АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Өөрийгөө уучил

Xүн өөрийгөө мэддэггүй. Хүн өөрийгөө гэхээс илүү бусдыг хэмээнэ. Харин бусдыг ойлгож, бусдад хайртай байхын тулд өөрийгөө нээн ойлгож, өөртөө хайртай байх нь чухал гэдгийг анзаардаггүй. Хүн хүнээс аз жаргалаа хайж байдаг гэнэн бодолтой. Харин тэр аз жаргалыг Та өөрөө бий болгож тэр эрчээрээ эргэн тойрноо аз жаргалтай байлгавал сайхан.

Та өөрийгөө хайралмаар хүн болгоно.

Нэгэн сайтаас авсан мэдээлэлийг толилуулж байна. Доорх мэдээлэлийг уншсанаар Та өөрийгөө анзаарч, өөртэйгээ танилцах боломж нээгдэхэд тань нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

• Өөрийгөө уучил.

Хүн бүр л алдаа гаргадаг. Та явах ёстой замаараа л явж байгаа учраас өөрийгөө юм бүхэнд буруутгахаа даруй болигтун. “Би л ингээгүй байсан бол ингэхгүй байх байсан юм. Би яагаад ийм бүтэлгүй юм бэ?” гэх мэт бодлыг урвуулаад “Миний оронд өөр хүн байсан бол ч бас л ингэх байсан. Хааяа алдах ч зүгээр шүү” болгож бод. Алдаан дээр анхаарлаа төвлөрүүллээ гээд та ямар ч сайн юм өөртөө татахгүй. Магадгүй та өмнө нь маш том буруу алхам хийсэн байлаа ч уучил. Энэ хорвоо дээрх хамгийн сайн найз чинь болох ТА өөрөө хүртэл өөрийгөө буруутгавал хэн таны талд зогсох болж байна?




• Хүлээн зөвшөөрөгдөх гэсэн оролдлогыг “тонилго”.

Хэн нэгэнд таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх ямар ч хэрэггүй зүйл юм. Хүн бүхэн л байгаагаараа байх эрхтэй. Та ч бас. Хэрэв та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хэн нэгний “аясаар” үргэлж байх шаардлагатай болдог бол тэр хүслээ бодлоосоо зүгээр л хөөж явуул.




• Хүн бүрт бурханлаг чанар байдаг.

Та өөрөө өөрийнхөө дотор орших бурхантай ярилцаж түүндээ итгэж байгаарай. Тэр нь Будда, Есүсийн хэн нь ч байсан хамаагүй. Эсвэл ямар ч оноогдсон нэргүй, зөвхөн таны сэтгэлд л оршдог амьдралыг тань заан чиглүүлэгч тэрхүү “бурхан” байж болно.




• Өөрөө өөртөө дурла.

Таныг юу бий болгодог талаар бодоод үзээрэй. Бид хэн нэгэнд дурласан үедээ түүний өө сэвийг хүртэл олж харахаа байчихдаг шүү дээ. Яг л түүн шиг та өөрийнхөө зөвхөн сайн сайхан чанаруудыг өнгөлж торд. Төгс бус байдал л таныг ТА болгож байгаа тэр онцлог “шигтгээнүүд” болохыг ойлгосноор та сөрөг талуудаа ч өхөөрдөн энхрийлэх болно.




• Хичээл зүтгэл гаргасан гэдгээрээ бахарх!

Та юм бүхэнд ялагч нь байх албагүй. Хамгийн сайнаараа хичээсэн гэдгээрээ л бахархаж болох мөчүүд амьдралд олон байдаг. Таны дэргэд ядаж оролдож ч үзэлгүй шантарсан олон хүн бий.




• Зоригтой мөрөөд!

“Хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэдэг үгийг бүрмөсөн мартаж орхи. Төрөлхийн “урт хөлтэй” бол богинохон хөнжлөнд баригдах хэрэг юусан билээ? Өдөр бүр мөрөөдөх нь таньд амьдрал урагшилж байгааг сануулж, баяр баяслыг мэдрүүлнэ.




• Хөгжилд.

Өөрийнхөө амьдралд хөгжил цэнгэлийг оруул. Амьдрал бол тааламжтай байхаар заяагдсан зүйл. Үүнийг битгий хүндээр тусгаж ав. Зүгээр л тааваараа амьдрах боломжтой байхад бид яагаад өөрийгөө алхам тутамдаа айдас, сөрөг бодлоор дүүргэдэг юм бол?




• Үнэхээр дуртай зүйлийнхээ төлөө зоригтой бай.

Та өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлснээрээ өгүүлэшгүй их эрх чөлөөг мэдэрч болох юм. Өчигдөр орой нь үзсэн киноныхоо тухай ярихын өмнө нь заавал “Би уг нь савангийн дуурь” үздэггүй л дээ гэж оршил хийх хэрэг байгаа гэж үү? Хүн болгонд л бусдаас нууцаар дурладаг ямар нэг зүйл байдаг. Гэвч чин сэтгэлээсээ дуртай зүйлээсээ ичих нь өөрийгөө хайрлахгүй байгаан шинж юм.




• Дахиад жаахан аминчхан бай.

Хэрэв таны сэтгэл санаа таагүй байвал, ингэж гуниглах нь танд хичнээн муу нөлөөтэй талаар бодоод үзэхийг зөвлөж байна. “Ингэвэл надад л муу шүү дээ” гэж бодоод өөрөөсөө сөрөг зүйлсийг түлхэж холдуул.




• Өнгөрсөндөө баяр хүргэ.

Болоод өнгөрсөн зүйл бүхэн өнөөдрийн ТА гэдэг хүнийг бий болгосон. Өөрөөр хэлвэл өнгөрсөн үе үүргээ сайн гүйцэтгэчихээд явсан байдаг.




• Өөрөө өөртөө баяр хүргэ.

Заримдаа таны дотроос нэг сайхан онгирчихмоор мэдрэмж төрдөг үү? Хийж чадна гэдэгтээ тийм ч итгэлгүй байсан зүйлийнхээ ард гарчихвал та гудамжинд ч “Хөөх, би ч мундаг юм аа” гэж хэлж болно шүү дээ. Тэгээд дараа нь өөрийгөө жин нэмчихнэ гээд идэж чаддаггүй бялуугаар, эсвэл сарын өмнөөс л хорхойсоод авч чадаагүй яваа шинэ загварын цамцаар урамшуулаарай.




• Хоолны тухай бодлоо өөрчил.

Юу гээч? Бид шоколад идэхдээ “Энэ “нөхөр” ч намайг маргааш гэхэд таргалуулчихна даа” гэж бодон бодон амандаа хийдэг. Хорвоогоор дүүрэн байгаа сайхан амттанг дотроо муу гэж ангилан байж идэх нь таньд дараа нь буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэл үлдээхээс өөр юу ч өгөхгүй. Түүний оронд “Шоколад ч сэтгэл санааг тайвшруулдаг гэсэн шүү” гэж бодоод улам амтархан идэж байгаарай.




• Сард нэг өдрийг төлөвлөгөөгүй өнгөрүүл.

“To-do” жагсаалтаа мартаж, нэг өдөр зүгээр л урсгалыг дага. Найзууд чинь таныг уулзахаар дуудвал төлөвлөгөөнийхөө талаар тайлбар тавилгүй “За” гэж бушуухан хэлээд, гарахдаа бэлдэх, тийм зав чөлөөгөөр дүүрэн өдрийг өөртөө бий болгож сураарай.




• Өдөр бүр нэг айдсаа даван туул.

Ярихаас эмээсээр байгаа тэр хүн лүү гээ утсаа аваад юу ч бодолгүй шууд залга. Хурал дээр босож үг хэл. Хэн нэгэнтэй өөрийнхөө санаачлагаар танилц. Өдөр бүр айдсаа даван туулж, өөрийнхөө хувьд эрсдэлтэй гэж боддог зүйлсийнхээ ард гарах нь биднийг амьд байгааг мэдрүүлэх шиг болдог.



эx сурвалж: call.mn

Стив Жобс буддист хүн байжээ

Хэрвээ миний юу бодож байгааг мэдэхийг хүсвэл манай бүтээгдэхүүнүүдийг сайн ажигла. Стив Жобс.

Хүүхэд залуучууд, өргөн олны хэрэглэх дуртай iPod, iPhone, iPad гэх зэрэг олон шилдэг бүтээгдэхүүн бүхий Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс Бурханы шашинтан байсныг насан эцэслэсний нь дараахан мэдсэн Барууны ертөнц тэр даяараа гайхшран шуугилдацгааж байна. Баруунд нэгэнтээ хамгийн хурдацтай дэлгэрч байгаа шашин болчихоод байсан Буддизм энэ сонирхолтой баримтыг хүмүүс мэдсэний сүүлээр бүр ч ихээр эрч хүчээ авах биз ээ. Үнэндээ Буддизм бол одоо ч цэл залуугаараа байгаа, маш орчин үеийн, хүүхэд залуусын ярьдагчлан үнэн тасарчихсан сургаал мөн. Сэтгэлт хоёрын харилцан бие биесээ хайрласан хайрын сэтгэлд өтлөх нас гэж байдаггүй атал хамаг амьтныг асран хайрлаж, энэрэн нигүүлсэх сэтгэл болон ертөнцийн чанад үнэнийг танин мэдсэн билиг ухаанд хуучрах зүйл юусан билээ дээ?

Ирээдүйн Apple-ийг үндэслэгч нэгэн цагт өөрийн амьдралдаа гутаж, оюун санааны эрэл хүсэлдээ хөтлөгдөн Энэтхэг оронд хүрэлцэн очоод Хиндү шашны үргэлж инээж явдаг нэгэн ариун хүнтэй учирсан, ширэлдсэн их үсэндээ мэс хүргүүлж авхуулсан, улмаар 1991 онд Лауренс Поуеллтэй Зэн шашны ёсоор гэр бүл бололцсон зэрэг нь эдүгээ баруунд бүх нийтээрээ сайн мэдэх намтар болоод байна. Жобстой 20 жил нөхөрлөж, хуримын ёслолыг нь удирдан үйлдсэн Кобун Чино Отогава хэмээх шөрмөслөг бор, царайлаг япон хуварга яаж түүнд Apple-г үүсгэн байгуулах санаа бодлыг төрүүлсэн байх вэ гэдэг их олон хүний сонирхлыг татсан асуулт болжээ.

1970-аад онд оюун санааны эрэл хайгуул хийж байсан бага залуу Жобс Зэн бурхны шашинд суралцах болсон нь зөвхөн нэг өнгөцхөн татагдаж сонирхсон хэрэг төдий биш байв. Тэрбээр Зэн буддизмд түүний маш өвөрмөц, товч хураангуй боловч өөрийн гэсэн өнгө төрх бүхий гоо зүйд зохирон суралцаж байжээ. Тиймдээ ч маш тууштай бөгөөд хичээнгүй суралцагч болж Кармелийн орой өөд мушгиран тоосорсон өгсүүр замын төгсгөлд асарлах Америк дахь хамгийн анхны Зэн хийд болох Тассажарад хэдэн долоо хоногоор “хана ширтэн”, чухамдаа Зэн шавь нарын хэлдэгчлэн, өөрийн сэтгэлийг шинжин ажиглах бясалгалыг үйлдэн өнгөрүүлдэг байжээ. Телефон утасны систем болон түүний үндсэн байгууламжийн дизайны мэргэжилтэн хүн яагаад ийм зүйл хийхийг сонирхох болов оо? Сэтгэл оюунаар сэтгэлийг ажиглан шинжилж, эцэстээ сэтгэлийн үйл ажилгааны үндсэн хэв маягийг өөрчлөхийг танин мэдэхүйн сэтгэл зүйд (cognitive psychology) мета танин мэдэхүй (metacognition) хэмээн нэрийднэ. Өнө удаан дадуулан суралцсан хүн гүн бясалгалаар Буддизмын маш их яруу найргийн хэв шинж бүхий соёлын хучилгыг нэвтлэн гүнд нь орж чадваас тэндээс хүмүүний үйл ажиллагааны системийн нэгэн зүйл мета танин мэдэхүйн талд хөл тавих аж (ийм зүйрлэл Жобсийн оюун ухаанд нэгэн цагт төрж байсан байж болох юм). Зэн ёсны бясалгалын суудлаар суух үйл нь Жобсийн хувьд сэтгэл дотроо "эх хавтан"-г хөгжүүлэх практик арга техникүүд болж өгчээ.

Мета танин мэдэхүйн энэ талын тухай Буддизмын сонгодог дүр дүрслэл бол бидний бодол санаа бол уудам хөх тэнгэрт нүүж өнгөрөх үүлс лүгээ адил хэмээх юм. Бүхэл амьдралынхаа туршид бид эдгээр үүлний үргэлжлэлийг ямар нэг тогтвортой бөгөөд он цагийн улиралтыг даахуйц “би” хэмээх мөн чанарыг үүтгэдэг хэмээн итгэн үнэмшиж ирсэн. Гэтэл Буддистууд энэхүү “би” гээч бол хувьсал өөрчлөлт, гарз хохирол, өтлөх, үхэх тэргүүтэн зайлбаргүй мэт л тохиох тэдгээр огтын шаардлагагүй зовлонгийн шалтгаан болсон хий хоосон зүйл гэж үздэг байна. Буддизмд суралцахын нэгэн зорилго нь бодол санаануудын – хөх тэнгэрийн зэрвэсхэн үзэгдлүүдийн – хоорондох зай завсаруудыг буюу тасалдлыг илрүүлэн мэдэхэд оршино. Тэгсэнээрээ бид дээр дурдсан хий хоосон зүйлд эзлэгдэхгүй төдийгүй үүлс хуран үүсэх хийгээд сарнин одох тэр сэрэл мэдэмсэрийн урсгалыг танин барьж сурах юм.

Жобсыг дотоод сэтгэлийн энэ үйлэнд ихээхэн татсан ном зохиолуудын нэг нь Чойжам Трунба Ринбучи хэмээх 1950-аад онд Хятадын булаан эзлэгч армиас дүрвэн хэсэг лам нарыг удирдан Гималай давж асан нэгэн төвд ламын “Оюун санааны материализмыг таслах нь” хэмээх зохиол байв. Тэр бол нийгэмд маш их маргаан мэтгэлцээний сэдэв болсон, маш сонирхолтой хүн байсан юм. Түүний анхны барууны шавь нарын нэг нь хожим поп од болж хувирсан Давид Бови байлаа. Трунба маш алдартай бөгөөд нөлөөтэй багш бөгөөд эзотерик онол сургаалыг өндөр түвшний боловч шинэлэг, энгийн ойлгомжтой англи хэлээр сайн заадаг тухайдаа ихээхэн магтагдахын сацуу архи дарс их уудаг, авгай хүүхэнд их дуртай зэргээрээ хүчтэй шүүмжлэлд өртдөг нэгэн байжээ. Тэрбээр Боулдерт өөрийн үүсгэн байгуулсан бясалгалын Нарова Их сургуулиасаа гадна яруу найрагч Аллен Жинсберг, нууц киног үүсгэгч Стан Брахэж, зохиолч Кен Вилбер, ая зохиогч бөгөөд дуучин Жони Митчелл гэх зэрэг маш олон нийгмийн ерөнхий хэв маяг, соёлоос огт өөр өвөрмөц алдартнуудын оюун санааны зөвлөгч байсан байдаг. Миний бодоход, Жобсийн хувьд Трунбад татагдсан нэгэн гол хүчин зүйл бол түүний зохиол бүтээлүүд байсан биз ээ. Түүний зохиол номууд нь юмсыг байгаагаар нь үзэж ойлгоход түйтгэрлэгч бүхнийг мэс засалч адилаар задлан арилгахуйц маш эрс шулуун үг илэрхийлэлтэй зэргээсээ гадна урлагийнхан, яруу найрагчид, хөгжимчдийг нисванисын дайсны эсрэг дайчид хэмээн үзэх үүднээс машид хүндэтгэн үздэг үзэл зэрэг нь Жобсийг үнэхээр их татсан биз дээ.

Apple-н залуухан үүсгэн байгуулагчид нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Сан-Франциско хотноо Зэн төв байгуулсан Шунрю Сузуки-роши багшийн бичсэн "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" хэмээх зохиол мөн. Энэ бол Зэн бурхны шашны ёсны тухай маш эелдэг сайхан, урин залсан шинжтэй бөгөөд маш ойлгомжтой гарын авлага болсон юм. Сузукийн чухамхүү хэн нэгэн маш ухаалаг хүүхдийн дуу хоолой дуурсах мэт сэтгэлд таатай бөгөөд зугаатай өгүүлэмжүүд нь "амьдрал үхлийн их оньс, өгүүлэшгүйн оргилд цэнгэн бүжигч" хэмээн нэрлэгдэх Зэн багш нарын тухай гүн гүнзгий бөгөөд маш нарийн тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ бол үнэхээр амьдралынхаа аль ч цаг үед уншиж болох ой тойнд багтамгүй их ховор чухал номуудын нэг юм. Энэ сацуу энэ бол нэгэн зүйл хувьсгалт эргэлт бүхий зохиол мөн. Тухайн цаг үеийнхээ Зэн шашны ном зохиолуудын үндсэн түрлэг урсгалыг сөрөн "Зэн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" нь гэгээрэлд "яарах зүйлгүй" алгуур боловч бат тогтвортой дурдалыг дадуулахуй үйлээр хүрэх тухай татгалзахын аргагүй сайхан онолыг айлддаг юм. Энэ нь нэгэн суурин дээр дараагийн бясалгалын хувь дээр л ямар нэгэн дорвитой, амьдралыг урвуулан өөрчлөхүйц "сатори" (Зэн бурханы шашинд гэгээрлийн хутгийг ийн нэрийддэг)-ийн улбаа, гэрэл гэгээг мэдрэх болно хэмээн горилолгүйгээр бясалгана гэсэн үг мөн. Сузуки-роши өөрийгөө гэгээрсэн гэж ер зарлаагүй байдаг нь тухайн цаг үедээ Зэн бурханы шашны алдартай их багшийн хувьд байж боломгүй зүйл байв. Тэр бүү хэл, гэгээрээгүй гэдгээ инээдэм болгон байж өөрийн шогч эхнэрээрээ батлан гэрчлүүлдэг байжээ. Сузуки-роши, "та бүхэн Бурхан болох гэж "зазэн" суудлаар суудаггүй юм. Та өөрийн байгаагаараа л төгс төгөлдөр мөн. Багахан боловсруулалт л хэрэгтэй" хэмээн олонтаа айлддаг байв.

Жобсын анхны Mac багийнхандаа зориулан гаргасан алдарт уриа нь "Аялал бол шагнал" хэмээх байв. Энэ урианы санаагаа тэрбээр "Зэн сэтгэл, Эхлэн суралцагсадын сэтгэл" зохиолоос олж авсан байх магадтай юм. Учир нь Сузуки-рошийн хувьд "мөр бол зорилго" байсан аж. Кобун залуу Жобсыг "Бизнессийн ажил хэргээ эрхлэн явуулахын зэрэгцээгээр оюун санааны үйлээ үйлдэж болно" хэмээн зоригжуулдаг байсан юм. Хэрвээ тэр үед Кобун үүний эсрэгээр зөвөлгөө өгсөн бол одоогийн дижитал ертөнц ямар шүү байх байсныг нэг бодоод үз дээ.

Apple амжилтанд хүрэхэд Буддистуудын дурдал гэж нэрлэдэг тэр сэтгэлийн үйл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 15 дугаар зууны яруу найрагч Иккюү-гээс "Зэн хэмээхийн утга юу вэ?" гэж асуухад тэрбээр "Анхаарал төвлөрөл" гэж хариулсан байдаг. Үүнийг цааш нь тайлбарлахыг хүсэхэд тэрбээр "Анхаарал бол анхаарал мөн" хэмээн хариулсан байна. Зэн шашны ёсонд анхаарал гэдэг нь "Зэн до"-д хүрэлцэн ирж, өөрийн амьсгалыг дурдан агуулж суухаас илүү гүн утгатай зүйл юм. Энэ нь та өөрийн өдөр тутмын амьдралдаа автобус руу гүйх, будаа агшаах, хадмуудтайгаа ярих, даралтны эмээ уух, загас наадуулах гэх зэрэг хийж буй үйл бүхэндээ эгшин бүрт нь мэдэмсэр сэхээрлээ хандуулахын утга мөн.

Өөрөөр хэлбэл, "бусад хүмүүст зориулсан" цоо шинэ компьютер бүтээхтэй адил зүйл юм. Жобсын Тассажара болон бусад Зэн төвүүдэд дадуулж асан ахуй нөхцөл нь түүнд дээд зэргээр боловсорсон уламжлалт бүтээл болон Калифорнийн онгон зэлүүд газар нутаг хоёрыг гайхамшигтай хослуулан холбож тавих үндэс болж өгсөн билээ. Зэн төвийн гоо зүй бол - чухамхүү Apple адил - Өрнө, Дорнын зохирол бүхий хослол мөн.

Яг л Зэн номлолын адилаар Жобс Apple-н бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчдийн хүсэл санал, хэрэгцээ нэг бүрийг-ажиллагааны систем дэх үсгийн фонд, цэсний дизайн, гадна хайрцаганд ямар металл хэрэглэх, савалгаа боодол дээр нь ямар ямар өнгө байх, дагалдах сэтгүүлээс эхлээд, Apple-н агуулахуудын эмх цэгц нь хэрхэн ижил порпорцтой байхыг хүртлэх бүх зүйлийг - маш нарийн, нягт нямбай, гайхалтай сайн анхаарсан байдаг юм. Тэрбээр компьютеруудаа үндсэн дэлгэц дээр нь бүтээлч дүр дүрслэл гарч ирмэгч хэрэглэгч хүн түүнд бүрэн уусч орох мэт болохуйц тийм дизайнаар бүтээдэгээрээ өөрийн хэрэглэгчидийг ч бас дурдал анхаарал сайтай байхыг дэмжин урамшуулж байв. Жобс компьютерийг "сэтгэл оюуны дугуй" гэж боддог байв. 1981 оны нэгэн тахил нь буруу өрөгдсөн сар Жобс "Mac" хэмээх нэрээ "the Bicycle" буюу дугуй гэдэг нэрээр солихыг оролдсон байдаг. Харин түүний ажлын багийнхан энэ саналыг нь огт хүлээж аваагүй байна. Үүний цаад гол санаа нь таны хаашаа явахыг хүссэн тэр газарт хүргэнэ, ерөөс бүхэл глобал сүлжээний хүрээнд нээн олж болохуйц аль ч газарт хүргэдэг хэмээх байжээ. Гэтэл Windows-н машинууд нь үүний эсрэгээр маш их нүсэр сургалт зааварчилгаатай, зуу зуун хуудас шаардагдах тайлбар сэлт бүхий ямагт өөрсдөдөө анхаарал тавихыг шаардсан захирангуй өнгө аястай диалог, протоколууд бүхий байдаг шүү дээ. Тиймээс Mac бол үнэндээ энэ бүхэнд ардчилсан хувьсгал хийсэн юм. Жобсын шаардлагаар Apple нь хэрэглэгчиддээ хэдийнэ танил дасал байсан мэт, хэрхэн хэрэглэхээ зөнгөөрөө мэдэхүйц тийм бүтээгдэхүүнийг бүтээсэн нь цахим тооцооллыг мэдээллийн сүлжээний мэргэжилтнүүдийн олигархи байдлаас чөлөөлөн өргөн олны дижитал тоглоомын талбай болгон хувиргасан хэрэг байв.

Зөнлөг цахим тооцооллыг бүтээх ажлын явцад Жобс Жонатан Иве хэмээх эелдэг даруухан британи дизайнер залуу өөртэй нь ижил хүсэл сонирхолтой болохыг олж мэджээ. Тэр залуу түүнд iMac, iPod, iPad, MacBook Air, iPhone гэх зэрэг олон сайхан бүтээгдэхүүнийг нь бүтээхэд нь тусалсан байдаг. Эдгээр нь их энгийн даруухан бөгөөд татгалзахын аргагүй, чухам л Иве Жобс хоёрыг "нээх" хүртэл ертөнцийн хаа нэгтээ хамтаа хүлээж байсан хэлбэр болон үйл ажилгааны салшгүй нэгдэл мэт бүтээгдэхүүнүүд тул та анх харсан даруйдаа л амаа ангайтал гайхах болно. Энд бага зэрэг Буддизмын нэр томъёо ашиглан өгүүлвээс, Apple-н шилдэг сайн бүтээлүүд нь өмнөх "компьютер" эсвэл "утас", MP3 тоглуулагч зэрэг нь ямар байх ёстойг бүрэн дүүрэн харуулах мэт, гэнэтхэн хоосноос (шунъяата) үүдэн гарсан мэт санагддаг юм. Тэдгээр нь гайхалтай цэвэрхэн, шинэхэн аватарууд байв.

"Зөн сэтгэл, Эхлэн Суралцагсадын сэтгэл" зохиолд Сузуки-рошийн айлдсан хамгийн их ой санаанд тод буудаг сургаалуудын нэг бол "Эхлэн суралцагсадын сэтгэлд олон боломж байдаг байхад өндөр түвшинд хүрэгсэдийн сэтгэлд цөөн боломж байдаг юм" хэмээх болно. Энэ нь Сузуки өөрийн хуучин шавь нарыг өглөө бүр бясалгалын олбог дээр өөрсдийгөө Зэн мастерууд мэтээр сэтгэн сууцгаах вий дээ хэмээн болгоомжилсон хэрэг байв. Тэрбээр шавь нараа бясалгалд чухамхүү анх удаа оролдон үзэж байгаа хүн шиг тийм нээлттэй хүсэл сонирхлоор хандаж байгаасай хэмээн хүсдэг байжээ. Apple-ийн цахим хэрэгслүүдийг та бүхэн эхлэн суралцагсадын сэтгэл оюуныг тэтгэн дэмжиж, сэрээх тухайд зориулагдсан нарийн багаж төхөөрөмжүүд хэмээн хэлж болох юм. Үнэхээр Жобсын төгс сайныг бүтээх гэсэн тэр дурдал анхаарал нь бүр түүний бүтээгдэхүүнүүдийн нүдэнд ил үл үзэгдэх шинж чанаруудад хүртэл биеллээ олсон байдаг. Жони Иве хэмээх нэгэн гол дизайнер нь бичихдээ Apple-н төхөөрөмжүүдийн ихэнх хэрэглэгчид нүдээр үзэж чадахгүй бүрдэл хэсгүүдийг хүртэл төгс сайн хийхийн тухайд Жобсын хамтаар бид их олон сар ажилласан гэжээ. Мөн тэрбээр, "Стив энэ бүхэнд ямар нэг үйл ажиллагааны зарчимаас ч илүүтэй анхаарал тавих ёстой, бараг иргэний үүрэг хариуцлага мэт тийм чухал хариуцлага байна гэдэгт итгэдэг байв" гэж бичсэн байна. Apple өөрийн анхны бүтээгдэхүүнийг танилцуулж байх үед - тод хөх өнгийн гадаргуу бүхий iMac гарч байх үед түүний өнгө дизайны талаар гал тогооны өрөөнөөс гадаа гудамжинд хүртэл хаа сайгүй шивэр авир гэлцэж байв - Жобс iMac-ын ар тал өрсөлдөгчдийн компьютерын нүүрэн талаас ч илүү сайхан харагдаж байна хэмээн бахархан өгүүлж байжээ.

Японы сүм хийдүүдэд шинэ залуу хуврагууд хэнд ч мэдэгдэлгүйгээр сайн үйл хийж байх ёстой тухайд номлодог байна. Таны номын үйлийн ар тал нь урд тал шигээ чухал гэсэн үг юм. Кобунтай хамт өнгөрүүлсэн он жилүүдээс Жобсийн хамгийн сайн сурч авсан хичээл нь үхлийг хүлээн авах нь амьдралын зайлбаргүй нэгэн хэсэг мөн хэмээх юм. Тиймдээ ч өөрийнх нь үхэл гарцаагүй гэдгийг мэдчихээд байх үед нь тэр нь ихээхэн хэрэг тус болсон биз ээ. Жобсийн 2005 онд Стэндфордод тавьсан сэтгэл хөдөлгөм илтгэл нь тухайн нөхцөлд Буддаг дурдаагүйгээрээ илүү сайн болсон сонгодог Бурханы номын айлдвар адил болсон юм:

Би удалгүй үхэх болно гэдгийг ямагт дурдаж байх нь надад амьдралынхаа том том сонголтуудыг хийхэд маш их тус болсон хамгийн чухал хэрэглэгдэхүүн болсон юм. Учир нь үхэлтэй нүүр тулах цагт бараг бүх зүйл-бүх гадаад горь хүсэл, бүх бардамнал, бүх алдаа эндэлийн гутамшигаас айх айдас-эдгээр нь бүгд замхран одоод гагц үнэнхүү чухал зүйл нь л үлддэг юм. Миний мэдэхээр л, ямар нэг зүйлээ алдчихвий хэмээх бодлын дөнгөнөөс салах хамгийн шилдэг сайн арга бол хэзээ мөдгүй үхэх болно гэдгээ дурдах явдал мөн. Бид аль хэдийнээ юу ч үгүй нүцгэн улсууд шүү дээ. Өөрийн зүрх сэтгэлийг дагахгүй байх ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй ээ.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Тэр бүү хэл, диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч тэндээ очихын төлөөнөө үхэхийг хүсдэггүй юм. Гэсэн хэдий ч үхэл бол бид бүгдийн хувь тавилан мөн. Хэн ч, хэзээ ч үүнээс бултан гарч байсангүй ээ. Тийм ч байхаас өөр аргагүй. Учир нь Үхэл гэдэг амьдралын цор ганц шилдэг бүтээл ч байж болох талтай. Энэ бол амьдралын хувьсал өөрчлөлтийн элч төлөөлөгч мөн. Энэ нь шинэ нялхсыг угтаж авахын тулд хуучин өтгөсийг нь явуулдаг юм. Яг одоо та бүхэн шинэ нь боловч одоогоос нэн удалгүй нэг л өдөр аажмаар өтлөж, улмаар нөгчин одох болно. Ийм чанга хатуу үг хэлж байгааг минь өршөөгөөрэй! Гэхдээ энэ бол аргагүй үнэн мөн.

Та бүхний нас хязгаарлагдмал тул хэн нэгэн өөр хүний амьдралаар амьдарч бүү шамшигдуул. Ямар нэгэн догм, ягшмал онолд бүү хүлэгд! Учир нь энэ бол бусад хүмүүсийн сэтгэлгээний үр дүнгээр амьдрахын нэр юм. Өрөөл бусдын үзэл бодлын хурц үзүүр таны дотоод дуу хоолойг сарниах боломжийг бүү олго! Хамгаас чухаг нь өөрийн зүрх сэтгэл болон зөн зовинг дагах зүрх зоригтой бай! Тэд чинь ямар нэг байдлаар таны үнэндээ юу болохыг хүсээд буйг хэдийнээ мэдэж байдаг юм. Бусад бүх зүйлс хоёрдугаар зэргийнх мөн.

Энэ бүхнээс харахад олонх хүний эндүү боддогчлон Бурхны шашин бол зөвхөн өтгөс буурлуудын муйхраар шүтдэг хуучны үеэ өнгөрөөсөн, ягшмал номлолын шинжтэй сургаал биш болох нь тодорхой байна. Энэ бол үнэндээ социализмын үеийн үзэл суртлын машинаар угаагдсан уураг тархи залруулагдан цэвэрлэгдээгүй явж байгаагийн илэрхийлэл юм гэдгийг бид өнөө хэр анзаардаггүй юм. Хэрвээ түүнд суралцаж, амьдран ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чадваас хэн хүний гайхшралыг төрүүлэм шинэ техник, технологи зохион бүтээж болохын нэгэн жишээ нь Стив Жобс юм. Үнэндээ энэ бол хүн төрөлхтөн Буддизмаас сурч, мэдэж, санаа авч болох хязгааргүй их зүйлсийн зөвхөн нэг өнгөн хэсэг мөн. Тиймээс ч барууны еотөнцөд Стив Жобсыг Буддист байсан хэмээхийн зэрэгцээ хамгийн гол нь тэрбээр ийм орчин үеийн технологийг бүтээх шинэ санааг яаж Буддизмаас олж авсан байх вэ гэдгийг олохыг чармайн шуугилдацгааж байна.


Судар Шастир нийгэмлэг


Стив Жобс - 3 түүх

Өнөөдөр та нар хойч үе харин ирээдүйд өнгөрсөн үе болно гэж Стив Жобс нэгэн сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ. Апплэ компанийг 1976 онд үүсгэн байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөницийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад “Өөр мэдээ” түүний оюутнуудад ярьж өгсөн 3 түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм. Та бүхэнд өөрийнхөө амьдралын 3 түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гэх зүйл байхгүй жирийн л 3 түүх.

Эхний түүх зангилааны гол цэгийн тухай

Би Рийд коллежид 6 сар сурсныхаа дараа хаясан. Яагаад би сургуулиа хаяхдаа хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие оюутан бүсгүй байж. Тэр намайг сургууль төгссөн гэр үлд үрчлүүлнэ гээд хуульч мэргэжилтэй айлд үрчлүүлнэ хэмээн бүр хэвлийд байхаас минь тохирсон гэдэг. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч сургууль төгсөөгүй гэдэгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрчлүүлэхгүй гэж зүтгэтэл аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан юм. Үрчилж авсан эцэг эх маань амалсандаа хүрнэ гэж насаараа шахуу их сургуулийн зарлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл 6 сар яаваад л цаашид сургуульд явах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар санагдаад байлаа. Ингээд эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй найзуудынхаа өрөөгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, Коланы шилийг арилжиж хоолоо олж иддэг байлаа.


Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай.

Амьдралд дурлах зүйлээ эрт олсоноороо би их азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа анх аавын маань машины гаражид компаниа байгуулж байлаа. Арван жилийн энэхүү компани маань хоёр тэрбум ам долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан чамайг халахад ямар байх вэ? Бид Апплэ-д жил тутамд авъяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд Удирдах зөвлөл тэднийг дэмжиж намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа, зүтгэж тэмүүлж байсан бүхэн минь сүйрсэн юм шиг л байсан. Гэлээ хэсэг хугацааны дараа би дахин нэг компаниа байгуулж гэж Нэxт нэрлэсэн. Мөн төд удалгүй Пиxар-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж эхнэрээ болгосон. Пиxар анх удаагаа копьютероор хүүхэлдэйн киног бүтээж, одоог хүртэл өөрийн салбартаа хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын сонин тохиолдлоор Нэxт-ийг Апплэ худалдан авсан. Нэxт-ийн бүтээсэн бүхэн Апплэийн сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөн эргэж хөл дээрээ босоход нь том тус болсоны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж байгаа мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай бүү дэмий зогс. Та түүнийг олвол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.


Миний гуравдахь түүх бол үхлийн тухай бодол маань юм.

17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлийн өдөр юм бол би энийг хийх байсан уу? гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга.
Эрсдлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Одоогоор хэн ч түүнээс зугатааж чадахгүй. Тийм ч байх ёстой. үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл, үхэл бол амьдралын амт. өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үед зайг нь гаргаж өгдөг шударга хууль.

Өнөөдөр тар хойч үе, ирээдүйд харин өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж байгааг буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. —Өлсгөлөн амьдар, жолоогүй яв.
Аз жаргал гэж юу вэ?

Үнэнч болоод халамжтай япон эхнэртэй, олон төрлийн бөгөөд амттай хятад хоол зооглодог, уужим саруул хийгээд тохь тухтай англи байшинтай, их бөгөөд байнга өсч байдаг америкчуудынх нь шиг цалин авдаг хүнийг аз жаргалтай хүн гэлцдэг.

Хүйтэн хөндий болоод хувиа хичээсэн америк эхнэртэй, ганц төрлийн хийгээд заваан англи хүнстэй, давчуу хэр нь хуучны япон сууцтай, маш бага хэмжээтэй цагтаа буудаггүй «хятад» цалинтай хүнийг аз жаргалгүй хүн гэж ярьдаг.

Гэхдээ Хятадад хүмүүсийг эд баялаг ч аз жаргалтай болоход тус болоогүйг хэлэх хэрэгтэй болов уу. “Зо Пэнфен гэгч 300 лан зоостой хэр нь аз жаргалгүй нэгэн байжээ. Түүнийг У гэдэг оюутныд амьдардаг, уран бичээч даосын лам Зы анагаах гээд чадаагүй гэдэг” гэж хуучны домогт өгүүлдэг.

Гэсэн хэдий ч “хүүхэд, ургамал, амьтдаас хэрхэн жирийн бөгөөд баяр баясгалантай амьдрах урлагийг суралцвал”, хэрвээ “юунд ч санаа зоволгүй бүжиглэж, наадан тоглодог болбол” хүн заавал аз аргалтай болно гэж даосууд олон зууны турш сургасаар иржээ.

Харин хятадын өөр нэг сургаал болох күнзийн сургаалыг баримтлагчид аз жаргалыг хүлцэнгүй байхад оршдог гэж сургадаг байна. Эндээс нэг ийм түүх санаанд орж байна. Эрт дээр цагт нэгэн хаан албатдаа морь үзүүлээд түүнийгээ цаа буга гэж гэнэ.

Нэгэн албат нь үүнийг үгүйсгээд цаазлуулжээ. Тэгтэл албатуудынх нь нэг нь “Ямар сайхан цаа буга вэ” хэмээн дуу алдсаныг хаан гол зөвлөхөө болгосон нь урт удаан, аз жаргалтай амьдарсан байна.

Өдгөө ч хүлцэнгүй байдлыг Дундад улсад дээдэлдэг. Саяхан хятадын жирийн нэг эмэгтэй 100 насны сүүдэр зооглов. Насных нь ойг тохиолдуулан түүнээс сэтгүүлчид ярилцлага авахад тэрбээр: “Миний амьдрал хүнд байсан. Яггоны эзлэн түрэмгийллийг үзсэн, хоол унд болоод өмсөх зүүхээр үргэлж гачигддаг байлаа. Гэхдээ коммунист намын ачаар миний амьдрал их аз жаргаптай байсан гэж би боддог” гэжээ.

Гэтэл шинжлэх ухаайы коммунизмын онолыг үндэслэгчдийн нэг Фридрих Энгельс аз жаргалыг огт өөр зүйлтэй холбон тайлбарласан байна. Түүнээс нэг удаа: “Таны боддоор аз жаргал гэж юу вэ? Хэзээ даян дэлхийд хувийн өмч үгүй болж, эрх тэгш болох вэ?” гэж асуув. “Миний хувьд аз жаргал гэж 1840 оны ургацын “Гато Марго” гэдэг франц дарс юм” гэж Энгельс хариулжээ.

Энгельсийн үр сад болох орчин үеийн германчуудын үзэж буйгаар, аз жаргалтай болохын тулд өөдрөг үзэлтэй байх нь чухал юм. Тэд ингэж ярилаа. Германы гутлын пүүс Африк руу төлөөлөгчөө илгээжээ. Тэрбээр эргээд Герман руугаа: “Гутал борлуулах арга алга. Африкийн аборигенууд хөл нүцгэн явдаг юм байна. Ажил бүтсэнгүй” гэсэн гутранги цахилгаан илгээв.
Сэтгэлээр унасан төлөөлөгч элгээ тэврээд хүлээх зуур пүүсийн эзэн Африкийн тив рүү өөр нэгэн хүнийг явуулав. Удалгүй тэрбээр: “Африкт гутал борлуулах боломж асар их байна. Энд одоогоор бүгд хөл нүцгэн явж байна” гэж мэдээлжээ. Урам зориг орсон пүүс Африк руу гутал ачиж, их ашиг олжээ.

Өөдрөг бодолтой хоёрдахь төлөөлөгч абан тушаал ахиж, үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрүүлсэн гэдэг.

Далайн арлуудад хүчтэй салхи гарахыг аз жаргалд тооцдог байна. “Наргил модод найгаж, үр жимсээ газарт унагах цагт жимсний төлөө мод руу авирах хэрэггүй” гэж нутгийн уугуул иргэд тайлбарлажээ.

Аз жаргалын тухай нэгэн израиль хүнээс асуухад тэрбээр: “Маргааш нь нөгөөдрөөс сайхан байхыг аз жаргал гэнэ” хэмээн хариулсан байна. Израильд ийм нэг онигоо ярьдаг аж. Хаим: “Өнөөдөр би үнэхээр аз жаргалтай байна. Гурван жилийн өмнө алдсан хантаазаа оллоо”. Найз нь: “Юу гэнээ?”. Хаим: “Халуун усны газар очлоо, хувцсаа тайлж байгаад хантаазаа өмссөн байснаа харлаа”.

Тель-Авивын сурагч багшаасаа: “Яагаад Моисей аз жаргалыг хайж байна гээд 40 жилийн турш еврейчүүдийг дагуулан цөлөөр явсан бэ?” гэж асуухад “Нефть байхгүй газрыг л хайж байсан байхгүй юу” хэмээн хариулжээ.

Оросууд бас аз жаргалын тухай өөрийн гэсэн ойлголттой. Зөвлөлтийн үед ингэж хошигнодог байв: “Адам Ева хоёр ЗСБНХУ-ын иргэн байв. Нэгдүгээрт, тэр хоёр дундаа нэг л алимтай байсан. Хоёрдугаарт, тэд хувцасгүй шахам байсан. Гуравдугаарт, Адам, Ева хоёр диваажинд амьдарч байна гэж бодоод аз жаргалтай байдаг байжээ”.

Өөр бас нэгийг ярихад, Зөвлөлтийн цаа бугачинд Камаз машин бэлэглэжээ. Түүнээс: “Аз жаргалтай байна уу?” гэхэд, “Үнэхээрийн сайхан байна, ганцхан ноход л ядрах юм даа” гэжээ.

“Даваа гараг хүртэл тэсье” гэдэг алдартай кинонд түүхийн багшид сургуулийн захиргаа зохион бичлэг хийлгэ гэж “Аз жаргал гэж юу вэ?” гэсэн сэдэв өгөхөд ямар тэнэг сэдэв вэ? гэжээ. Харин нэгэн сурагч зохион бичлэгтээ: “Аз жаргал гэдэг бол чамайг бусад хүмүүс ойлгох тэр мөчийг хэлнэ” гэсэн ганц өгүүлбэр бичсэнийг уншсаны дараа ангийнхаа хүүхдүүдийн бичсэн бүх зохион бичлэгийг шатаасан байна.

Тэрчлэн Орост ийм нэг яриа байдаг. Бурхан дэлхийг бүтээхээр томоо гэгчийн шавар авчээ. Хэсэг хэсгээр нь эмтэлж авсаар дэлхийг бүтээв. Үлдсэн шавраа дахин хувааж хүн хийлээ. Тэгээд хэр тааруу амьдрахад хүнд юу хэрэгтэй билээ гэж бодож байгаад орон сууц, эд хогшил бүтээжээ.

Ингээд боллоо гэж бодож байтал шавар үлдсэнийг хараад түүгээр юу хийх вэ гэж удаан бодов. Бодож бодож эцэст нь хүнд аз жаргал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгожээ. Тийнхүү аз жаргалыг бүтээж эхлэв. Хэчнээн хичээвч аз жаргал бий болохгүй л байлаа.

Тэр үед Бурхан хүнийг дуудаж ирүүлээд, түүнд “Би чамд шаардлагатай эд материалыг бүтээж өгсөн боловч аз жаргалыг яагаад бүтээж чадсангүй. Энэ үлдсэн шаврыг аваад өөртөө аз жаргалыг бүтээхийг бод” гэж хэлжээ.

Тэр цагаас хойш хүн бүр өөрийн аз жаргалыг бий болгодог болжээ. Хэн нэг нь аз жаргалаа бүтээчихэж байхад зарим нь үнэхээр чадахгүй байна гэж Оросын ГХЯ-ны Дипломатын академийн захирлын үүрэг гүйцэтгэгч Евгений Бажанов “ЭХО планета” сэтгүүлд бичжээ.

Эх сурвалж: “Монцамэ”

Vр дvнтэй амьдарч сурах

Vр дvнтэй амьдарч сурахад эдгээр зарчим хэрэг болно. Та бид vргэлж сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн. Харин сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцvv бишээ. Санаа сэтгэл гэдэг сул тавьчихсан сармагчин шиг нэг сэдвээс нөгөө рvv vсчиж байдаг. Бодитой юманд хvрье гэж байгаа бол сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Бясалгана гэдэг нь өөртөө эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хий гэж 2500 жилийн турш сурталчилсаар ирсэн билээ.


1. Бага унт. Ингэвэл таны амьдрал илvv vр дvнтэй, бvрэн дvvрэн болно. Эрvvл саруул амьдрахын тулд 6 цаг унтахад хангалттай байдаг. 21 хоногийн турш өмнөхөөсөө нэг цагийн өмнө бос, тэгвэл зуршил болно. Гvн нойр чухал болохоос удаан унтахдаа биш.

2. Өглөө бvр бясалгал хий. Энэ vед таныг хvлээж буй vймээнт амьдралд умбан ороход хvрэлцэхvйц эрч хvчээр сэтгэлээ цэнэглэ. Долоо хоногт нэг удаа нар мандахыг хар эсвэл байгальд гар,
3. Аар саар зvйлд анхаарал бvv хандуул. "Цаг зав, эрч хvчээ зєв зарцуулж байна уу?" гэж өөрөөсөө асууж бай. Цаг хугацааг зохицуулна гэдэг амьдралыг жолоодоно гэсэн vг, цагандаа харам бай.
4. Амин чухал асуудалд анхаарлаа төвлөрvvлж сурахын тулд бугуйндаа "vсний резин" зvv. Дэмий бодол санаа төрөх бvр резинээ татаад тавь. Тархи тэр дэмий бодол сэдлийг өвдөлттэй уялдуулан хvлээж авснаар дахин тэр мэт санаа төрөхөө болино.
5. Бvтэн сайн өдөр энэ зарчмыг ягштал баримтлаад vз. Энэ vедээ долоо хоногийнхоо ажлыг төлөвлө, төлөвлөсөн ажлаа ямар vр дvнд хvрэхийг төсөөлөн бод. Шинэ мэдээлэл авах ном унш. Намуухан хөгжим сонсож амгаланг мэдэр. Энэ нь таныг төвлөрvvлэх, зорилготой, идэвхтэй байхад тань хазаар болж өгнө.
6. Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг vргэлж санаж яв. Хамгийн чухал харьцаа бол өөрөө өөртэйгөө харьцах. Таны бодол санаа төвлөрсөн зvйл л таных болдог. Энэ бол амьдралын хууль.
7.Инээмсэглэж бай. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементvvдийг өдөөдөг. Далай лам vргэлж инээмсэглэж явдгийг сана. Инээмсэглэлийг өөртөө дадуул, амьдрал тань илvv амьд болно.
8. Орой юм уншихдаа лаа асааж бай. Ингэвэл гайхалтай амгалан орчин бvрдэнэ. Гэрээ гадаад орчноос бvрэн усгаарлагдсан баян бvрд болгож хувирга. Гоё хєгжим, сайхан ном, сайхан найзуудаар гэрээ дvvргэ.
9. Анхаарлаа төвлөрvvлж сурахын тулд явган явахдаа алхаагаа тоол. Зургаан алхмын дотор амьсгаа авч, дараагийн зургаан алхамд амьсгалаа тvгжиж, дахин зургаан алхамд амьсгаагаа гарга. Хэрвээ зургаан алхам танд уртсаад байвал өөртөө тохируулан цөөл. Хvмvvс тархи толгойдоо элдвийн хог тээж явах нь элбэг. Өөрийнхөө чадварыг бvрэн дайчилж чаддаг хvмvvс чухал асуудал дээрээ төвлөрсөн сэтгэл санааны амгалан байдлыг эрхэмлэдэг.
10. Тайван байж сур. Өдөртөө ядаж 10 минут чимээгvй сууж нам гvмээс цэнгэл амсаж хэвш. Энэ амьдралд хамгийн чухал нь юу болохыг тунгаа. Өөрийнхөө vйл хэргийг эргэцvvл.
11. Оюун санаагаа салхинд хийсэх хуудас цаас шиг зөнд нь бvv орхи. Vргэлж төвлөрvvл. Хэрвээ та ямар нэг зvйл хийж байгаа бол өөр юм битгий бод. Ажилдаа явахдаа гэрээсээ ажил чинь хvртэл хэдэн алхам байдгийг тоол. Энэ хялбар биш, гэхдээ удалгvй таны оюун ухаан таныг удирддаг бус харин та өөрийг нь жолооддог болохыг аяндаа хvлээн зөвшөөрнө. Эцсийн дvндээ таны оюун өчvvхөн ч салхигvй орчинд бадамлах зул адил тогтуухан гэрэлтэж байх ёстой.
12. Оюун ухаан гэдэг булчинтай л ижил. Эрхлээд дасгалжуулах хэрэгтэй харин дараа нь хvч чадлыг сорих учиртай. Эхэндээ хэцvv байж болно, гэхдээ алгуурхан сайжирсаар таны төрөлх шинж чанар болон төлөвшинө. Өлссөн vедээ дараагийн хоол болтол тэс. Хvндхэн ажилд дарагдсан ус таны оюун санаа хэн нэгэнтэй ярих, ном сэтгvvл шvvрэн авч унших гэх мэтийн vйлдэл хийлгэж амрахыг чармайдаг. Энэ vед шууд л амралтыг нь таслан зогсоож бай. Удалгvй та хэдэн цагаар нэгэн зvйлд анхаарлаа төвлөрvvлж сурна.
13. Бага ярь. Ярихдаа 60/ 40 гэдэг дvрэм баримтал, нийт хугацааны 60 хувьд яриад 40 хувьд нь сонс. Ингэвэл нэр хvнд тань өсөөд зогсохгvй, уулзаж байгаа хvмvvсээс олон ухаалаг зvйлийг сонсоно. Таныхаар бол алдаа дутагдал гаргаж байгаа хэн нэгнийг шvvмжилж, хов ярихаа боль. Өөрийгөө голж vглэхээ боль.
14. Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эерэгээр өөрчилж бай. Эерэг нь сөргийгөө vргэлж даван гардаг тул таны оюун ухаан vргэлж сайн сайхныг бодож хэвшинэ. Сөрөг бодол санаа бол муу бvхнийг ахин дахин төрvvлж байдаг систем юм. Энэ системийг зад цохин хvчтэй, эерэг санаа сэдэлтэй сэтгэгч болохтун.
15. Өдрийн туршид алиа хошин зантай байхыг хичээ.

Дотоод сэтгэлийн хүч

Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ.Мөн хүнээс өөр ямар ч амьтанд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус, сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ.

Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмын тухай Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн зурхайн ухааны доктор Н.Батцэцэгтэй хөөрөлдлөө.

-Хүнийг тойрсон гэрлэн бүрхүүл гэж байдаг, тэр нь бас гэмтдэг гэж ярьдаг. Ямар үед гэрлэн бүрхүүл гэмтдэг юм бэ?

- Хүний жилийн ноён нуруу гээд байдаг чинь ерөөсөө тэр гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг. Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие махбодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тддорхойлж болдог шүү дээ.

Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах зэргээс гадна хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тэрнээс хүн хүнийг хараадаг гэх зүйл байдаггүй юм шүү дээ.

-Тэгэхээр “хараалгачихлаа” гэдэг хүмүүс өөрөө өөрсдийгөө тийм байдалд оруулсан байдаг хэрэг үү?

-Тэгж ойлгож болно. Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг хараасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ Бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ.

-Муу энерги хүний гэрлэн биед сайнаасаа илүү журдан цуглардаг гэж сонссон юм байна. Энэ ортой юу?

-Ортой. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог. Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “араандаа зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.

-Кодлох гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютерт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ “save” дараад сануулдагтай адил. Тийм учраас хараал гэдэг зүйлийг өөртөө татаж сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг.

-Тэгвэл тэр кодолсон муу муухай үг, бодол, үйлээ авч хаяхгүй л бол улам нэмж, хуримтлуулаад байх юм байна. Тийм үү?

-Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох, хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, маш сайхан замаар явж, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх ёстой байсан бол түүнийгээ аажмаар бүүдийлгэж байдаг юм. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг.

-Сайтар бясалгасан, боловсорсон хүмүүс сайн муу энергитэй хүнийг хараад ялгаж чаддаг гэдэг. Харин энгийн нүдээр муу энергитэй хүнийг хараад ямар нэг байдлаар таних, ялгах боломж байдаг болов уу?

-Энгийн хүн бусдын гэрлэн бие буюу аураг харах, эерэг сөрөг энергийг ялгах хэцүү л дээ. Харин ажигч нүдээр харахад олон зүйлээрээ ялгарч харагддаг юм. Нүдний гэрэл нь буурсан, нэг л бороотой тэнгэр шиг бүүдгэр байдаг. Энгийн нүдээр ганц нэг зүйлийг нь онцолж харж болох л юм. Тухайлбал, энерги буурсан, сөрөг болсон хүн мөрөө унжуулж, гудайсхийн явж, зовхи, завьж нь унжсан байдгаар нь ялгаж болно.

-Тэгвэл гудамжинд яваа хүмүүсийн гэрлэн бие хэр гэмшсэн байх шиг байна?

-Гэрлэн бие нь гэмтсэн, сөрөг энерги цуглуулсан хүн маш элбэг болсон. Харин үүнийгээ өөрсдөө огт мэддэггүй. Бүх хүн л муу сэтгэлийг тээж, уурын үүр болж явна уу даа гэмээр тийм их гэмтэлтэй болчихсон байдаг.

-Уурын уршиг гэж байдаг уу? Уурлаад уцаарлаадл байвал үйлс нь хэзээ ч бүтдэггүй гэж ярьж байсныг чинь сонссон юм байна.

-Уур гэдэг бол мунхаг гэсэн үг. Хэдий чинээ уурлана, төдий чинээ мунхардалд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг. Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм. Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтсэн байгаа нь яг энэ уур ууцаартай холбоотой.

Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уцаартай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэрүүл уруул хийдэг болчихож. Дор бүрнээ бодоод үзээрэй. Хамгийн сүүлд чиний уурласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ.

-Эцэг, эхдээ уурлах уурын хор уршиг хэр их байдаг бол?

-Эцэг, эх бол ямар ч хүнд бурхан нь байдаг. Тэгэхээр бурхандаа уурлаад байгаатай адил. Бурхан шүтээндээ уурлаж, уцаарлан, дэргэд нь хэрүүл уруул хийж, хараал тавьж байгаа хүний нэг насны байтугай хойд амьдрал ч ширүүн бороотой, хүйтэн өдрүүд үргэлжилдэг.

-Тэгвэл уурлах гээд байгаа тэр сэтгэлээ хоромхон зуур дарж, номхотгох арга байх уу?

-Байлгүй яах вэ. Тэгж сэтгэлээ номхотгох, уураа дарахчадал хүн бүрт бий. Нэн тэргүүнд дуугүй болчих хэрэгтэй. Харин дуугүй байх их ч бай, бага ч бай тэр хугацаандаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх ёстой юм. Өөрөөсөө асуу. Би яагаад уурлаад байна вэ гэж. Хүн бүр уурласан үедээ “энэ яагаад миний уурыг хүргэж байна вэ” гэж гаднаас бурууг эрж хайгаад байдаг. Ингэж гаднаас хайвал ямар ч хариулт олж, үр дүнд хүрэхгүй.

Харин өөрөө өөртөө хандсанаар аяндаа “энэ үнэхээр тийм чухал асуудал уу” гэдгийг асуухад хүрдэг юм. Ингэж сэтгэлээ тэр уурын мунхагаас чөлөөлж сурвал л бид энэ олон сөрөг энергийн урсгалаас өөрийн гэрлэн бүрхүүлээ хамгаалж чадах юм.

-Хүмүүс “ямар үйлийн үрээр чамтай учирваа” гэж их ярьдаг. Үйлийн үр гэж чухам яг юу юм бэ? Үнэхээр тэр нь хүний хувь заяанд нөлөөлж чаддаг юм уу?

-Үйлийн үр нь сайн муу гэсэн хоёр талтай. Нар хэтэрхий хурц байвал шатааж, хэтэрхий бүдэг байвал хөлдөөх байх. Ертөнцийн юм бүхэн ийм хоёр талтай байдаг шиг үйлийн үр ч адил. Сайн сайхныг хэлж, ерөөж, буянт үйл үйлдэхийн хэрээр сайн үйлийн үрийг өөртөө дуудан ирүүлж байдаг юм. Эсрэгээрээ уурлаж, хараан зүхэж, хов хэлж, худал ярин, хэн нэгнийг зовоох тусам муу үйлийн үрийг даллан дуудаж, түүнийхээ уршгаар гай зовлонд нэрвэгдэн байдаг. Үйлийн үр хүний хувь заяа, амьдралын замд нөлөөлдөг нь маргашгүй үнэн.

-Хүн тэгэхээр амьдралынхаа завийг өөрөө залуурддаг гэсэн үг үү?
-Хүн хийсэн үйл бүрийнхээ үйлийн үрийг хэзээ нэгэн цагт заавал үзэж байдаг хуультай. Урт насалж, удаан жарган, өнөр өтгөн гэр бүлдээ налайн суух хувьтай байсан хүн өөрийн хийсэн их, бага муу үйлийнхээ үрийг хүртэж, өвчин эргүүлж, хорт хавдар хүртэл тусчихсан байдаг.

-Хорт хавдар чинь анагаахаар батлагдсан өвчин биз дээ?

-Сүүлийн үед хортой, хоргүй хавдар тусч, зовж шаналах хүн үлэмж нэмэгдсэн. Үнэндээ хавдар бол үйлийн үрийн уршиг байж, үйлийн үрээр тэжээгдэн ургаж томордог юм. Хавдрын цөмд нь өчүүхэн жижиг хорхой байгаа. Харин тэр хорхой зөвхөн муу энергиэр л хүчээ авч, тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм шүү дээ.

-Тэгвэл өөрийн хийсэн муу үйлийг цайруулж, хойшид гарах үйлийн үрээс нь сэргийлэх боломж бий юу?

-Амархан биш ч байлгүй яах вэ. Харин энэ боломж зөвхөн тэр хүнд өөрт нь байна. Аз жаргалыг хүн өөрийн дотроос олдог учир ямар ч хүч шаардагдсан бай муу бодол санаа, өш хонзон бүрээсээ чөлөөлөгдөж, өөрийгөө гэгээрүүлэх ёстой юм. Харин үүнийхээ дараа гэм хоргүй цагаан сэтгэлээр аливаад хандаад эхлэх юм бол өмнө нь үйлдсэн үйлийн үрээ нимгэлж болно.

-Хэрэв ингэж чадвал хорт хавдар тусах гэж байснаа больчихно гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Та хэзээ нэгэн цагт хорт хавдар тусаад илааршсан хүний талаар сонсож байсан байх. Шинжлэх ухааны ач тус нөлөөлсөн байж болох ч хамгийн ихээр тэр хүн өөрөө өөрийгөө үхлийн аюулаас аварсан явдал юм шүү дээ. Яг л дээр хэлсэн шиг муу бүхнээс өөрийгөө чөлөөлж чадсаны гавьяанд үхэл амьдралын заагаас эргэн ирж байгаа юм.

Харин өч төчнөөн сая төгрөг зарлагадаж, олон орноор эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олж, өчүүхэн өвчин нь сэдрэн мөнх бусыг үзэж буй хүн сэтгэлээ чөлөөлж, гэгээрүүлж чадаагүйнхээ үйлийн үрийг эдэлж байгаа хэрэг. Сайн энергиэр муу энергийг сүлж чадсан хүний ямар ч өвчин эдгэрнэ.

-Бас сайхан зүйлийг бодож, “би эдгэрнэ” гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн хүн эдгэрдэг гэж ярьдаг. Энэ нь бодлын хүч нөлөөлж байгаагийн илрэл үү?

-Хүний тархи гэгч агуу зүйлийг удирдаж явдаг нь сүнс юм. Тэр сүнсэнд юу гэж зааж, хэлж өгнө яг тэр нь биеллээ олдог. Ажил төлөвлөхдөө “бүтэх болов уу” эсвэл “бүтэхгүй дээ” “бүтэхгүй бол яанаа” гэсэн бодлыг л тархиндаа эргэлдүүлээд байвал сүнс түүнийг нь хүлээн авч, яг эсрэгээр нь “манай эзэн энэ ажлыг бүтээхийг хүсэхгүй байна” гэж ойлгоод бүтэлгүйтүүлж орхино доо.

“Виз гарах болов уу, яах бол” гээд явж байгаа хүнд засал хийгээд явуулчихаар тэр виз нь гарчихдаг нь яаж байгаа юм бэ? Тэгвэл энэ чинь зүгээр л тэр хүний сүнсэт оюунаас эргэлзээ, айдсыг нь гаргачихсан учраас бүтчихэж байгаа хэрэг шүү дээ.

-Тэгвэл үгийн хүч гэж байдаг уу? Үүнийг тайлбарлаж болох уу?

-Байнаа. Хүний амнаас гарч буй үг гэдэгчинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм.

Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм.

Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа хугалчихсан, гэмтээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юм уу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндэа хорлогддог гэж үздэг. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахайраа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг. Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги байдаг юм.

Согтуу, доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг. Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.

-Төрийн ордны энергийг иргэдийн буруу үйлдэл эвдээд байна гэж ойлгох нь ээ? Тэгвэл тэр муу энергиэс нь салгаж болох юм уу?

- Бололгүй яах вэ. Юун түрүүнд төрийн ордноо нар зөв тойрч эхэл л дээ. Дараа нь “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг шиг төрөө хүндлэх сэтгэлийг дахин сэргээмээр санагддаг. Монголчуудаас дэлхий нийт суралцаж байсан болохоос монголчууд гадны улс орноос суралцаж байсан түүх үгүй. Бидний өвөг дээдэс, зан заншил, ёс суртахуунаараа дэлхийд гайхагдаж байсан улс орон. Миний бодлоор бид өвөг дээдсийнхээ энэ их сургаалийг юуны түрүүнд төр удирдах бодлогодоо нийцүүлэн тусгаж чадах юм бол хөгжин дээшилж чадна.

Н.Гантуяа
Эх сурвалж: “Соёмбо”

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ