ЧИ ТЭВЧИХГҮЙГЭЭ ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ

* * *
Нэгэн удаа Бурхан багш дээр хамаг тэвчээр нь барагдсан хүн ирээд “Бурхан багш аа, би бүхнийг тэвчиж чадахаа байлаа” гэсэнд Бурхан багш “Чи тэвчихгүйгээ тэвчиж чадахгүй байна уу” хэмээн асуусан гэдэг....
* * *
Дээхэн үед багшдаа сүжиг ихтэй хөдөөний нэгэн малчин байж л дээ. Багш нь нэг удаа “Чиний гэдсэн дотор ямаа байна” гэж гэнэ. Шавь нь маш гайхаж “Багшаа хаанаас байх билээ” гэсэнд багш нь улам бүр итгэлтэйгээр “Үгүй ээ, яахын аргагүй нэг ямаа байна” гэжээ. Шавь багшдаа итгэхгүй байсанд багш нь сүүлдээ уурлаж “Чиний гэдсэн дотор хөх ямаа байна. Одоо ингээд яв” гэж нилээн ширүүн хэлсэнд шавь нь гайхсаар явжээ. Олон хоногийн дараа өнөөх шавь маш их сандран багшийнхаа гэрт нь орж ирээд “Багшаа миний гэдсэн дотор үнэхээр ямаа байна. Байх байхдаа бүр майлж байна” гэсэнд багш нь “Ямаа яах вэ, одоо чиний сэтгэл дотор бурхан байна” гэж хэлээд явуулсан гэдэг.
* * *
Хийдэд нэгэн лам шинээр шавилан орох болж л дээ. Түүний багш нь “Чи энд буй бүх лам нартай сайн танилцаад ир” гэж явуулсанд шавь бүх лам нартай танилцаад эргэн ирсэнд багш нь “Чи нэг л хүнтэй танилцаагүй байна. Чи худагт очоод түүнтэй танилцаад ир” гэж явуулсан гэдэг.
* * *
Олон хэцүү асуудал тулгарсан нэгэн залуу сайн гэсэн хүн болгон дээр очиж өөрийн асуудлаа шийдүүлэхийг хүсдэг боловч асуудлуудаасаа бүрэн гарч чадаагүй байж. Нэг удаа нэгэн настай ламд зовлонгоо ярьсанд тэр хүн “Чи Жанрайсиг бурханы сүмд очоод мөргө. Чи тэндээс л асуудлыг шийдэх арга замыг олж магадгүй” гэж ээ. Түүний зөвлөсний дагуу өнөөх залуу сүмд ортол түүний нүдэнд Жанрайсиг бурхан өөрийн дүрийнхээ өмнө өөрөө мөргөж буйгаар харагдсанд залуу тэр даруйд “Өөрийн зовлонгоос би өөрөө л гарах юм байна” гэж ухаарсан гэдэг.
buddha.mn