АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ЦАГИЙН ЖАМЫГ ТОДРУУЛАГЧ



Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатанГ.Аким. ЦАГИЙН ЖАМЫГ ТОДРУУЛАГЧ /Хатагин Го. Аким/Утгазохиолын доктор/

Лев Гумилевын мэндэлсний 100 жилйн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Нийгмийн ухааны дээд сургууль дээр 2012 оны 12 дугаар сарын 25 нд болов. Энэ хурал дээр тавьсан илтгэл.

181_lgumilevimages

Поэты Николай Степанович Гумилев (слева) и
Анна Андреевна Ахматова (справа) с сыном Львом (в центре).
Аав Гумилев нь:
Оросын сурвалжит тайж
Гумилев хэмээх овогтон
Орох буцах хорвоогийн мандсан жаргасан наран
Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс хөх монголын нүүдэлчин

1

Эрхэм хүндэт ноёд, хатагтай нарын үдээс хойшхийн амгаланг айлтгая.

1970-аад он. Москва хотноо олон улсын түүхчдийн их хурал хуралдаж, шувтрагаар нь нижгэр цайллага болжээ. Хуралд оролцсон манай нэрт доктор Сэр-Оджав, Нацагдорж нар алдарт монголч Гумилевтай тэнд уулзан, их эрдэмтэнтэй нүүр тулан учирсандаа олзуурхан баярлаж үг хэлэлцэн байх цаг дур академич Рыбаков гэгч тэдэн рүү хүрч ирсэнд Гумилев гэнэт

-За их Чингисийн төлөө хундагатайгаа тогтоочих уу? гэвэл Рыбаков академичийн царай барсхийж

-Би Чингисийн төлөө уухгүй хэмээн эгдүүцвээс Гумилев дор нь эргүүлж

-Тэгвэл ах дүү Монголын ард түмний төлөө тогтоочихье гэхэд цаадах нь дуртай ч дургүй ч уучихжээ. Чингэхэд нь Гумилев

-Өөрөө юмыг ургуулан сэтгэж урьд ч чаддаггүй байсан, одоо ч чаддаггүй хэвээрээ юм байна. Чингис, Монгол хоёр чинь нэг юм. Өөрөө Чингисийн төлөө уучихлаа шүү дээ гэж давсанд Рыбаков хилэнгийн оч нүднээсээ шидэн хар цагаан дуугүй эргээд явчихсан гэдэг. Энэ бяцхан түүхийг Сэр-Оджав гуай над их л бахархангуй ярьж билээ. Нацагдорж гуай ч “Чингисийн цадиг” номдоо цухас дурдсан нь бий.

70-аад оны тэр үед Чингисийн төлөө хундага өргөнө гэдэг манай хоёрын хувьд санаанд багтамгүйгээр барахгүй сүнс нь зайлмаар байсан ч байж магадгүй. Гэвч Лев Николаевич Гумилевын хувьд гэвэл…1921 онд яруу найрагч эцгийг нь хувьсгалын эсэргүү хуйвалдаанд оролцсон гэж хилсээр буудан хороосон. 40 оны эцсээс яруу найрагч эхийг нь “Звезда”, “Ленинград”, сэтгүүлийн “хэрэг”-ээр өчнөөн жил хэлмэгдүүлсэн. Гумилев өөрөө зөвлөлтийн ГУЛАГ хэмээх тамын ёроолд хоёр ч удаа “бараалхаж”, 14 жил аймшиг гамшиг хоёрыг биеэр амссан. Учир иймийн тул хэл аманд өртөхөөс болгоомжилмоор. Гэвч насаараа үнэнийг эрэлхийлсэн, тэр эрсэн үнэнээ олсон эрдэмтэн уг үнэнийг хэлэхээс даан ч хотойхгүй байжээ.  Тийм ээ Ленинградын их сургуулийн түүхийн ангийн оюутан байсан Гумилевыг

Цустай савхин гутлын улан доор
Тусгай албаны хар тэрэгний дугуйн доор
Зэм буруугүй орос орон амь тэмцэн тийчилж

Зэвхий үхлийн одод дээрээс ширтэж байсан (Анна Ахматова) 1938 онд барьж, Дотоод явдлын Ардын комиссар нарын Онцгой зөвлөлгөөний ялын тогтоолоор 5 жил хорихоор заасан юм. Биеийг хорьж болно бодлыг хорьж үл болъюү Махан бодлыг хашиж болно Мэргэн ухааныг хашиж үл болъюү. Түүх чингэхдээ түрэг монгол ард түмний түүхийг мэргэжил болгон сонгож аваад хориод онд буриад монголын нэрт соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээнээр ном заалгаж байсан, шоронд багштайгаа зэргэлдээ өрөөнд хоригдож байгаад дахин үл учрах гашуун хувь амссан. Гумилевын бодлын шижим шоронгийн хавчиг өрөөний дөрвөн хананд огтхон ч баригдалгүйгээр дөрвөн их далайн гүн дэх элчилгүй уудам дайдад

Одтой тэнгэр
Орчиж бүлгээ
Олон улс булха бүлгээ
Орондоо үл орон

Олзлолдон бүлгээ мянган оны хэрэг явдлын мухар бүрийг нэгжин, эдгээр ард түмний мандаж сэргэсэн хийгээд заримынх нь мөхөж үгүй болсон учир жанцанг эрэн эрэн тэмүүлвэй. “Өөрийг минь яах бол гэж бодохоосоо эрдмийнхээ ажлыг бодож байсаан” гэж хожим нь Гумилев шоронд байснаа дурссан билээ. Угсаатан гэдэг хаанаас бий болдог, яагаад алга болдог байна вэ?

“Финик македон этрус гэж байсан одоо алга. Франц, Англи, Испани гэж байгаагүй. IX зуунд л үүссэн учир нь юундаа байна.XIII зуунд сая хүрэхгүй монгол хоёр сая таван зуун мянган тангад, наян сая хятад, хорин сая хорезм, хорь орчим сая зүүн европынхныг яаж дийлэв?” гэсэн асуултын хариуг бийр бэх нийлүүлсэн бичмэл түүхээс олж ядахдаа бясалган хийсвэрлэх билиг оюуныхаа чадлаар байгалийн ухаанаас асууж гарвай.
“Эрвэл олдог” гэсэн монгол цэцэн үг бий билээ. Янз янзын үг саатан хүчирхэг хүчирхэг гүрний үүсгэж чаддаг жигтэй өөрчлөлт хүний идэвхжилд гардагийн шалтгаан юу  вэ? “Хань минь булшинд, хүү минь шоронд” гэж Ахматовагийн халаглан гашуудан бичиж байх үес Гумилев түүхнээ ул мөрөө үлдээдэг аливаа үйлийн үндэс нь адбиш зорилгод хүрэх гэсэн хүний оргилсон тэмүүлэл байна гэсэн гаргалгааг эргэцүүлсээр эргэцүүлсээр хийжээ. Чингээд хүний адбиш зорилгод хүрэх энэ эрмэлзлийг “пассионарность”(оргилсон хүсэл гэсэн латин үг) буюу оргилол хэмээн өөрөө нэрийдсэн авай.

1944 онд ялынхаа хугацаа дуусгасан Гумилев сайн дураараа фронтод явж исгэрэх сум, дэлбэрэх бөмбөгийн дундуур Берлин хүрч, буцаж ирэнгүүт их сургуулийн бүх шалгалтыг урьдчилан өгч их сургуулиа дүүргээд 1948 онд “Түрэгийн анхны хаант улсын улс төрийн тодорхой түүх” сэдвээр дэд эрдэмтний зэрэг алга урвуулахын адил хамгаалж харамсалтай нь дэд эрдэмтний дипломоо авч амжаагүй байтлаа “Звезда”, “Ленинград” сэтгүүлийн тухай Ждановын тогтоолын дараагаар гарсан хомроголон баривчлах их давалгаанд “улс төрийн талаар найдваргүй этгээдийн хувиар” дахин өртөв. Энэ удаа Сталины ГУЛАГ-аар бүтэн найман жил дамжин хоригдов.

Чийгт гянданы дөрвөн хананы дотор суугаа Гумилевын үл дуусах бодлын түүдэг дахиад хөрстэй этүгэн хөрвөж, гүр улс булха болж, хөнжилдөө үл хэвтэж, хөнөөлдөн тэмцэж байсан гурван мянган оны буман эхтэй хэрэг явдлын түүх хийгээд амь судлал, газар зүйн түмэн сурвалжтай үзэгдлийн ээдрэн мушгирсэн жимээр хөврөн “оргилол” гэдэг маань юу билээ гэж хайн хайсаар нэгэн өдөр нүдэн чинээ сараалжит цонхоор чулуун шалнаа ёлтойн тусах нарны гэрлийг харахдаа “оргилол” гэдэг чинь эрчим хүч байна шүү дээ” гэж тархинд нь гялсхийсэн авай. Санамсаргүйн диалектик! Санамсаргүйгээс хичнээн том нээлт гарсныг тоочиж барна гэж үү? Тоймтойгоос нь дурдахад их физикч Ньютон цэцэрлэг дотуур явж байгаад толгой дээрээсээ алим унахад газрын татах хүчний хуулийг нээсэн гэдэг. Мендлеев химийн махбодуудыг үелүүлэн байрлуулж байна гэж зүүдлээд түүндээ дулдуйдан химийн үелэх тогтолцоог нээсэн гэдэг. Марксист философт санамсаргүйг шинжлэх ухааны дайсан гэдэг боловч санамсаргүй нь харин ч шинжлэх ухааны нөхөр болдог гэдэг нь дээрх болон бусад олон нээлтээс тодорхой билээ. Гэвч энэ тухай үл хадууран өгүүлэхэд Гумилев яг тэр үед чухамхүү ямар эрчим хүч вэ? гэдгийг хараахан мэдэхгүй байлаа.

Гумилевын хоригдож байхдаа “Хүннү”-гээ өөрийн аргалж олсон хийгээд нөхдийнхөө өгсөн цаасны өөдөс дээр бичиж эхлэв. Их талын алдартай энэ ард түмний тухай тэр гар бичмэлээ Гумилев суллагдталаа хадгалж чадаад 1956 онд Ленинградад авчирч 1960 онд тусгай ном болгон хэвлүүлсэн юм. Гумилев түрэгийн түүхийн хэрэглэгдэхүүнээ маш түргэн нэгтгэн дүгнээд 1961 онд “YI-VIII зууны эртний түрэг” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгааллаа. 1965 онд Гумилев В.И.Вернадскийн “Дэлхийн шим мандлын химийн бүтэц”  номыг дөнгөж гаргаад байхад нь уншиж угсаатны ааг хүчийг оргилуулдаг тэр эрчим хүч юу вэ? гэдэг асуултынхаа хариуг олсон авай. Тэр бол шим мандлын амьд бодосын биохимийн эрчим хүч байлаа. Чингээд Гумилев угсаатан бүрэлдэх оргилолын онолоо боловсруулж эхэлсэн билээ. Энэ нээлтийнхээ тухай манай их эрдэмтэн Ринченд бичиж сэтгэгдлээ хуваалцсан байдгийг дурьдахад юу нь илүүдэх билээ. Харин ч бахархалтай болой. Шуурга шуурах, мөсөн нураг болох, газар хөдлөх нь дэлхийн газар зүйн бүрхүүлийн хэсэг болж байдаг. Энэ бүрхүүлийн бүрэлдэхүүнд чулуун мандал, усан мандал, агаар мандлын зэрэгцээгээр шим мандал ордог бөгөөд түүхэн хугацаанд үүсч алга болж байдаг угсаатнаас бүтсэн хүн мандал уг шим мандлын хэсэг нь болж байдаг. Дэлхий нарны эрчим хүчийг хамгийн их хэрэглэдэг. Энэ эрчим хүчийг ургамал хуримтлуулан авч ургамлыг амьтан идэж, нарны эрчим хүч дэлхий дээр буй бүх амьтны мах цусанд шингэдэг. Үүний зэрэгцээгээр дэлхийн дотоодод болж байгаа задралын эрчим хүч гэж байна. Бас сансарын уудмаас ирж байгаа эрчим хүч гэж бий. Орчлон хорвоогийн энэ эрчим хүч нь шим мандлын хөгжлийг тодорхойлж байдаг бусад хүчин зүйлийн адил бидэнд нөлөөлж байдаг. Энэ гурав цогцдоо шим мандлын амьд бодосын биогеохимийн эрчим хүч болж угсаатан бүрэлдэх үйл явцад нөлөөлдөг. Түүхийн урт хугацаанд шим мандлын бодос биохимийн эрчим хүч, нарны идэвхижлийн өндөр намаас шалтгаалан жигд бус үйлчилж байдгаас онд ондоо үед өөр өөр газар нутагт угсаатны зан байдал ч хувирч байдаг. Угсаатан үүсч байгаа тодорхой шатанд оргилын  түлхцийн үрээр тодорхой хүмүүс тэр эрчим хүчийг ердийнхөөс илт элбэгээр шингээн авсанаар ааг хүч оргилон ирдэг байна. Тийм хүмүүсийг оргилуун хүмүүс гэдэг. Ийм хүмүүс хуучин байдлыг өөрчлөх гэж тэмүүлдэг тэгж өөрчлөх чадвартай байдаг. Тэд илүүдсэн эрчим хүчээ нийгмийн зэрэг дэвийн бүх түвшинд овог нэгтнээ зохион байгуулах, удирдахад зориулж зан байдлын шинэ загварыг боловсруулан үүнээ бусаддаа тулган хүлээлгэсээр угсаатны шинэ тогтолцоог бий болгодог байна.

Гэвч угсаатны оргилолын түвшин нэг янзаар байгаад байдаггүй. Угсаатан үүсээд хөгжлийн хэд хэдэн шатыг туулдаг. Нэгдэх шат нь оргилолын түлхэцээр үүссэн угсаатны өрнөлийн үе болно. Энэ үед угсаатны өөр өөр бүлгээс оргилох эрчим хүчээр нягт барилдсан цогц нэгдэл үүсч нутаг дэвсгэр ойр ард түмнээ өөртөө нэгтгэн тэлнэ. Чингэж угсаатан үүсдэг. Хоёрдах шат нь оргилолын туйлдаа хүрэх шат. Энэ шатанд хүмүүсийн цогц нэгдэл үүсгэх эрмэлзэл нь нэгэнт үгүй болоод байдгаараа л байхыг хүсэх болдог. Энэ учраас дотооддоо өрсөлдөн тэмцэх явдал их гардаг. Үүнээс болж угсаатны хөгжил хэсэг саатдаг. Үүний дараагаар угсаатны оргилох ааг аажмаар багасна. Энэ үед иргэний дайн ч үүсч мэднэ.  Үүнийг хугарлын үе гэж нэрлэж болно. Харин соёлын өрнөл нь оргиллын өрнөлтэй давхацдаггүй харин бууралттай тохирдог. Энэ шат цус урсгаснаар дуусаж  тогтолцоо өөрөөсөө илүүдэл эрчим хүчээ гаргаж шидээд нийгэмд тэнцвэр тогтдог. Угсаатан олж авсан үнэт зүйлсийнхээ ачаар зөнгөөрөө аж төрж эхэлнэ. Оргилол аажмаар барагдаж, тогтолцоонд эрчим хүч багасаад нийгэмд оргилсон хүсэлгүй хүмүүс, субпасионарий зонхилох байрыг эзэлж аваад тогтож ядан байдаг оргилууд хүмүүсийг төдийгүй ажилсаг төгөлдөр хүмүүсийг ч утсгахыг зорьдог. Чингээд баларшин харанхуйших үе эхэлж хаа л бол хэрэглээний сэтгэлгээг гол болгосон үлбэгэр аминч хүмүүс ноёрхно. Оргилсон хүсэлгүй хүмүүс үнэ цэнэтэй бүхнийг идэж уугаад барсны дараа угсаатны хөгжлийн сүүлийн шат эхэлж угсаатан түүхэн уламжлалынхаа тухай дурсамжийг л хадгалж үлдэнэ. Энэ үед хүмүүс аугаа их санаа сэдэхээсээ бэртэгчин байдлаар амар жимэр суухыг л эрхэмлэнэ. Оргилолын ээлжит түлхцээр л хөгжлийн шинэ орчил эхэлж болох боловч энэ нь өвгөрсөн угсаатныг шинэчилж чадахгүй гагцхүү угсаатан үүсэх ээлжит үйл явцыг үүсгэнэ.

Чухамхүү энэ орчлын ачаар л хүмүүн төрөлхтөн газар дэлхий дээр оршсоор буй ажээ. Энэ аваас Гумилевын түүх, амь судлал, газар зүй гэсэн гурван ухааны солбицол дээр хийсэн гарамгай нээлт даруй мөн. Өдгөө үүнийг түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан Орост нь ч өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч эхлэв шүү. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Гумелвын төвд хэдхэн хоногийн өмнө зочлож хэлсэн үгэндээ: “Оросын ирээдүй үндэстний хүсэл зоригоос, Лев Гумилевын хэлсэнчлэн, ард түмний оргилолоос” шалтгаалах болно” гэжээ. Энэ үг олон улсад дуулиан тарив. Гумилев үг онолоо Евроазийн элчилгүй уудам дахь олон угсаатны үүсч, мөхсөн түүхэнд тулгуурлан нээснийг нь молхи би үл үгүйсгэвч, чухамхүү монголчуудын түүх түүнд гол сурвалж нь болж өгсөн гэдгийг дурдан хэлэх нь зүйтэй гэж бодож байна аа. Энэ тухайтад өгүүлсү.

XII зуунд монгол түмний удамшлыг хөндсөн өөрчлөлт гарч байгаль цаг уур ч таатай сайхан хувирснаар тэд шим мандлаас элбэг эрч хүчийг шингээн авах чадалтай болж зан байдал нь өөрчлөгдөж эхэлжээ. Тэгэж ааг хүч оргилсон хүмүүс нь Чингис, түүний хөлөг баатрууд байлаа.

Ганц овгоо л шүтэн бэртэгчин байдлаар амьдарч байсан талын язгууртны дотор багтаж шингэхээ болиод овгоосоо ойж гарсан тэр гань галзуу баатруудыг Гумилев “урт дурын хүмүүс” гэж нэрлэсэн юм. “Урт дурын хүмүүс”-т Чингис ч багтаж байв. “Урт дурын хүмүүс” нийгмийнхээ байдлыг өвлөж авсангүй, харин өөрчлөх оргилсон хүсэлтэй байлаа.

(“Цэцэлсэн шастир”)  Өөр өөр овогт багтаж байсан “урт дурын хүмүүс” нь өөрийн язгууртнуудын овгийнхоо тогоонд чанагдан, хувиа борлуулж довоо шарлуулж байдаг бэртэгчин ёсыг эвдэхийг зорьж, өвөр хоорондоо нэгдээд урьдын байдлаа хэвээр хадгалах гэсэн тэднийг нуга дарж ,түмэн олноо соронзон гүр мэт өөртөө татаж нэгтгэснээрээ мөхөж эхэлж байсан Монголыг аварснаар барахгүй дэлхийн талыг эзлэхийн эхийг тавьжээ. “Урт дурын хүмүүс” буюу оргилуун хүмүүсийг Гумилев “хүчил төрөгч” гэж нэрлэсэн нь тийм учиртай.

Монголчууд харгис хэрцгийдээ буюу бусад ард түмнийг боолчлох гэсэндээ дэлхийн талыг эзэлсэн үү? Гумилев “үгүй” гэж нуталжээ. Дайсан өөрөөс нь аль болох хол байх ёстой гэж монголчууд үзэж байлаа. Иймээс дайсныг хилээсээ аль болох холдуулах ёстой. Монголчууд өөрийн ясны дайсан мэргэдийг хөөсөөр Алтай давуултал Иргиз нутагт мэргэдийг зочин мэт тосч авсан половчууд монголчуудыг тосон байлдаад дийлдэхдээ өөрийн холбоотон Оросруу ухарч, Орос Половчуудыг өмөөрсөн юм. Гэвч “Монголчууд Оросуудыг  хөндсөнгүй, тэдэнтэй зууралдахыг хүссэнгүй” (“Хар домог”). Зүрчид хятад хоёр монголчуудын цусан өшөөт дайсан.  XI, XII зуунд зүрчид монголын зоригт удирдагчдыг хятадад аваачин гадсанд шорлож, араатнаар бариулж залуусыг нь хятадын боолын зах дээр худалдаж, эмс охидыг нь язгууртны шивэгчин татвар эм болгож байсан болохоор Чингис Зүрчид, Хятад хоёртой байлдаж, тэднийг аюулгүй болгох нь зүйн хэрэг байсан. Иймээс Чингисийн аян дайн бол Монголоо, монголчуудаа аврах ариун дайн байжээ. Цөөн монгол өөрөөсөө хавьгүй хүчтэй, хавьгүй олон дайсныг ялан дийлээд байсны учрыг ааг хүч оргилох үйл явцаар Гумилев чингэж тайлсан билээ. Дараа нь чухамхүү жижиг хаадын өвөр хоорондын олон жилийн дайн тулаан тэдний бие биеэ хөнөөж дайсагнаснаас оргиллын туйлыг үзэж болно. Эдний хядалдаан баахан намжсаны дараа Монголд соёлын сэргэн мандлын үе эхэлж өдгөө дэлхийг шагшуулж байгаа Занабазарын бүтээл гарч “Ганжуур”, “Данжуур” гэсэн их хөлгөн судрыг монгол хэлээрээ орчуулж монгол бичгээрээ барлан хэвлэж байсан нь ч Гумилевын онолыг батлаж байна.

Угсаатан бүрэлдэх хэвийн явцыг өөр овгийн түрэмгийлэл тасалчихгүй бол угсаатан оргиллын түлхэцээс аваад бүрэн мөхтлөө 1500 орчим жил насладаг гэж Гумилев тооцоолоод (“Урусээс Орос хүртэл”) “Өдгөө Монгол угсаатан “алтан намар”-ынхаа тогтонги шатанд, хүннү нарыг дайрсан шиг гаднын гай тотгор дайрч л монголын хөгжлийг тасалдуулахгүй бол соёл иргэншил нь барагцаагаар 300-400 жил цэцэглэн хөгжихөөр байна” (“Евроазийн түүхээс”) гэсэн юм. Гумилев ёрлолоо гэж дургүйцэх нь бий. “Угсаатан үүсч, мөхөх зүй тогтлыг юу ч өөрчилж чадахгүй” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй”) гэхэд нээрээ сэтгэлээр унамаар ч “угсаатан алга боловч хүмүүс үхдэггүй шинэ угсаатны бүрэлдэхүүнд ордог. Бидний дотор скиф, хүннү, шумерийн үр сад явж л байгаа хоёр мянган жилийн тэртээ гэхэд англи, дани байхгүй болох боловч огт танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн тэдний үр сад нь байж байх болно” гэснийг уншихад жамтай юм жамаараа болохоос яах вэ гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрнө. (“Евроазийн түүхээс”).

Бидний хойч үе гэж бий билээ. Тэд маань угсаатныхаа насыг гүйцэд л наслах ёстой. Гумилев бичихдээ хар салхи тавих, газар хөдлөх, уулын нураг буух зэрэг залж жолоодох аргагүй олон үзэгдэл бий. Эдгээрийн гамшигаас бүрэн урьдчилан сэрэмжилж болохгүй хамгаалж болдог. Ийм учраас цаг уур судлал, газар хөдлөхийг судлах ухаан, геологи, ус судлал гэж байдаг билээ. Угсаатны судлал эдгээр ухаантай л адил юм. Энэ ухаан угсаатны хөгжих зүй тогтлыг өөрчилж чадахгүй ч юу үйлдэж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг сэрэмжлүүлж чадна” (“Түүхэн үе дэх угсаатны газар зүй ”) Учир иймийн тул үр сад маань наслах 300-400 жилдээ “эрчим хүчийн хуулиар нэг эрчим хүчнээс нөгөө эрчим хүчиндээ шилжихдээ” буюу шинэ угсаатан үүсгэхдээ монгол нэрээ хадгалан цааш хөгжихөд нь өнөө үеийнхний хариуцлага даан ч их гэдгийг бодоосой.

“Аль ч угсаатанд өвгө, чингэхдээ хэд хэдэн өвгө байдаг” (“Урусээс Орос хүртэл”). “Монголчуудын өвөг нь хүннү, сармат, сяньби” (“Хар домог”).  XX зууны сүүлч үеийн монголчууд ямар тэнэг байсан юм бэ, наснаасаа урьтаад амиа хорлочихсон юм билээ гэх юм уу гадаадын мангасын аманд толгойгоо өөрснөө шургуулчихсан байх юм гэж хойч үеийн шинэ угсаатандаа үгүй ядахад хэлүүлэхгүй байхсан даа.

Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд шоронгоос суллагдсаныхаа дараа ч Гумилев оргилолын онол, Чингист өгсөн үнэлгээгээрээ зөвлөлтийн түүх судлалын загварт баригдсан сэтгэлгээг зад татсанаараа коммунистуудын хар дансанд “хадаастай” байсан юм. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал”, “Байгаагүй орны эрэлд” хоёр ном нь сэдвийн шинэ өгүүлэмжийн зоригоороо коммунист хэвээр сэтгэдэг их үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг цочоосноор барахгүй уур унтууг нь хөдөлгөж хилэн хорслыг нь бадраасан билээ. Гумилев газар зүйн ухаанаар хоёрдох докторынхоо зэргийг гялалзтал хамгаалахад эрдмийн зэрэг цол олгох комиссын нэг хүнд сурталтан “Та түүхч юм уу, газар зүйч юм уу?” гэсэн хөгийн асуулт тавиад хоёрдох докторынх нь зэргийг олгосонгүй. “Угсаатны үүсэл, Дэлхийн шим мандал” гэдэг “насны ном” нь нууцхан хэвлэгдээд бүх холбоотын шинжлэх ухаан, мэдээллийн хүрээлэнд хав дарагдсан ч тэндээс үе үехэн ганц нэгээр алдагдаж үнэ нь хар зах дээр хадахад Гумилев их бахархдаг байсан гэдэг. Гумилев “Владимирская” метроны ойролцоо нийтийн байрны умгархан өрөөнд сууж байжээ. Их эрдэмтэн нэгэн ярилцлагадаа “академич Ринчен Ленинградад намайг гэнэт эргэж ирснийг санахад дандаа сайхан байдаг. Түүний дорнын тансаг хувцас, цог заль төгс царай, намба төгөлдөр алхааг үзэхдээ манай байшингийнхан цөмөөрөө гайхан бахдаж, энэ гайхамшигтай хүнийг харах гэж цонх хаалгаараа шагайж байлаа. Б.Ринченг явсны сүүлээр тэр ч байтугай байрыг минь” сайжруулж өгье гэснийг би хэлэх ёстой. Монголын эрдэмтэн миний ажил амьдралд ингэж л ач тус өгсөн дөө” гэж бахархан дурссан нь бий. Чухамхүү байрыг нь сайжруулах амандаа оросууд хүрсэн юм билээ. Чингэхдээ Ринчен докторын тэгэж очсон нь Чингисийг магтсан гэж Зөвлөлтдөө муучлуулж, тэр ч байтугай Монголд сайн хэлэгдэхгүй байсан түүний дүрэлзсэн сэтгэлийн нь бөхшгүй галд нэмсэн шар тос болжээ гэж түүний өгүүлснээс өлгөн хэлж болох мэт.

Тухайлбаас Москвагийн улсын хүчирхэг болоход монголчууд л тусалсныг өгүүлсэн “Байгаагүй орны эрэлд” номоо 1970 гаргаснаас нь хойш түүний бүтээлийг арван таван жил хэвлэсэнгүй. Гагцхүү 80 хэдэн оны дундаас л эрдэмтнийг ад шоо үзэхээ больсон. Гэхдээ Гумилев амьдралынхаа сүүлчийн жил л академич болсон, чингэхдээ Оросын шинжлэх ухааны академийн биш, байгалийн ухааны академийн академич болсон билээ. ОШУА-д шинэ хүмүүс орсон боловч бас л атгаг үзэлдээ автаад түүнийг үнэлж чадаагүй.

Оросын их эрдэмтний гайхамшигт нээлтээ хийж, сонирхолтой бүтээлээ туурвиж байсан нөхцөл ийм бөлгөө. Гэвч ямар ч хатан зоригтныг нугалж чадах харанхуй тамд ч, хавчлага хяхлагын дунд ч Гумилев монголчуудыг хамгийн харгис хэрцгий, догшин түрэмгий гэж харуулдаг түүхийн хэвшмэл ойлголтыг анх удаагаа орь ганцаар сөхөн эсэргүүцсэнээрээ зөвлөлтийн үндэсний дээрэнгүй үзэлтнүүдийг өөдөөсөө босгосон боловч Монголыг үзэх үзлээ шинжлэх ухааны үндэстэйгээр нотлон баталж, монголын ард түмний өмнө гандан бууршгүй гавьяа байгуулсан юм. Чингис хааныг зэрлэг бүдүүлэг дээрэмч нүүдэлчдийн толгойлогч, улс түмнийг хөнөөн устгасан харгис догшин байлдан дагуулагч гэж харийнхан байдгаараа батлан монголчуудыг доромжилж, монголчууд нь тэдний ам даган донгодоод өөрсдийгөө доромжилж байсан тэр үед Гумилев монголчуудын хувьд “Их өвгийнхөө онгодыг хүндэтгэнэ гэдэг алтан нарыг харж задгай галын илчийг мэдэрч, цэцэгсийн анхилуун үнэрийг үнэрлэж байхтай л агаар нэгэн” гэж бидэнд сануулж байсаан. Орос хүн Монгол улсыг тэгтлээ сонирхож, олон зуун жил орос европынхонд нүд үзүүрлэгдсэн Чингисийн тухай шинжлэх ухааны үнэнийг олох гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг яагаад чин барив аа? Өөрөө энэ асуултад “Би бол эрдэмтэн хүн!” гэж омог бардам хариулсан. Үүнээс өөр бас нэг учир байжээ гэж молхи би мунхагладаг.

Аав Гумилев нь:

Оросын сурвалжит тайж
Гумилев хэмээх овогтон
Орох буцах хорвоогийн мандсан жаргасан наран
Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин
Ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон
Миний өвөг дээдэс хөх монголын нүүдэлчин
Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан

гэж шүлэглэжээ. Ээж Анна Ахматова нь: “Эмээ ээж Анна Егоровна Мутавалаг маань дурсаж намайг Анна гэж нэрлэсэн юм. Эмэг ээжийн маань ээж бол Чингисийн алтан ургийн хүн, татарын ханы охин Ахматова байсан юм. Миний өвгө Хан Ахматыг шөнө сацарт нь оросын хөлсний алуурчин алсан. Карамзины өгүүлснээр үүгээр Орост монголын дарлал төгсгөл болсон гэдэг. Энэ өдрийг их баярт үйл явдлын дурсгал гэж үздэг юм билээ” гэж дурсчээ. Хүү Гумилев “… Бидний сэтгэлийн мухарт өнгөрсөн үеэс заавал нэг юм хадгалагдаж үлдсэн байдаг юм” гэжээ. Чингэхлээр “сэтгэлийн мухарт” нь үлдсэн юм буюу цохилох зүрх, лугших судсаар нь булигласан монгол цус түүнийг XIII зууны үеийн монголчуудын тухай үнэнийг өгүүлэх зүгт өөрийн эрхгүй хөтөлсөн биз ээ. Чингэхдээ Гумилев жинхэнэ эрдэмтэн хүн байсан учраас Чингисийг өмөөрөхийн тулд л өмөөрсөнгүй, чухамхүү гурвын гурван ухааны солбицлоос олсон шинжлэх ухааны онолын үндсэн дээр Монголын түүхэн ёстой үнэнийг нотолсон юм. Чингэж их эрдэмтэн Лев Николаевич Гумилев (манай эрдэмтэн Ринченд захидал бичихдээ Лев гэдэг овгоо монголчилж Арслан гэдэг байсан) монгол угсаатан, ер дэлхийн нийт угсаатны хөгжих цагийн жамыг тодруулаад өөрөө цагийг эзлэн хальсан билээ. Өөрөө оргилуун хүний хувьд Гумилев “Бүхнийг сүйтгэдэг цагийн цаглашгүйг ялах хоёрхон юм буй. Нэг нь үхэхээс үл аюух алтан амь буюу” гэж хэлснээрээ л амьдарч, тэнгэр болохоосоо сарын өмнө “зайлуул, бусад хүмүүс өрөөлийн заавраар л бичиж байсан, би бол сэтгэлийнхээ дуудлагаар л бичиж ирсэн, тэгэхлээр би хамгийн азтай хүн” гэж эрдмийн сайн нөхөртөө бардамхан хэлсэнчилэн оргилсон хүслээ юунаас ч шантралгүй гүйцэлдүүлснийг үнэнхүү амьдын жаргалыг эдлэж дээ гэснээр цагийн жамыг тодруулагч цаглашгүй номч Гумилевын тухай товчхон илтгэлээ төгсгөе өө.

Анхааран чагнасанд гялайлаа.

Жич: Аким авхайн Туульс хайлдаг Уулс ном худалдаанд гарсан байгаа. Уул нээрээ ярьдаг юм уу гэж хүүхдүүд их  хөөрхөн асуух юм билээ. Нээрээ л уулс бүрэн түүхийг хураан аав шиг ээж шиг зуун зуунд дүнхийж байдаг даа.
Уурын тухай болон түүний хэрхэн дарах


Уур бол хүний энэ нас байтугай урд олон төрөлдөө хураасан буяныг устгах чадалтай тул үүн дээр маш их анхааралтай байх нь зүйн хэрэг. Хүн яагаад ууралдаг вэ гэвэл өөрийн хүссэнээр болохгүй болохоор л хүн ууралдаг юм байна. Хэрэв бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэвэл энэ нас ч хүрэлцэхгүй бөгөөд бүтэхгүй зүйл. Тиймээс зовлонт орчлонд асуудал проблем барагдана гэж үгүй тул доорх олон уурдах зохисгүй болох шалтгаануудыг дурдье
Дэлхийг өөрийн хөлийн уландаа зориулж үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр үхрийн арьс хаанаас олдох билээ, олдсон ч түүнийг бүрэхэд энэ нас хүрэлцэхгүй. Харин өөрийн улаа л ширэлчихвэл дэлхийг ширэлсэнтэй ялгаа юу байхав. Тиймээс бид өөрсдийн сэтгэлээ л засаж чадваас гадаад ямар ч асуудал гарсан түүний нөлөөнд автагдахгүй уурлаж ундууцахгүй байх бүрэн боломжтой юм. Тиймээс уурын шалтгаан өөрт байдаг тул тэрийг дарчихад л хангалттай юм. Үрийг шараад хуурчихвал гаднаас нь хичнээн чийг нараар өгөөд хөрсийг нь сайн бордсон ч ургахгүйтэй адил бид сэтгэлээн л засчихвал гаднаас хичнээн 1000 дургүй хүргэсэн шалтгаан гарлаа гэхэд түүнд уурлахгүй юм л да.
Надад нэг компьютер дээр зураг байдаг л да. Тэр зурагийг компьютер дээрээ 30 секунд хараад л дараагаар нь хараагаа хана руу шилжүүлж харахад тэр зураг ханан дээр тодорч харагддаг. Энэ нь тэр хана дээр зураг байхгүй бид өөрсдийн нүдний гэмээр л тэр хана дээр зураг бий гэж харж байгаа. Үүн лугаа адил бид аливаа зүйлд буруу өгөхдөө дандаа бусдад тохдог. Өөрөө огтхон ч буруу байхгүй. Гэтэл үнэндээ бид өөрсдийн сэтгэлийн гэмээр бусдыг буруугаар хардаг бөгөөд бид бурууг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй.
Хэн нэгэн хүн надад ямар нэгэн хорлол үзүүллээ гэхэд урд насандаа би муу үйл тэр хүнд хийсэн байна түүний үйл лайгаар надад эргээд хорлол үзүүлж байна аа. Тиймээс миний энэ хүнд хийсэн урдны муу үйл үүгээр барагдах болтугай гэж бодох хэрэгтэй. Харин эсрэгээрэ дайраад өсөлдөөд явчихвал урд насны хийсэн муу үйл чинь барагдах байтугай харин ч дээр нь нэмээд тэр үйлээ үржүүлээд хүч оруулаад явчихаж байгаа бөгөөд хийсэн буян чинь ч бас давхар хорогдох юм.
Дотны таньдаг хэн нэг чинь галзуурчихлаа гэж бодоход хичнээн өөрт эвгүй харьцаж муухай аашилсан ч угийн ийм биш галзуугийн эрхээр л ингэж аашилж байгаа юм, эдгэхээрээ зүгээр болчихно гэж бодно шүү дэ. Үүн лугаа адил бусад хичнээн муухай аашилсан ч гэсэн энэ өөрийн эрхээр бус нисваанисаар өвчилсөн тул түүний эрхээр л ингэж байгаа юм гэж бодох хэрэгтэй.
Бурхан хамаг амьтаныг энэрэн нигүүлсдэг ба түүний төлөө л байдаг. Гэтэл бурханд аврал эрдэг мөртлөө амьдрал дээрээ түүний хайртай амьтад нь уурлаад хорлол үзүүлээд байх нь бас л зохисгүй үйл болж байгаа. Энэ нь жинхэнэ ёсоор Бурхандаа аврал одуулдаггүйн шинж болой.
Аливаа зүйлд арга байхгүй бол түүнд уурлаж харамсаж, гашуудах хэрэг юун, Аливаа зүйлд үнэхээр арга байсаар байтал түүнд уурлаж харамсах юун гэсэн шантидэва гэгээний гайхамшигт үг байдаг.
Энэ мэт олон учир шалтгааны амьдрал дээр хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх бөгөөд сүүлдээ бүүр дадаад ирэхэд таны уур аяандаа байхгүй болох юм.
Жижиг сажиг зүйл дээр сэтгэлийн амгалан байдлаа алдах нь нэг талаар харамсалтай хэрэг юм. Тухайлбал дүү чинь ч юм уу хэн нэг нь аяга санамсаргүйгээр хагаллаа гэж бодоход түүнд уурлах хэрэггүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан бол тэр аягатай харьцуулшгүй илүү чухал үнэтэй зүйл шүү дэ.
Хүн уурлаж байх үедээ сэтгэл нь дандаа гадагшаа анхаарсан байдаг. Нэг ч удаа дотогшоо харж үздэггүй бөгөөд мэддэг ч үгүй насыг бардаг бололтой. Үүнийг Бурханы шашин гадагшаа бус дотогшоогоо хараа гээд хэлээд байгаа юм. Тиймээс та нэг ч удаа сэтгэлийн гүн рүүгээ яг уурлаж байх үедээ уудлаад нэг үзээрэй. Ямар процесоор яаж ажиллаж байна гэдгийг танин мэдэж дээр хэлсэн олон шалтгаануудыг хавсарган бодоод үзэх хэрэгтэй.
Одоогоор миний бие ямар ч зүйл дээр нээх уурлаад байдаггүй. Энэ нь зөвхөн бүдүүн уур дарагдсан төдий л байх нарийн уурыг нарийн түвшинд л очиж л тэр сэтгэлийн гүн рүү нь нэвтрэн орж дарна. Түүнд нэвтэрхэд бясалгал хэрэгтэй юм. Уурын энэ мэт олон шалтгааныг яг уурлаж тэр агшиндаа бодон хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Нэг сар л хангалттай байх. Түүний дараагаар таны бүдүүн уур нэг мэдэхэл д аяндаа л дарагдсан байх болно. Энэ мэт бусад олон сэтгэлийг буртагуудыг энэ жишээн дээр гардаг шиг дарах боломжтой юм. Энэ бол миний туулсан бодит жишээ юм. Уургүй бай хүлцэнгүй бай гэдэг нь нусаа гойжуулчихаад л хэн ч юу ч хэлсэн дуугай суун дүлий дүмбэ царайлаад суухын нэр биш л дэ. Зарим хүн нүдэн дээр чинь илт буруу зүйл хийгээд байвал хэлэлгүй яахав. Ер нь уур гэдэг чинь бусдад муу санасны үндсэн дээр бачимдаж сэтгэл нь таагүйтэхийн нэр юм. Тиймээс нөгөө хүний тусын тухайтад доторх амгалан байдлаа алдагдуулахгүйгээр хэлэх хэрэгтэй ба бүүр болохгүй бол догшин дүр гарган загнасан ч болох юм. Яг л очирваань бурхан шиг. Очирваань бурхан бол гаднаа догшин дүртэй боловч дотороон амгалан оршдог бөгөөд хамаг амьтаны тусын тулд л гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ бол харин уур биш бөгөөд хүмүүс гаднаас нь хараад ууртай догшин амьтан мэтээр хардаг л байх. Эх нь хүүхэддээн муу санаж бус хүүгийнхээ ирээдүйн сайн сайханы тухайтад л загнаж зоддог шүү дэ. Дотоод амгалан байдал алдагдаж байна аа гэдэг чинь таны дотор би гэх үзэл чинь ажиллаад түүндээ та өөрөө хорлогдоод нөгөө хүндээ ч хорлол үзүүлж байгаа хэрэг юм л да. Бурханы шашин уурыг дарахад ингэж л бидэнд тусалдаг юм.

Ч.Одгэрэл *buddism.mn*

Зовлон


Бид яагаад зовлон, гуниг гэх мэт тааламжгүй зүйлсийг үзэж туулж өнгөрөх ёстой байдаг юм бэ?


Бид яагаад зовлон туулах ёстой юм бэ? Энэ хорвоод бид санаатайгаар болон санамсаргүй байдлаар үргэлж алдаа эндэл гаргаж явдаг. Санаатайгаар гаргасан алдаагаа бид мэдэж байдаг бол санамсаргүйгээр гаргасан алдаагаа ухаарч мэддэггүй. Ухамсарлаж мэдэхгүй гаргасан тэдгээр алдаанууд биет ертөнцөд биеллээ олж, үр дүн нь бидэнд зовлон байдлаар хүрч ирдэг. Ердийн тэмүүлэлгүй хүнд туйлын хүнд бэрх зовлонгийн дараа чин үнэн сэтгэл төрж, сүнс нь түүнийг мэдлэг, мэргэн ухааны ертөнцөд хүргэдэг. Нэг алдаагаа олон дахин давтаж буй чин үнэн тэмүүлэлтэй хүн хэрэв зовлонгийнхоо шалтгааныг мэдэхийг хүсвэл сүнсний Гэрэл нь илхэн гарч ирээд түүнийг нь хэлж өгдөг. Сэтгэл зүрхний амьдралын замаар замнадаг хүмүүс ухамсарлан мэдэж буй алдааг гаргахгүй байхыг хичээх боловч ухамсарлаж мэдэхгүйгээр маш олон алдаа гаргадаг. Гагцхүү тэмүүлэл, залбирал, бясалгалын ачаар л тэрхүү ухамсарлаж мэдэхгүй байгаа алдаанаас зайлсхийх боломжтой. Хэрэв бид тэмүүлдэг бол Бурханы Элбэрэл, Нигүүлсэл нь биднийг хамгаална.

Хотол Баясгалангийн ертөнцөд хүрэхээсээ өмнө бид заавал зовлонг дамжиж өнгөрөх шаардлагагүй. Хайрын хүчээр Бурханы гэгээрэлд хүрсэн хүн олон бий. Эцэг нь хүүгээ хайрладаг, хүү нь ч Эцгээ хайрладаг. Энэ л хайр биднийг зорилгод маань хүргэдэг. Манай философи бол дээд Үнэнд хүрэх эерэг замыг чухалчилдаг. Бидэнд буй гэрэл хязгаартай, багахан юм. Түүнийгээ арвижуулж нэмэгдүүлье. Улам их Гэрэлтэй болсон бол бүр ч арвин их Гэрэлтэй болъё, цаашлаад хэмжээлшгүй их Гэрэлтэй болъё.

Баяр баясгалангаас бид ирсэн, баяр баясгалангийн дунд бид өсөн торниж байна, аян замынхаа эцэст баяр баясгаландаа бид эргэн очих болно. Энэ бол хамгийн өндөр дээд нээлт юм. Одоогоор баяр баясгалан дотоод ертөнцөд байх боловч гадаад ертөнц тэр чигээрээ зовлонд автжээ. Хүмүүс хоорондын хэрүүл тэмцэл бидний нүдэнд илхэн байдаг. Айдас эргэлзэл, уур хилэн, атаа хорсол гээд бурхангүй харанхуй хүчнүүд биднийг зовоож байна. Гэсэн ч хамгийн өндөр дээд бясалгалынхаа ачаар дотоод гүндээ нэвтэрч, бидний анхан Эх Ундарга бол баяр баясгалан юм байна гэдгийг олж нээх хэрэгтэй. Тэр цагт баяр баясгалангийн дунд бид Сансрын Наадамд тоглож, тэрхүү Наадам өндөрлөхөд эргээд баяр баясгаландаа очих болно гэдгээ ухаарна.

МОНГОЛ СЭХЭЭТНИЙ ҮГ


Б.Дэнзэн: Улс орон маань нэг л эгзэгтэй үед тулж ирээд яах учраа олохгүй байх шиг байна

Нийтэлсэн: 2013-04-05 11:04:37

Монголын бичгийн мэргэн хүмүүн Бямбын Ринчен гуайн ач, дэлхийн шилдэг 10 палентологичийн нэг академич Р.Барсболд гуайн хүү Б.Дэнзэнг редакцийн зочноороо урьсан юм. Монголын шилдэг сэхээтэн гэр бүлийн удам дамжсан уран бүтээлч түүнийг уран барималч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
 
 
Үндэсний төв номын сангийн өмнөх Б.Ринчен гуайн хөшөө, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөө, Улсын их дэлгүүрийн урд байрлах “Битлз-бидний залуу нас” хөшөөг уран барималч Б.Дэнзэн бүтээсэн. Түүний гэр бүлийн хүнийг Ивана Гроллова гэдэг.
 
 
Чех Улсын иргэн, Монгол судлаач Ивана Гроллова өдгөө эх орноо төлөөлөн Монгол дахь Элчин сайдаар ажиллаж байгаа билээ. Сүүлийн хэдэн жилийн турш Европын орнуудад ирж очин амьдарсан Б.Дэнзэнгийн үзэл бодол үнэхээр сонирхолтой, ёстой л юм үзэж, нүд тайлсан хүний шинжтэй байсныг зориуд тэмдэглэн хэлэх хэрэгтэй.
 
 
Бас тэр гэр бүлийнхээ тухай болон өөрийнхөө тухай ярих тийм ч дуртай биш юм. Ярианы сэдэв нэг л мэдэхэд Монгол Улсын өнөөгийн төрх, цаашдын хөгжил дэвшил рүү хальтираад орчихно. Ингээд түүний яриаг уншигч Танаа толилуулья. 
 
 
 
-Юуны өмнө манай сонины урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Танд баярлалаа. Таны өвөөг Монголын ард түмэн андахгүй мэднэ. Их зохиолч өвөөгийнхөө уран бүтээлтэй хэзээ, хэрхэн танилцаж байв? 
 
-“Заан залуудай”, “Их нүүдэл” зэрэг романыг ямар учиртай бичсэн юм бэ гэж өвөөгөөс асуудаг байсан. Энэ бол чулуун зэвсгийн үе, Хүннүгийн үеийн эртний Монголтой холбоотой. Хүннү гэдэг чинь бидний өвөг дээдэс. ХХ зуунд улстөр, эдийн засгийн өөрчлөлт болж байсан болохоор олон зүйл алдагдсан байх.
 
 
Оронд нь шинэ зүйл орж ирсэн. Ер нь хаана ч тийм байдаг л даа. Латин Америкийг харахад ацтека, майяа зэрэг их том гүрэн байсан. Энэ том гүрнээс үлдсэн зүйл тун ховор. Ард түмэн нь испаниар ярьдаг болчихсон байх жишээтэй. Мөн христосын шашинтай болсон байна.
 
 
Гэхдээ үүнд нь ацтека, майяачуудын хэвт шинжийн шашны уламжлал байж л байдаг. Манайд ч гэсэн ийм л байсан. Өвөөгийн “Цогт тайж” кинонд л гэхэд монгол хүмүүсийн хоорондоо ярьж, харилцаж байгаа ч юм уу, Цогт тайжийг нас нөгчихөд бүгд малгай, дуулгаа өмсдөг зэрэг нь тэр үеийнхээ соёл, заншлыг илэрхийлээд байгаа хэрэг.
 
 
Тэгэхэд би энэ тухай өвөөгөөсөө асуусан л даа. Тэгэхэд өвөө “Манайд Европ, Оросын соёл нэвтрээд малгайгаа авдаг болсон. Үнэн хэрэг дээрээ Монголчууд нас барсан хүнээ хүндэтгэж өвч бүрэн хувцсаа өмсдөг байж” гэсэн шүү юм хэлж байсан.
 
 
Туул голыг гатлахдаа цэргүүд ус уучихаад духаа норгодог шүү дээ. Энэ үйлдлийг бас өвөөгөөсөө асуухад “Энэ чинь их эртний Энэтхэгийн ёс юм” гэсэн. Дөрөв, таван жилийн өмнө би Энэтхэгт очлоо.
 
 
Тэгээд Ганга мөрнийх нь хажууд зогсоод харж байхад үнэхээр усаа уучихаад духаа норгодог юм билээ. Ингээд бодохоор өвөөгөө 2000 гаруй жилийн өмнөх Энэтхэг, Латин Америк зэрэг улсын түүхийг судалж байжээ гэж бодсон. 
 
 
 
-Нэгэн их хүмүүн хэлсэн байдаг. “Шашин, хэл хоёр адил юм” гэж. Тэгэхээр эх хэлээ дээдлэх нь шашныг тахин шүтэхтэй адил юм байна гэж ойлгосон. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ? 
 
-Би сүүлийн 20, 30 жил христосын шашинтай газар амьдарсан байна. Тэнд хараад байхад их л сонин зүйл ажиглагддаг юм. Оросын христосын
шашинтнуудаас католикууд нь, католикуудаас протестантууд нь өөр юм байна.
 
 
Ялгаагүй манай бөөгийн шашин, буддын шашин гэхэд л өөр өөр байдаг шүү дээ. Буддын шашинд там, диваажин гэсэн ойлголт бараг байдаггүй. Байсан ч тийм чухал биш. Шарын шашныг үндэслэгч нь Зонхова гэдгийг хүн бүр мэднэ.
 
 
Зонховагийн түүхийг судлаад үзэхээр Хөх нуурын эрэг дээр төрсөн байдаг. Тэнд нь Хятадаас хөөгдсөн христосын шашны хүмүүс амьдарч байсан байгаа юм. Эсрэгээрээ христосын шашинд там, диваажин гэдэг чухал байр эзэлдэг. Энэ сургаалаас нь Зонхова авчихсан байдаг.
 
 
Энэ юу гэсэн үг вэ гэхээр шинэ зүйл, шинэ ёс заншил бий болдог юм байна. Би өвөөдөө багадаа их загнуулдаг байсан л даа. Монгол үгийг буруугаар хэрэглэж, хэллээ гэж. Зарим үед Өвөрмонгол ч юмуу, Оросын Буриадад явж байхад өнөөдрийн бидний хэрэглэдэггүй үгийг хэлээд байдаг шүү дээ.
 
 
Жишээ нь, манайхан “бид нар” гэж ярьж байхад өвөрмонголчууд “мануус” гэж ярьдаг. Нэг талаасаа хэл, ёс заншлаа хадгалж байх ёстой. Нөгөө талаасаа хэл чинь бас хөгжөөд яваад байдаг юм байна л даа. Хэрэв бид XIII, X, V, III зууны Монголчуудтайгаа таараад ярих юм бол бие биеэ ойлгохгүй байх.
 
 
Халимагуудыг бид бараг ойлгодоггүй шүү дээ. Баруун Монголыг бол бага зэрэг ойлгоод байх шиг байгаа юм. “К” гэж ярьдаг. Хулан Цогт тайжид яагаад “Көк тэнгэр” гэж хэлдэг юм бэ гэж би өвөөгөөсөө асуусан. Тэгэхэд өвөө 1950-иад он хүртэл Хүрээний хүмүүс “Х”-г “К” гэж ярьдаг байсан гэсэн.
 
 
“Көөркөн күүкэн” гэж ярих нь байна шүү дээ. Тэгж байснаа нөгөөдөх нь гэнэт л “Хөөрхөн хүүхэн” болчихсон. Зарим зүйл дээр найз нартайгаа санаа нийлэхгүй үе гарна. Манай найзууд “Гоё хоол байна” гэж ярьдаг байхгүй юу.
 
 
“Гоё” гэдэг чинь гоо зүйн ойлголт шүү дээ. Гоё хүүхэн, гоё зураг байж болно. Манайх ч гэлтгүй бусад улс үндэстний хэл ч тийм болчихсон. Англичууд гэхэд л бүхий л сайхан, гоё зүйлийг “great” гээд яриад байдаг. 
 
 
 
-Та олон жил гадаад улс оронд амьдарсан хүн. Эх орондоо ирээд удаагүй байна. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгмийг юу гэж дүгнэх бол? 
 
-Өнөөдрийн амьдралыг харахад номтой, сэхээтэн хүн амьдардаг нийгэм биш. Өнөөдрийн энэ нийгэмд сэргэлэн хүн л амьдарч чадаж байна. Сэргэлэн хүн гэдэг нь хоншоор сайтай хүнийг л хэлээд байгаа юм. Голдуу бизнес дээр энэ нь илрэнэ л дээ.
 
 
Боловсрол гэдэг бол өөр зүйл шүү дээ. Үүнийг олон жил сурах хэрэгтэй. Соёл гэдгийг сарын дотор сурчихдаггүй. Миний бодлоор манай улсын сургууль, эрүүл мэндийн систем бүгд хуучирсан. Хэрэв би Ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий сайд байсан бол бүх мөнгийг эрүүл мэнд, боловсролын салбарт зориулах байсан.
 
 
Эрүүл мэнд гэдэг чинь бидний, манай ард түмний эрүүл мэнд. Боловсрол гэдэг чинь манай хүүхдүүд, бидний ирээдүй шүү дээ. Япон, Өмнөд Солонгос, Швед, Норвеги, Сингапурын сургалтын системийг хараад бүр атаархдаг юм. Эд цаашаа хөгжөөд л яваад байгаа.
 
 
Хөгжөөд байна гэдэг чинь шинэ сургалт, сургалтын системдээ асар их мөнгө оруулаад байна гэсэн үг. Багш нараа курс, мэргэжил дээшлүүлэх сургалтад үргэлж хамруулдаг. Цалин нь ч хангалуун. Манайд бол жирийн залуу хэзээ ч багш болъё гэдэггүй л байхгүй юу.
 
 
Тэр багшийн цалингаар яаж амьдрах вэ. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ Лондоноос өндөр үнэтэй болчихоод байна. Тэгэхэд нэг сарын цалин хэдэн төгрөг байгаа билээ. Тэгэхээр хүн чинь өөр юм бодно доо. Юун тэр соёл, юун боловсрол.
 
 
Яаж амьд үлдэх вэ, яаж амьдрах вэ гээд л сэргэлэнтээд гүйгээд эхэлнэ. Телевиз асаахад Солонгосын хэдэн сериал л гараад байх юм. Хэрэлдээд л, уйлаад л... Би өөрөө телевиз нэг их үзээд байдаггүй. Үзвэл тоотой хэдэн суваг үзнэ. “Би-Би-Си”, “Си-Эн- Эн”, дотоодын чанартай хэдэн суваг эргүүлээд л болоо.
 
 
Ер нь боловсрол гэдгийг хүчээр нэвтрүүлдэг. Биднийг хүүхэд байхад багш өвдөхөөр бөөн баяр болдог байсан биз. Мөн Л.Н.Толстой, Б.Ринченг унш гэж хүчээр тулгана. Сайн багштай, эцэг эх нь жаахан ухаантай бол хүн юм сурна. Ингэж хүчээр сургахгүй бол хэн ч юу ч сурахгүй.
 
 
Маогли, Тарзан шиг л юм гүйж байна. Хажууд Орос, Хятад цаашилбал, АНУ, Япон байна. Бид нар нэгэнт чөлөөт зах зээл дунд гүйж байгаа болохоор өрсөлдөх ёстой. Өрсөлдөхгүй бол бидний газар нутаг дээр өөр хүмүүс орж ирээд амьдарчихна. Илүү сэргэлэн, ухаантай, харгис хүмүүс ороод ирнэ шүү дээ.
 
 
Хамгийн ойрын жишээ гэхэд л, арабууд байна. Тэд чинь пирамид барьж байгаагүй. VIII зуунд довтолж орж ирээд л эзэн суучихсан. Тэгсэн мөртлөө өөрсдөө пирамид босгочихсон юм шиг яриад байдаг. Эртний сайхан Грек гэдэг байсан бол дараа нь Византас боллоо.
 
 
Византас гэдэг чинь ерөнхийдөө слованиуд шүү дээ. Бас л VI-VII зуунд довтолж орж ирээд л грек хэлтэй болоод өөрсдийгөө грек гээд нэрлэчихсэн. Туркууд ч ялгаагүй, Монголоос гаралтай гээд байдаг. Царай зүсийг нь хар л даа. Хэзээ байтлаа монхор хамартай, сахалтай, европ царайтай монгол байсан юм бэ.
 
 
Туркийн түүхийг сайн судлах юм бол ихэнх нь эрлийз, хурлийзууд л байгаа. Иймэрхүү зүйлийг түрэгүүдэд ярихаар их дургүйцдэг юм. Бид ч ялгаагүй. Саяхан би нэг хүнтэй ярьж суугаад “Та чинь аль аймгийн, ямар омгийн хүн билээ” гэж асуусан чинь “Би цэвэр монгол” гэсэн.
 
 
Иймэрхүү юм ярихаар би гайхдаг байхгүй юу. Цэвэр, цэвэр гээд яваад байвал цус ойртоно биз дээ. Амьдарч байгаа газар нутгийнхаа гол мөрөн, уул усны нэрээр аваад үзье л дээ. Хэрлэн, Хөвсгөл, Сэлэнгэ... юу гэж байгаа юм.
 
 
Тэгэхээр биднээс өмнө энэ газар нутагт өөр овог аймгийнхан амьдарч байсан байгаа биз. Баруун монголчууд гэхэд л түрэг хольцтой. Буриадуудыг харах юм бол якут хольцтой. Халхууд гэхэд л аав нь төв халхынх, ээж нь дарьгангынх гэдэг ч юмуу. Өвөө нь баруун монгол байх жишээтэй.
 
 
Өөр, өөр дусал цусны хольцтой тулдаа бид өнөөдөр амьд яваад байгаа юм. Үүнээс биш цус ойртоод, маанагдуу болоод л дуусна шүү дээ, бид. Ямар ч улс, үндэстэн үлгэр домгоор амьдрах их дуртай юм билээ. Бид ч гэсэн тийм л ард түмэн. “Өө тэр муу хужаа. Тэр муу япон” гэж ярьдаг.
 
 
Хүмүүсийн дотор нь нэг ийм муухай зүйл байдаг юм байна. Чулуун зэвсгийн үеэс ч юмуу, араатан, сармагчин байхдаа тийм байсан байх л даа. Нэгийгээ алж идээд таардаг байсан.
 
 
Одоо ч гэсэн ийм зүйл байдаг шүү дээ. Ер нь өрсөлдөөн гэдэг энэ байх. Гэхдээ одоо нэгийгээ улаан цайм алахаа больсон ч гэсэн эдийн засаг, улстөрөөр алж байна. 
 
 
 
-Эрүүл мэнд, боловсролын салбарт сэтгэл дундуур явдаг гэж ойлгож болох нь ээ. Энэ хоёр салбарын юу нь Танд тэгтлээ таалагдахгүй байгааг дэлгэрүүлж жаахан яриач? 
 
-Манайд жаахан мөнгө төгрөгтэй хүний элэг, бөөр өвдлөө гэхэд гадаад уруу л гарч эмчлүүлдэг. Бүр боломжтой нэг нь Герман, Франц, Таиланд гээд яваад өгнө. Арай дөнгүүр нь Эрээн, Хөх хот, Бээжинд эмчлүүлдэг байх жишээтэй. Уг нь бол монголчууд Монголдоо л эмчлүүлэх ёстой юм.
 
 
Сургууль ч гэсэн ялгаагүй. Боломжийн амьдралтай найз нөхдийн маань хүүхдүүд бүгд гадаадад сурч байна. Тэгэхэд би америк, герман найз нарынхаа амнаас “Манай хүүхэд гадаадад сурч байгаа” гэж нэг ч удаа сонсч байгаагүй. Тэдний хүүхдүүд өөрийнхөө улсад л сурч байна.
 
 
Энэ чинь юу хэлээд байгаа юм. Бас л нэг эвгүй зүйл хэлээд байгаа биз. Бидний ирээдүй, хүүхдүүд эх орондоо л сурах ёстой. Сурч боловсрох бүх зүйл нь орчин үеийнх байх хэрэгтэй. Энэ бүх асуудал дөрвөн жилийн ч юмуу, нэг Засгийн газрын асуудал биш байх л даа.
 
 
Манай ухаантай хэдэн том дарга нар нийлж байгаад концепци гаргах хэрэгтэй, өөрсдөө чадахгүй бол гадаадаас хүн уриад гаргуулах хэрэгтэй. Хамгийн ойрын жишээ гэхэд л, Герман, Английн сургалтын систем байна. Бүр болохгүй бол ЮНЕСКО, НҮБ-тай ярих хэрэгтэй шүү дээ.
 
 
Уул уурхай, банк санхүү зэрэг салбарт өндөр цалинтай хэдэн нөхөр орж ирчихсэн сууж л байна. Явж явж бидний ирээдүй уурхай биш. Хамгийн гол нь тэр уурхайн баялаг дуусна. Хэн үлдэх вэ, нөгөө хэдэн монгол л үлдэнэ. Өнөөдрийн зарим залууг харахаар бүр ой гутмаар байдаг.
 
 
Юу ч мэдэхгүй, эс бөгөөс хагас дутуу мэддэг. Хагас дутуу мэдлэг гэдэг бол мэдэхгүйгээсээ аюултай. Юу ч мэдэхгүй хүн бол “Уучлаарай, би мэдэхгүй юм байна” гээд сууна. Харин хагас дутуу боловсролтой хүн бол “Би мэдээд байна” гэж бодоод яваад байдаг.
 
 
Хийж байгаа зүйл нь ч гэсэн хагас дутуу, үр дүн муутай зүйл болдог. Би заримдаа энэ хэдэн дарга сайдыг үнэхээр их өрөвддөг. Учир нь жижигхэн асуудлаа биелүүлэх, зохицуулах гээд явж байтал ард нь уул, овоо шиг том асуудал байгаад л байдаг. 
 
 
 
-Зах зээлийн нийгэмд өрсөлдөж байж амьдарна гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Өрсөлдөхийн тулд тухайн хүн боловсрох нь зүйн хэрэг. Гэхдээ өнөөдрийн Монголд ардчиллын үнэт зарчим, цаашилбал ардчилал байхгүй болчихсон юм шиг. Нэг л их уриалсан, лоозогносон хүмүүс байх юм. Та үүнд ямар хариулт өгөх вэ? 
 
-Өнөөдөр үйлчилж байгаа зарим зүйл хуучин системдээ ажиллаж байсан байх л даа. Надад орос, чехословак, унгар олон найз бий. Тэд нартай яриад сууж байхад “1980-аад онд бүх зүйл нурж байсан. Зөвхөн эдийн засаг нурж байгаагүй” гэдэг. Миний нэг сайн танил байдаг юм.
 
 
Унгарын Социалист хөдөлмөрийн намын өндөр төвшинд ажиллаж байсан хүн. Янош Кадарын ойрын зөвлөх байсан л даа. 1982 онд шиг санагдаж байна, Унгарт түүнтэй уулзаад сууж байхад “Би Янош Кадар гуайд захиа бичиж байна. Бид нар ер нь баларч байна шүү гэдгийг хэлэх гэж.
 
 
Дэлхийн өрсөлдөөнд бут цохиулж байна гэдгийг тайлбарлах маягтай” гэж байгаа юм. Тэгэхээр нь би “Тэгээд яах вэ” гэж асуусан чинь “Ер нь бид нар чинь эдийн засаг, улстөрийн системээ солихгүй бол балрах нь байна” гэхэд нь “Та наад захиагаа Кадарт өгөх юм байна.
 
 
Кадар Таны захиаг хэрхэх бол” гэхэд “Үгүй яахав. Кадар миний захиаг Москва уруу явуулна” гэсэн байхгүй юу / инээв/. Түүний захиаг Москва үзсэн байх л даа. Зөвхөн Унгараас ч ийм утгатай захиа очоогүй байх. Чех, Польшоос бас захидал, янз бүрийн сигнал өгч байсан.
 
 
Тэгээд яахав оросууд бодож, ярилцаж, хэрэлдэж байгаад Михаил Горбачаевийг гаргасан байж магадгүй. “Чи залуу хүн байна. Жаахан өөрчлөлт хийчих” гэж. Гэвч мань хүний өөрчлөлт нь бүтээгүй л дээ. 
 
 
 
-Таны өссөн орчны хүмүүс өнөөдөр олонхи нь улстөрч, урлаг соёлын алдартнууд болсон байна. Бүр тодруулбал, Дөчин мянгатынхан. Найзуудтайгаа холбоотой байдаг уу? 
 
-Багадаа бид хэрэлдээд, зодолдоод, найзлаад явдаг байсан. Өнөөдөр Дөчин мянгат гэхээр музей шиг ойлголт үлдчихээд байгаа юм. Динозавр шиг, тийм биз. Одоо бол Дөчин мянгатын хүмүүс нь байхгүй болчихсон. Тэгэхэд нэр томъёо нь үлдчихсэн байна.
 
 
Ялангуяа хот уруу шинээр орж ирсэн хүмүүс Дөчин мянгат гэж ярихаар их дургүй нь хүрдэг юм шиг билээ. 1950-1970-аад онд улстөр, урлаг соёлын элитүүд л амьдарч байсан газар шүү дээ.
 
 
Одоо үүнээс үлдсэн зүйл байхгүй болсон л доо. Хааяа айлд очих гээд орц уруу нь ороход эвгүй л санагддаг юм. Ер нь багын найзуудтайгаа уулзаж, хааяа шар айраг ууж, элдвийг ярилцаж суух сайхан байдаг шүү. 
 
 
 
-УГЗ, хөгжмийн зохиолч Б.Долгион Таны багын найзуудын нэг байх. Тэрбээр хотын соёлын тухай их ярьдаг л даа. Ер нь өнөөдөр хотын соёл үгүйлэгдээд байгаа юм болов уу гэж бодож явдаг юм. Энэ соёлын талаар Та юу хэлэх вэ? 
 
-Ус, агаар хоёрыг тайлбарлаж болох уу. Болохгүй, тийм үү. Хотын соёлыг тайлбарлана гэдэг үүнтэй л ижил. Б.Долгион бид хоёр хоорондоо хотын соёлын тухай багагүй ярьдаг юм. Ихэнхдээ санал нийлдэг ч хааяа маргах зүйл гарна. Хамгийн бүдүүлэг жишээгээр хотын соёлыг тайлбарлах гэж оролдъё.
 
 
Нийслэлийн 10-15 насны 10 хүүхэд хөдөө очлоо. Увс, Дарьганга алинд нь ч очсон байж болно. Нөгөө хотын хүүхдүүд чинь нутгийн хүмүүсийн инээдийг хүргэдэг байхгүй юу. Ааруулаа хурууднаас ялгахгүй, үнээ яаж саадгийг мэдэхгүй. Ухна хуцаа ялгаж танихгүй.
 
 
Мориндоо суух гэж ярина. Дөрөө, хазаар, амгай гэж юу байдгийг мэдэхгүй. Алзахгүй эмээлийг нь мэдэж байгаа юм. Өнөөдрийн Улаанбаатарт ирж сурьшсан хүмүүс үүнтэй л адил юм. Учир нь хотод маш олон хүн шилжин суурьшсан. 1980-аад оны сүүлээр Улаанбаатар хот болж эхэлсэн байхгүй юу.
 
 
Хот дотор бичигдсэн, бичигдээгүй гэж хоёр хууль байдаг. Өнөөдөр бичигдээгүй хууль нь байхгүй болчихсон. Хот уруу шилжин суурьшсан хүмүүст соёл, боловсрол заадаг газар байхгүй. Цаасан дээр бичигдсэн хуулийг уншаад, олж мэдээд авчих байх. Харин бичигдээгүй хууль гэдгийг олж авч чадахгүй.
 
 
Жишээ нь, олон нийтийн газар дураараа бие засч болохгүй, машинаар явж байхдаа тамхиныхаа ишийг хаяж болохгүй, хүмүүстэй мэндлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ бол хотод шилжин суурьшсан хүмүүсийн буруу биш. Хөдөөгийн замд машин бариад явж байхад урд, хойно нь өөр машин байдаггүй.
 
 
Нөгөө хүн маань яг тэр ухамсраараа явж байгаа байхгүй юу. Одоо Улаанбаатар хотын зам дээр явж байгаа машинуудыг харахад хувь хүн хөдөө хээр машинаа бариад яваа юм шиг л харагддаг шүү дээ. Япон, Германд явж байхад тэд нар нэг нэгэнтэйгээ яагаад ингэж хүндэтгэлтэй харилцаад байна.
 
 
Зүй нь олон зуун жил нэг дор хамт амьдраад бие биеэ хүндэтгээд сурчихсан. Дээр нь хүссэн хүсээгүй бичигдээгүй хууль нь гараад ирдэг. Өнөөдрийг болтол манайхан “уучлаарай” гэдэг үгийг хэрэглэж сураагүй л байна. Герман, Унгарт машин бариад явж байхад нэг нэгийгээ дээд зэргээр хүндэлнэ.
 
 
Манайд бол тийм соёл байдаггүй. Түрүүлээд өөрөө орж л байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээгээр ханддаг. Энэ сэтгэлгээнээсээ болж мөргөлдөнө. Мөргөлдсөнийхөө дараа хэрэлдэнэ, зодолдоно. Бөөн асуудал үүсгэнэ. Ер нь уучлалт гуйж чадахгүй байна гэдэг чинь буруугаа хүлээж чаддаггүй гэсэн үг шүү дээ.
 
 
Буруугаа хүлээж чаддаггүй хүн юм сурдаггүй юм байна л даа. Япон хүнтэй яриад сууж байхад “Уучлаарай. Би эндүү ташаа бодсон байна” гээд дүгнэлт гаргадаг. Манайхан юун дүгнэлт гаргах. Харин ч эсрэгээрээ пээдийдэг. Хотын замаар машинтайгаа явж байгаа нэг ч хүн ухардаггүй.
 
 
Монгол хүн ухрахыг бууж өгөх гэж ойлгодог юм шиг. Бүгд л Чингисийн удам болохоор нэг нэг рүүгээ сүр сүр хараад суучихна /инээв/. Нүдээрээ алах гээд ч байгаа юм шиг. Үнэндээ амнаас цаашгүй юм чинь бие биеэ олигтой ч алж чаддаггүй л байхгүй юу. Энэ ааш араншин бол тухайн хувь хүний буруу биш юм.
 
 
Амьдарч, хадгалж ирсэн ахуй, зан заншилтай нь шууд холбоотой байдаг. Манайхан чинь хөдөө хээр талд нүүдэллэж амьдраад сурчихсан. Сүүлийн 20 жилд нэг газар төвлөрч, суурин соёл иргэншилд шилжиж байна. Дээрээс нь нийгмийн бухимдал, үргэлж стресстэй байдаг нь нөлөөлдөг байх л даа. 
 
 
 
-Танай хүү гитараа тоглож байгаа юу? 
 
-Тоглож байгаа. Манай хүү гитар их сайн тоглодог. Энэ жил 18 нас хүрч байна. Чехэд мужааны сургуульд сурч байгаа болохоор өөрөө цахилгаан гитар хийдэг болчихсон юм. Би хүүгээсээ асуусан л даа “Чи яагаад мужааны сургуульд орчихов” гэж.
 
 
Тэгсэн хүү маань “Ааваа Хятадын хямдхан бараанаас болоод бүх сайхан нарийн мэргэжил байхгүй болчихлоо” гэж хариулсан. Тэгэхээр нь би “Миний хүү сайн сураад Монголд очиж ажиллаарай. Манайд ч гэсэн хийх юм их байгаа” гэж хэлсэн. 
 
 
 
-Хүүхдүүд тань монгол хэлээ сурах болов уу. Монголоор ярьж чаддаггүй гэж сонссон юм байна? 
 
-Суралгүй яахав дээ. Уг нь багадаа монголоор ярьдаг байсан. Дараа нь Америк, Болгар, Чех зэрэг олон орноор яваад ирэхээр мартсан байх л даа. Одоо бол хоорондоо англиар ярьдаг.
 
 
Нью-Йоркийн аялгаар ярьдаг юм. Манай гэр бүлийн хүн гайгүй сайн англи хэл мэддэг. Гэхдээ манай хоёр хүүхдийн ярьж байгаа зүйлийн 30 хувийг ойлгодог гэсэн шүү. 
 
 
 
-Таны эхнэр Чех Улсаас Монголд суугаа Элчин сайд. Тэгэхээр Чех Монголын харилцаанд олон эерэг зүйл гарах байх гэж хүмүүс хүлээдэг шиг билээ? 
 
-Би найдаж байгаа. Найдахаас өөр зүйл хийж чадахгүй юм. Миний зүгээс “Чи ингэ, тэг” гэж хэлэх эрх байхгүй. Манай гэр бүлийн хүний монгол нэр нь Дулмаа, би энэ нэрийг хайрласан юм. Монгол судлаач, монгол хэлтэй болохоор монголчууд гэр бүлийн хүнд маань их хайртай байдаг.
 
 
Урьд нь ажиллаж байсан Элчин сайдуудыг харахаар 3-4 жил ажиллаж байгаад л яваад өгдөг байж. Манай гэр бүлийн хүн ч ялгаагүй үүргийн дагуу л ажиллаж байгаа. Гэхдээ Монгол, Чех Улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, идэвхжүүлэх тал дээр үнэхээр их зүтгэдэг.
 
 
Өөрөө санаачилж их зүйл хийнэ. Хөгжмийн чиглэлд гэхэд л Б.Долгион, Г.Ганхуяг нартай хэдэн хамтлаг дуучин Чехэд аваачих юмсан гэж ярьж байгаа нь сонсогддог л юм. Чехээс ч гэсэн хамтлаг дуучид урьж Монголд тоглуулах юмсан гэх зэргээр ярьдаг л даа. 
 
 
 
-Өвөөтэй чинь цуг уран бүтээл туурвиж явсан олон хүнийн зохиолыг ботилж гаргасан. Энэ бүхэн бидний хойч үед соёлын их өв болон үлдэж байгаа юм л даа. Харин Та бүхэнд Б.Ринчен гуайн ботийг гаргах бодол байдаг уу? 
 
-Би үргэлж тийм бодолтой явдаг. Гэхдээ аав бид хэд гаргаж дийлэхгүй юм билээ. Үүнийг төрөөс нь ч юм уу, ямар нэг компанийн дэмжлэгтэй хийхгүй бол
болохгүй. Ер нь Ц.Дамдинсүрэн гуай, С.Эрдэнэ гуай нарын бүтээлийг хэвлэж уншигчдад сануулж байхгүй бол нэг үе өнгөрөхөд л мартагдана.
 
 
20 жилийн дараа өнөөдрийн 15 настай хүүхдээс “Ц.Дамдинсүрэн, Б.Буяннэмэх, С.Эрдэнэ, Б.Ринченийг таних уу, мэдэх үү” гэж асуувал “Үгүй л” гэж хариулна. Үүнийг төрийн бодлогоор боловсролын хөтөлбөрт нарийн тусгаж өгөх ёстой. Францууд Жюль Вернээ яаж дэмжиж, дэлхий нийтэд сурталчилж байна.
 
 
Онцлог нь Францад нийгмийн соёл гээч юм аль эрт төлөвшчихсөн. Харамсалтай нь манайд нийгмийн соёл огт байдаггүй. Хуучин байсан ч одоо бол тэгээс л эхлэх гэж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар харах юм бол дан ганц уул уурхайгаар яваад олигтой юм болохгүй.
 
 
Ард түмний дээр нь суудаг хэдэн хүн баяжина, ард түмэнд ямар ч ашиг байхгүй. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш. Дэлхийн түүх өөрөө хэлж өгөөд байгаа байхгүй юу. Уул уурхайгаар явсан ард түмэн хэзээ ч баяждаггүй юм гэдгийг... Хамгийн аюумшигтай нь хэдхэн гэр бүл, цөөн тооны хүн баяжаад л өнгөрнө.
 
 
Ингэж баяжсан улсууд нь гараад л явчихна шүү дээ. Харин ард түмэн хоосон чигээрээ л хоцордог. Африкийн Нигер Улсаар жишээ аваад үзье л дээ. Хөрсөн доор нь бүх ховор элемент, алт эрдэнэс байж л байдаг.
 
 
Тэгэхэд 150 гаруй сая хүн амтай улсын 500 мянган иргэн нь сайхан амьдраад бусад нь манай монголчуудаас долоон дор амьдарч байна. Норвеги гэхэд л далай дороо нефтийн асар их баялагтай орон. Түүнийгээ ухаж төнхөхгүй сайхан амьдраад болоод л байна.
 
 
Норвегийн хамгийн сайхан нь юу вэ гэхээр “Иргэн Та үүнээс илүү баяжиж болохгүй” гээд заагаад өгчихсөн хуультай. Өнгөц харвал үүнийг жинхэнэ социализм байна гэж харах байх. Үгүй, тэнд иргэн бүр тэгш сайхан амьдарч байгаа байхгүй юу.
 
 
 
-Таны аавыг дэлхийн шилдэг 10 палеонтологичийн нэг Р.Барсболд гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ түүний бүтээсэн гайхамшгийг монголчууд ер тоодоггүй нь хачирхалтай санагддаг? 
 
-Манай аавд Стивен Спилбергийн бичсэн нэг захиа байдаг юм. Үүнийг нь би санамсаргүй мэдэж авсан л даа. Тэгээд ааваасаа асуухгүй юу “Аав Танд Стивен Спилбергийн захиа байдаг юм уу” гэсэн “Тийм” гэж байна. “Хэзээ бичсэн юм бэ. Одоо хаана байгаа вэ” гэсэн “Хагас жилийн өмнө явуулсан юм.
 
 
Одоо ажил дээр байж л байна” гэлээ. Тухайн захиандаа “Таны олж нээсэн динозавруудыг кинондоо оруулсан /“Юрийн галавын цэцэрлэг” буюу “Jurassic park”/. Танд ажлын амжилт хүсч, баярлаж буйгаа уламжилья” гэсэн юм билээ. Аав жил болгон Франц, Япон, Англиас янз бүрийн шагнал аваад л байдаг.
 
 
Үүнийгээ нэг их дуулиан, шуугиан болгож ярих дургүй, дуугүй суугаад байдаг юм. Манайхан ч мэдье гэж боддоггүй байх. Нийгэм нь ядуу, боловсролгүй юм чинь аргагүй шүү дээ. Динозавр гээд ярихаар л зараад хэдэн сая ам.доллартай болдог гэж ойлгоод байдаг.
 
 
Саяхнаас л Тарбаазавр батаар гэдгийн ясыг хулгайгаар гаргасан гэсэн шуугиан гарсан болохоос биш урьд нь хэн ч тоодоггүй байсан биз дээ. Энэ олон жилийн дотор манайх хачин сайхан музейтэй болж болох л байсан. Япон, Өмнөд Солонгос палеонтологи гээд их гүйгээд байна л даа.
 
 
Учир нь япончууд 1980-аад оны үед нэг зүйл маш сайн ойлгосон байхгүй юу. Тэд сайхан машин, сайн компьютер хийдэг гээд л хөөрөөд байсан. Явж явж эргээд харсан чинь тэдэнд цэвэр шинжлэх ухаан байхгүй байсан байгаа юм. Тэгсэн өнөө ядуу гээд ад үзээд байдаг Монгол нь палеонтологитой сууж байдаг.
 
 
Уул шугамандаа палеонтологийг АНУ, ОХУ шиг баян, том гүрэн ивээн тэтгэн тогтоож байдаг юм билээ. Тэгэхэд манай палеонтологичид АНУ-ын палеонтологичидтай өрсөлдөөд явж байна. Японы шинжлэх ухаан гэж хараад байсан зүйл нь бизнес л байгаа байхгүй юу.
 
 
Нэг юм зохион бүтээгээд түүнийгээ зарчихъя гэдэг ч юм уу. Харин палеонтологи бол тийм их мөнгө олоод, асар их баяждаг зүйл биш. Нэр хүндээс өөр юу ч өгдөггүй. Бизнес хийе гэвэл олсон олдворуудаа пластик хэвээр авч гаднын том музейнуудад худалдаж болно.
 
 
Тэд нар чинь манайхаас дандаа горьдож суудаг хүмүүс байхгүй юу. Манай улсын хувьд дэлхийд палеонтологи болон, ноолуур, ашигт малтмалаараа нэр хүндтэй.
 
 
Гэвч ноолуур, ашигт малтмал бол цэвэр бизнесийн чиглэлийн нэр хүнд болоод явчихна. Тэгэхээр Монголын палеонтологи бол дэлхийд эх орноо сурталчилж байгаа шинжлэх ухааны ганц салбар юм. 
 
 
 
 
-Сүүлийн үед манайхны дунд дов жалганы үзэл дэндүү газар аваад байх шиг. Би тэр аймгийнх болохоор тийм хүнийг түших ёстой гэдэг ч юм уу. Гэтэл бид Монгол гэсэн нэг л нэрийн дор амьдарч яваа хүмүүс шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой байна? 
 
-Одоо хараад байхад манайхан дов жалганы үзлээр маш их хуваагддаг болчихсон. Энэ Увсынх, Дорноговийнх, Сүхбаатарынх гээд л хуваагдана. Өвөө үүнд их дургүйцдэг байсан. “Монголчууд чинь ерөөсөө л Хамаг Монгол байсан. Хамаг Монгол байхдаа хамгийн их хүчтэй байж” гэж ярина.
 
 
Эцэстээ мужийн жижигхэн үзэл рүү орж байгаа нь энэ л дээ. Чи монгол, би монгол гэж ярихын оронд чи тийм, би ийм, чи ийм эрлийз, би ийм хурлийз гээд ярьдаг байхгүй юу. Үүнийг англиар трайбализм /tribalism/ гээд байгаа юм л даа.
 
 
Трай /tri/ гэдэг нь омог гэсэн утгатай үг, тийм үү. Афганистанаар л жишээ авч яръя. Нэг талаасаа улс юм шиг, нөгөө талаасаа биш ч юм шиг. Учир нь бөөн омог хоорондоо дайтаад л сууж байдаг. ОХУ ч тэр, АНУ ч тэр дийлээгүй шүү дээ. Сомали ч ялгаагүй, нэг үндэстэн нөгөөдхөө устгаад л сууж байгаа байхгүй юу.
 
 
Ингээд яриад байсан чинь манайхтай төстэй ч юм шиг. Ер нь Монгол Улс маань нэг л эгзэгтэй үед тулж ирээд яах учраа олохгүй байх шиг л санагдаад байгаа юм. 
 
 
 
-Өнөөдөр бид Чингисээс өөр бахархалгүй болчихсон юм шиг бүх зүйлээ их хаанаараа нэрлээд л байна. Монгол хүн бүрийн бахархал Чингис гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хэт их туйлширвал ямар ч зүйл үнэгүйддэг муу талтай. Бахархлын тухай Та юу хэлэх бол? 
 
-Том үндэстэн зайлшгүй нэг бахархалтай байх ёстой. Манайхан бол амнаас цаашгүй. Бүгд л Чингис хаан гэж ярьдаг. Хэдэн нөхөр суугаад ярихад Чингис хаанаа зайлшгүй дурддаг байхгүй юу. Нөгөөдхийг нь сайн сонсоод байхаар “Монголын нууц товчоо”-гоо тойруулаад яриад байдаг.
 
 
Гэтэл тухайн цаг үед өчнөөн гадаадын мэргэжилтэн манайд ажиллаж байсан байх жишээтэй. Марко Пологоос эхлээд л их олон хүн ажиллаж байсан. Эд нар чинь Монголын төлөө л ажиллаж байсан. Өнөөдрийнхөөр бол цалин хөлс нь ч боломжийн, улаан номертой машин ч барьдаг байсан байх /инээв/.
 
 
Рашид Аддин, Марко Поло, Александр Невский нар Монголын нарийн ухааныг үзүүлж байсан байгаа юм. Өгөдэй хааны үед Хархоринд байсан Мөнгөн модыг франц хүн хийсэн гэж байгаа. Мөн тухайн үед Монголд шашны зөрчилдөөн байдаггүй байсан нь европчуудыг гайхахад хүргэсэн байгаа юм.
 
 
Марко Поло европчуудад итгүүлэх гээд үйл тамаа үзсэн байдаг биз дээ. Нэг гудамжинд нь буддын, нөгөөд нь лал, цаана нь христосын сүм байдаг юм гээд ярихаар нөгөө хэд нь худлаа яриад бай гэдэг.
 
 
Тэр ч байтугай Өгөдэй хааны үед бий болсон цаасан мөнгөн дэсгэртийг үзүүлээд “Үүгээр дэлгүүр орж юм худалдаж авдаг” гэхэд итгээгүй байхгүй юу. Харин цөөн хэдэн хүн итгэсний нэг нь Кристофер Колумб.
 
 
Үнэхээр бид Монголынхоо түүхийг мэдье гэж бодож байгаа бол Орос, Хятадын түүхийг давхар судлах ёстой. Яагаад эвлэлдэн нэгдсэн эс бөгөөс яагаад дайсагнасан юм гэдгийг бүгдийг нь мэддэг байх хэрэгтэй. Хамаг Монгол гэдэг л энэ юм шүү дээ. 
 
 
 
-Та олон газар орноор явсан хүн. Тэр газруудад ер нь ардчиллын үнэ цэнэ гээч зүйлийг яаж ойлгож байна вэ? 
 
-Ардчилал бол миний гол зарчим. Скандинавын орнуудаар л жишээ авъя л даа. Жинхэнэ капиталист орон гэсэн мөртлөө яг л социалист замаар явж байна. Ядуучуудаа дэмжинэ, сургуулийнх нь систем хатуу, банк, санхүү эдийн засаг нь маш их зарчимтай.
 
 
Татвараа төлөөгүй бол шоронд сууна. Хуулийн дагуу юмаа хийгээд байвал ёстой сайхан амьдарч болно. Иймэрхүү хөгжилтэй оронд явж байхдаа би сонирхоод хүмүүсээс нь асууна л даа “Танай Ерөнхий сайдыг хэн гэдэг юм бэ” гэхээр “Мэдэхгүй” гэдэг.
 
 
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа нэрийг мэдэхгүй, таньдаггүй орон бол хамгийн сайхан орон гэсэн үг шүү дээ. Будапештэд байхдаа би Өмнөд Солонгосын Элчин сайдтай танилцсан юм. Тэр хүн “Монгол сайхан ардчилсан орон болох юм байна. Янз бүрийн хүн гарч ирж магадгүй.
 
 
Танай Монголд олон малчин байдаг гэдгийг би мэднэ. Жирийн иргэд, тэдгээр малчинд дээр нь ямар нам сууж байгаа нь хамаагүй. Дээр нь сууж байгаа хүн танай хүүхдүүд маргааш сургуульдаа явах уу, чи ажилтай байх уу гэдгийг л шийдэх ёстой” гэж хэлж байсан юм.
 
 
Энэ бол 1990-ээд оны эхэн үед болсон яриа шүү. Засгийн газар, УИХ-ын гол зорилго бол ард түмнийхээ амьдралыг өөд нь татах, илүү баян болгох. Үүнээс өөр зарчим тэдэнд байхгүй, байх ч ёсгүй юм.
 
 
Т.Бүдээхүү
 
Т.Зөнбилэг

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ