед та нөгөө эмийн сангийн долоон ямааг авчээ дээ?
-Аймаг дээр эмийн сангийн Мядагмаа таараад зуднаас 7 ямаа үлдсэн та түүнийг маллаж өгөөч гэж гуйсан л даа. Тэгээд цагаан идээний сургалт явуулах гэж байгаа цалингийн оронд түүнд суу гэсэн. Сургуулиас гарснаас хойш 30 шахам жилийн дараа анх удаа суусан сургалт энэ байлаа. Тэр сургалтанд сууж байхад хүн санадаггүй болохоос биш бүгдийг нь хараад хийж болохоор зүйл байсан л даа.

Сургалтанд хамгийн сайн сурсан гэж сүүний машинаар шагнуулаад гэртээ харьсан юмдаг. Амьдрал дээрээ байгаа агуу том боломжийг тэндээс олж харсан. Тэгээд нэмж нэг машин аваад нөхөрлөл дээрээ цагаан идээний сургалт явуулж бяцхан үйлдвэрлэл эхэлсэн дээ.


-"Оюут" нөхөрлөл нэлээн мандаж байсан үе бий дээ?
-Манай аймагт болсон хөдөө аж ахуйн гаралтай анхны үзэсгэлэн худалдаанд орох бэлтгэл хийгээд бид нойргүй хонодог байлаа. Ямар сайндаа ийм их зүтгэл гаргаад ямар нэг шагнал авахгүй бол уйлнаа гэж би хэлж байсан. Тэр үед манай нөхөрлөлийн Ш.Гүндмаа эгч уйлаад яахав дээ харин ч хор шарандаа улам сайн хийхгүй юу гэж байлаа.

Тэр үзэсгэлэн худалдаагаас 116 нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн гэж "Тэргүүний цагаан идээ", "Шилдэг хамт олон" гэсэн хоёр шагналыг нь авсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш нөхөрлөлийнхөө буянаар эсгий урлал, арьсан урлал гээд их олон сургалтуудыг авсан даа.


-Танай "Гурван сайхан" цай одоо Өмнөговийн брэнд бүтээгдэхүүн болоод байна даа. Цай хийх санаа хаанаас өвөрлөв?
-2004 онд миний хань бурхан болоод сэтгэл санаа их тавгүй байсан үед манай нөхөрлөлийг дэмждэг Шинэ Зеландын төслөөс миний сэтгэл санааг өөдрөг болгох гэж анх гадаадад явуулж байлаа. Тэнд үг хэлэх болдог юм байна. Айгаад хойшлуулаад л байлаа. Тэгсээр ярих болсон л доо. Бэлдэж бэлдэж л гараад нэг юм хэлсэн болоод суучихсан.

Тэгсэн нэлээн хойно хүмүүс алга ташдаг юм байнаа. Тэгсэн орчуулагч орчуулж дуустал би зогсож байх учиртай юм байж л дээ. Тэгж хөглөж бас тэндээсээ суралцаж явсан. Тэндээс нэг зүйл олж ирсэн нь цай хийх санаа байсан. Гэхдээ энэ ажлаа эхлэх эвээ олохгүй 3 жил болсоон. 2007 онд цайны ургамлаа ууранд нүдээд цайгаа савлаж байлаа.

Түүнээс хойш 2009 онд Дархан хотод болсон үзэсгэлэнгээс "Түмний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн", аймгийнхаа "Брэнд бүтээгдэхүүн", 2010 онд "шилдэг сав баглаа боддолтой бүтээгдэхүүн", "Органик Монгол ба ногоон бүтээгдэхүүн" үзэсгэлэнгээс "Шилдэгийн шилдэг" цай, 2011 онд Говь фиствалаас "Брэнд", Монгол улсын засгийн газраас зохион байгуулсан үзэсгэлэнгээс "Нэг суурин нэг бүтээгдэхүүн шилдэг эмчилгээний цай шагналаар шагнагдсан.


-Гадаадын нэлээн орноор явсан шүү дээ. Дэлхийн нүүдэлч уугуул иргэдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн,    дэд ерөнхийлөгчөөр яаж яваад сонгодчихов доо?

-Анх Африкт явж ирсний дараа Испанид явах болсон. Тэр хурал дээр сонгох гэж байгааг мэдээд гараа хөдөлгөөд чадахгүй гээд дохьчихсон чинь орчуулагчдаа зэмлүүлж байлаа. Монголд орж ирэх гэж байгаа том боломжийг хаах гэж байна. Хэл мэдэхгүй мөртлөө гараа хөлөө бүү хөдөлгөж бай гээд./инээв/

Маргааш нь дахин хуралдсан тэр үед гараа байтугай толгойгоо ч хөдөлгөхгүй сууж байлаа. Тэгээд их айж түгшсэн жалгын малчин би яаж чадах бол гэж санасан. Гэхдээ тэр цагаас хойш cypcaaн. Намайг гадаадад явж байхад Чингисийн удам гэж л хардаг юм шүү дээ. Одоо өөрөө мэдээд үйл ажиллагаандаа оролцож монголдоо малчны холбоог байгуулах гэж зүтгэж явна.

Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн их хурал Энэтхэгт болсон. Тэр хуралд дэд ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдсөн л дөө. Африкын нэг эмэгтэй байсан л даа тэр улсынхаа их хуралд нэр дэвшиж явсан байдаг юм. Их хуралд нь эмэгтэй хүн байж болохгүй гээд нутгийхан нь өлсгөлөн зарлаад ч гаргаж чадаагүй боловч мундаг дайчин бүсгүй байдаг.

Гэтэл тэр нэрээ татаж Чингисийн монголын, нүүдлийн мал аж ахуйг хадгалж яваа энэ эмэгтэйг сонгох саналтай байна гэсэн л дээ. Тэгээд л санал нэгтэй намайг сонгочихсон. Тэр үед их зүйлийг хийх ёстой гэж бодож зогссон.


-Ярианыхаа төгсгөлд малчиддаа хандаад юу хэлэх вэ?
-Бид хэзээ хүртэл хүний гар харж амьдрах билээ дээ. Бүх зүйл дээр ченжүүдийн гар хардаг болсон байна. Малчин хүнд амьдрах ухааны 1943 мэргэжил бий. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө нэгдэцгээе гэж хэлмээр байна.

Д.Мишигсүрэн
Эх сурвалж: “Монгол говь”

Хайр


Бурханлаг ч бай, хүмүүнлэг ч бай хайр гэдэг бол нэг л ижил зүйл гэж би итгэдэг. Ингэж итгэх нь зөв үү?

Үгүй дээ, залуухан анд минь. Хүмүүнлэг хайр, бурханлаг хайр хоёр туйлын их ялгаатай. Хэрэв би чамд арван таван цент өгвөл хариуд нь чи надад чихэр өгөх ёстой. Энэ бол хүмүүнлэг хайр юм. Харин бурханлаг хайр бий бол чи надаас арван таван цент хүлээлгүйгээр чихрээ баяртайгаар өгнө. Бурханлаг хайр гэдэг бол өргөл. Энэхүү өргөлөөрөө чи ухамсартайгаар юмуу ухамсаргүй байдлаар Бурханы Тааллыг бие-лүүлдэг. Хүмүүнлэг хайраар бид хувийн сонирхлоо гүйцэлдүүлж, худалдагч худалдан авагчийн дүрийг харуулдаг. Гэхдээ хүнээс бурханлаг хайр гардаггүй гэж хэлээгүй юм шүү. Бурханлаг аргаар хайрлах чадвар хүнд бий бөгөөд заримдаа тийм хайрыг гаргадаг. Гэвч хувиршгүй бурханлаг хайр өнөөгийн энэ хорвоод тун ховор юм.

Хайр маань тамираас үүдсэн үү эсвэл цэвэр ариун хайр уу гэдгийг хэрхэн ялгаж мэдэх вэ?


Хайр тамираас үүдсэн эсвэл цэвэр ариун гэдгийг ялгаж мэдэхэд тун амархан. Хэрэв хайр тань тамираас үүдэлтэй бол өрөөл бусдад өгсөн хайрынхаа хариуд ямар нэг зүйлийг санаатайгаар юмуу санамсаргүй байдлаар шаардаж, хүлээдэг. Хайр цэвэр ариун дотоод сэтгэлээс үүдсэн бол хариуд нь юу ч шаардаж, горьдохгүй. Хайрлаж буй хүн юмуу тухайн зүйлтэйгээ нэгдсэн гэдгээ л мэдэрнэ.

Өрөөл бусдад тамираас үүдсэн хайрыг бус зүрх сэтгэлээс үүдэх ариун хайрыг зориулах боломжтой юу? Ариун хайраа хэрхэн ухамсартайгаар түгээх вэ?


Тамираас үүдсэн ариун бус хайрыг бусдад өгөхөөс зайлсхийх бүрэн боломжтой төдийгүй гарцаагүй шаардлагатай. Эс тэгвэл мунхгийн асар их хүчтэй тулгарахад хүрнэ. Өрөөл бусдыг эзэмдэж аргамжихын тулд бус өөрийнхөө болон өрөөлийн ухамсрыг өргөжүүлэн тэлж, чөлөөлөхийн тулд энэрч хайрлах ёстой.

Цэвэр ариун хайраа өрөөл бусдад хэрхэн ухамсартайгаар түгээх вэ гэдгийг та мэдэхийг хүсч байна. Хүмүүстэй ярилцах юмуу хүмүүсийн тухай бодох үедээ тэдэнд амь амьсгалынхаа нэгэн хэсгийг өгч байна гэж мэдэрвэл ариун хайраа ухамсартайгаар өгөх боломжтой болдог. Өөрийгөө та хорвоо дэлхийтэй хагацаж салшгүй бүрэн төгс нэгдмэл гэж мэдэрч байгаа учраас амь амьсгалынхаа нэгэн хэсгийг өгч чадаж байгаа юм. Нэгдэл хаана байна, тэнд цэвэр ариун хайр бий.

www.shrichinmoy.org

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ