АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

“Үнэн хүмүүс” булангийн маань энэ удаагийн зочноор “Цаглашгүй гэрэлт”шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д. Ухаанзаяа багшийг урилаа. Та бид нас барсан хүнээ хүндэтгэн бурхан болсоон хэмээдэг. Тэгвэл Ухаанзаяа багштай ярилцсанаар бурхны оронд биш бодит амьдрал дээр хүн хичнээн оюунлаг гэгээн, амьд бурхан мэт байж болдогийг мэдэрсэнээ нуух юун. 

Та өөрийн бурхан урлалын сургуулийнхаа талаар танилцуулаач?
За тэгье. Манайх “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төв гээд ТББ юм. Үндэсний урлахуйн ухаан буюу шашны болоод Монголын уламжлалт урлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан. Үүнийхээ харъяа сургалтын төвтэй. Эндээ бурхан зураг, торгон зураг буюу зээгт наамалын гэсэн хоёр чиглэлээр сургалт судалгаа явуулж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Цэрмаа багш маань ерөнхийдөө удирдаж, зөвлөх багшаар нь ажилладаг. Мөн би өөрөө гардан зээгт наамлаа заадаг.  Энд бас найман уран бүсгүй  хоёр, гурван метр шахуу Цагаан дарь эх бурхан оёод дүүрэх  шатандаа орж байна.
Шүтээн зургийн, бурхан зургийн ангид 20 гаруй оюутнууд бий. Тэднийгээ би өөрөө бие дааж удирдаад, зөвхөн танка зураг, монгол уламжлалаар нь бурхан зургийг яаж зурах вэ гэдэг мэргэжлийн хичээлийг нь заадаг. Бусад онолын хичээлүүдийг манай төвийн лам, эрдэмтэн багш нар ордог. 

Энэ сургалтын төвдөө шавь нараа яаж шалгаруулж авдаг вэ? Хүссэн хүмүүс орж болох уу? 
Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн, монголынхоо уламжлалт зурганд дур сонирхолтой, эрэгтэй хүүхдийг голлон авч байна. Сонирхсон хүн болгоныг авна, гэхдээ насны хязгаартай. 16, 17-той, хорь хүртэлх насны хүүхдүүдийг авдаг. Бүр нас нь ахимаг бол хэцүү. Харин зээгт наамлын ангид нас харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр, сонирхсон бүх хүмүүсийг сургадаг. 
Аливаа нэг сургууль, янз бүрийн юмыг сурахад дур сонирхол хамгийн чухал байдаг.  Юун түрүүнд маш их дур сонирхолтой байх хэрэгтэй. Бурхан зураг гэдэг бол монгол зургаас тэс хөндлөн, өөр юм байгаа юм. Асар их тэвчээр, асар нарийн чанд сахилга бат, дэглэм ордог. Үүнийг уйгагүй хөдөлмөрч,  тэсвэр тэвчээртэй, оюунлаг, бурханлиг сэтгэлтэй хүн л сурна. Түүнээс биш, зүгээр л нэг хурдан сураад, гялс хийчихнэ гэсэн бодолтой хүн бол сурахгүй. Буяны сэтгэлтэй тийм хүмүүс л сурна даа. 

Таны шавь нар тэгэхээр бүгд мэргэжлийн бурхан урлаач болох уу?
Лам, хар, эмэгтэй нийлсэн гучаад хүн бий. Би түрүүн хэлсэн, Бурхан зургийн ангийн 20 хүүхэд нь зөвхөн танка зургаар сурч байгаа. Танка гэдэг маань ОУ-ын хэмжээнд  бурхан зургийг хэлдэг. Тэднээс гадна долоо, найман бүсгүй торгон зураг буюу зээгт наамлаар сурч, мэргэшиж байна.  Номт гурван улс дотроосоо торгоор зурах урлаг манай Монголд хамгийн их, бүр оргилдоо тултал хөгжиж чадсан. Энэ уламжлалыг сэргээгээд манай алтан үеийн хэмээгддэг Цэрмаа багш маань зааж удирддаг. Энэтхэг, Төвд Монгол гурвыг номт гурван улс гэдэг юм ш дээ.

Зээгт наамлыг бол эмэгтэй хүн сурч болох юм байна. Бурхан зургийг эмэгтэй хүн зурж болдог уу?

Намайг оюутан байхад манай багш бол эмэгтэй хүүхэд авдаггүй байсан. Багшилж байхад ч эмэгтэй хүүхэд ирээд оръё гэхэд багш ерөөсөө авдаггүй, охидууд гомдоод л, зарим нь уйлаад л явж л байсан. Тэр үед яагаад эмэгтэй хүүхэд сурч болдоггүйн бол гэж боддог байлаа. Төвдөд бас ганц, хоёр эмэгтэй хүүхэд сурч байсан. Гэхдээ маш цөөхөн. Багш маань яагаад авдаггүй байсан гэхээр эмэгтэй хүн байгалаасаа бие физилогийнхоо тал дээр эрэгтэй хүнээс арай доогуур, удаан олон цагаар суухад биеийнхээ онцлогоос шалтгаалаад амархан ядардаг. Эрэгтэй хүн бол байгалаасаа хатуу хөтүү ажил хийж чаддаг. Эмэгтэй хүн бол арай уян налархай, банди нартай зэрэгцээд суухад гарын аяыг даахгүй гээд авдаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг танка, энэ тэр дээр нэлээн шөнө орой болтол нойр, хоолгүй сууна. Тэгж суухад эмэгтэй хүнд өлсөж ундаасахаас авахуулаад хэцүү л дээ.  
Миний хувьд туршилт маягаар хоёр, гурван охидууд авсан. Ер нь дажгүй болмоор шинжтэй. Одоо хоёр эмэгтэй шавь маань эрэгтэйчүүдтэй зэрэгцээд маш сайн сурч байгаа. Зарим эрэгтэй хүүхдүүдээс ч илүү чамбай, нарийн, их цэвэрхэн, маш хичээмтгий байгаа. Зураас, дагнаасыг банди нараас ч илүү сайн хийж байгаа учраас хамгийн анхны эмэгтэй бурхан урлаач шавь төрөх магадлал өндөр байна.

Таныг Бурханч лам Пүрэвбат гуайн анхны шавь гэж ярьдаг. Багш шавь барилдсан түүхээсээ хуваалцаач

Тиймээ. Багштайгаа учирсан маань их сайхан билэг дэмбэрэлтэй  түүх байгаа юмаа. Миний хамгийн анхны багш Жалайр Батбаяр гээд Хүүхдийн пионерын ордны уран зургийн дугуйлангийн багш байсан. Одоо ч Хүүхдийн  ордонд багшилж байгаа л даа. Каллиграфф гэдэг уран бичлэгийг Монголдоо анх гаргаж ирсэн мундаг хүн байдаг. Батбаяр багшдаа гурав, дөрөвдүгээр ангиасаа шавь орж дөрөв, таван жил дугуйлан маягаар суралцсан.  Багш маань анх намайг Пүрэвбат багштай уулзуулж өгсөн юм. Хүүхдийн пионерын ордныг төгсөөд  СУИС эсвэл өөр урлагийн сургуульд ордог уламжлал байсан. Би төгсөөд мэргэжлийн их сургуульд оръё гэж бодож байлаа. Тэгэхэд “Донжи лодой цанаа мэд” бурханч лам Пүрэвбат багш маань Түвдээс төгсөж ирээд, бурхан зургаар дагнасан урлахуйн ухааны, маш нарийн сургалттай анги нээж байсан юм. Би тэнд шалгалт өгөөд багшийнхаа анхны шавь болон орсон. Ингэж анхны шавиар ороод долоон жил маш чанга хатуу, нарийн дэглэмийн дор бурхан зураг гэдэг юмыг мэргэжлийн төвшинд сурсан. Хүүхдийн пионерын ордонд байхдаа, зүгээр сонирхогчийн маягаар зурж маш олон уралдаан тэмцээнд орж түрүүлдэг,  дөрөв таван бие даасан  үзэсгэлэнгээ гаргаж байсан. 
Пүрэвбат багшдаа хадаг барин багш шавь барилдаад, жинхэнэ бурхан зургийн зураас, татлага, өнгөний бэлгэдэл утга ямар нарийн байдгийг мэдсэн. Нэг зураас, нэг өнгө болгон бэлгэдэл утгатайг, бурхан зураг гэдэг маш чанд, нарийн дэглэмтэй,  энгийн чөлөөт зурагнаас өөр, номтойгоо барилдсан, гүн гүнзгий ухаантай, оюунлаг зүйл юм байна гэдгийг ойлгож авсан. Суралцах хугацаандаа олон том бүтээлийг хийхэд багштайгаа хамт оролцож байсан. Жишээ нь, П. Очирбат ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж Монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсагийг бүтээлгэсэн. Түүний мэлмийг нээх ажилд оролцож байлаа. Тэгээд сургуулийнхаа анхны төгсөгч болж сургуульдаа дөрвөн жил багшлаад өөрийн шавь нараа бас төрүүлсэн. Одоо, өөрөө бие даагаад “Цаглашгүй гэрэлт” сургалт судалгааны төвийг үүсгэн байгуулаад явж байна даа. 

Бурхан зураг зурахад юуг илүү анхаарах ёстой юм бол оо? Ямар дэг ёс сахидаг вэ?
Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн  бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй. 
Манай Монголд буй ганцхан бурханч лам нь Пүрэвбат багш маань юм. Багш маань  Энэтхэг, Төвдийн том том хутагт, хувилгаад багш нараас бурхан зурах уламжлалыг аваад Монголдоо ирээд заасан анхны шавь нь би. “Чи бурхан зурж болно” гэсэн хамгийн анхны зөвшөөрлийг авсан.  Гол нь багшаасаа дамжлагаар аваад явж байгаа нь хамгийн чухал. Ямар нэг хамаагүй хүнээс сурдаггүй, багшаас уламжлан авдаг. Ердийн зураг бол янз бүрийн сургуульд сураад шууд зураад эхэлдэг. Манай бурхны зураг бол заавал лүн ванг нь авч, бясалгал бүтээлийг нь хийж байж бурхнаа бүтээдэгээрээ онцлогтой бөгөөд үүнийг ердийн зураг биш эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол гэж ойлгож болох юм.

Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?
Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие  лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан  амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.

Та лам хүн үү?
Лам хүн бол биш. Буддын гүн ухаан судлаач, ламын мэдлэгтэй бурхан урлаач хүн байгаа юм. Үндсэн мэргэжил маань бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач гэж явдаг. Буддын шашныхаа онолын бүх юмыг, энэ чиглэлийнхээ ном уншлагыг мэднэ. Гэхдээ бурхан зураг руугаа түлхүү голлож орсон.

Өөрийн тань хобби болсон зүйл юу вэ?
Хоёр л юм бий. Ном их цуглуулна, урлагийн болон бурхан зургийн номондоо мөнгө хайрлахгүй. Бээжин явахын бол тэндхийн Ванпүжингийн асар том номын их дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрээс бол ерөөсөө гарахгүй./инээв/  Надад маш олон ном бий, манай аав өөрөө их ном цуглуулж, уншдаг хүн. Аавын цуглуулсан бүх ном надад өвлөгдөж ирсэн байгаа. Тэгээд миний нэмсэнтэй нийлээд 2000 гаруй ном бий. /За тэр тоо ч яахав гээд инээв/  Мөн мэргэжлийнхээ чиглэлээр жижиг загал бурхад цуглуулдаг. Загал гэдэг маань тиггүйгээр зурдаг, хумсны толионы дайтай,  дээд тал нь таван см орчим жижиг хэмжээний бурхныг хэлдэг. Ном, хуучны жижиг бурхдууд цуглуулдаг, сонирхол маань бол тэр.

Та сая ааваас өвлүүлэн ном гэж ярилаа. Таны аав номын хүн үү, аав ээжийнхээ талаар яриач?
Манай аавыг Ц. Доржнамжил, ээжийг Н. Сүрэнхүү гэдэг, хоёулаа Говь-Алтайн хүмүүс. Говь- Алтай аймгийн Дарви, Шарга, Тонхил сумын улсууд. Залуудаа аав маань адуучин, ээж маань тэмээчин байсан. Уг гарал нь малчин хүмүүс бөгөөд сургууль соёлын мөр хөөж хот руу ирж суурьшсан. Аав маань байгалийн төрмөл авъяасаараа их сайхан зурдаг. Ялангуяа хурдан морь их зурна. Дээр үеийн хүмүүс санана даа, хар зах гэж байхад манай аав зөрсөн хоёр алаг морь их зурдаг байсан. Хөдөөний айл болгонд байдаг юм даавуун дээр будгаар зурсан, хойноо гэртэй, эмээл хазаартай зөрсөн хоёр алаг морины зураг. Учиртай гурван толгойгийн Юндэн Нансалмаа хоёрыг, Эвтэй дөрвөн амьтдыг зурна. Тухайн социализмын үед бурхан шүтээний талаар хаагдмал байлаа шүү дээ. Бурхан шүтээн ярьсан хүнийг шоронд хийнэ гэдэг байсан, маш хатуу үе. Тэр үед аав маань одоогийн над шиг тигээр нь биш ч гэсэн, Ногоон дарь эх, маск гээд бурхдуудыг жуулчдад зориулж зурдаг байсан юм билээ. Одоо нас 60 гарсан ч гэсэн уул, ус, байгал, Монголынхоо алдартай тахилгатай Отгонтэнгэр, Бурхан халдун уулуудыг, энэ цагийн хурдан хүлэг болсон “Эрдэнэчулууны Шарга азрага” гээд сайхан хурдан морь энэ тэрийг зурсаар л байна. Бас их гарын дүйтэй, модоор юм сийлдэг, нарийн мужаан хийнэ.  
Ээж Н.Сүрэнхүү маань дээл, үндэснийхээ хувцас сайхан оёдог. Бид жоохон байхдаа дээл өмсч л өссөн. Тэр бүх л дээлийг мөн Цагаан сараар өмсдөг дээл хувцасыг ээж маань оёж өгдөг. Ер нь бол урлагийн гэр бүлд төрсөн гэж хэлэхэд болно. Аав зурна, ээж дээл оёно ийм хоёр уран хүн байхад би зураг зурахгүй байхын ч аргагүй. 

Тэгвэл та ааваасаа номын цуглуулга болон зургийн авъяасыг нь өвлөж авсан байх нь ээ. Бурхнаас гадна юуг хамгийн их зурсан бэ ?
Багаасаа номон дунд өссөн, жоохон байхад төрсөн өдөр болгоноор ном бэлэглэж урамшуулдаг байсан. Төрсөн өдрөөрөө дуртай нэг номоо авах эрхтэй. Тийм их номын дунд өсөж, аав маань номтой нөхөрлүүлсэний ачаар номыг цэвэр нямбай үзэж сурсан даа. Зургаа, долоотойдоо хүүхдүүд гадаа шороон дээр тоглож байхад би Италийн сэргэн мандалтын үеийн уран зургийн альбомыг үзээд, байнга зургаа  зураад л сууж байдаг хүүхэд байлаа. Бурхан зургийн альбом гээд манай алдарт зураач Цүлтэм гуайн амьд байхдаа хийсэн, монгол зураг, уран баримал, Занабазар гээд Монголын алдартай маш гоё уран зургийн цуврал нь манай аавд бүх сериэрээ байдаг. Тэрнийг үзэж өссөн. Үзнэ гэдэг чинь тухайн зүйл хүний сэтгэлд хоногшоод байдаг. Мөн аавыгаа зурахыг хараад, дагаж дуурайж зураад л.  Багадаа амьтан их зурдаг байж байгаад дээшлээд баатар зурдаг болоод Чингис хааныг зурдаг болсон. Тэгээд асар их зураг зурсан байна жоохон байхдаа. Сүүлдээ үйл явдалтай араатан амьтдыг зохиож, үлгэр домгийн уншсан номоо сэдэвчилж бүхэл бүтэн ном зурдаг болсон. Жек Лондонгийн “Цагаан соёот” гээд номыг уншаад бүх үйл явдлаар нь цуврал зураг зурчихсан байна. Тэрнээс өмнө Гэсэр, Жангар гээд манай алдартай туульсын Жангарын үйл явдлыг ийм зузаан /сөөм хэрийг хуруугаараа харуулав/ зураг болгож зураад тавьчихсан байх жишээтэй. 
Мэргэжлийн сургуульд сурсанаасаа хойш бурхан их зурж байна даа. Гэхдээ хажуугаар нь зохиомжоо орхигдуулалгүйгээр фантастик, үлгэр домгийн болон мэргэжлийнхээ дагуу бурхнаасаа гадна буддын шашны сэтгэлгээ рүү орсон, буян нүгэл, хүн ямар байж байж гэгээрч болдог юм бэ гэсэн сэтгэлийн ариуслыг голлосон чөлөөт зохиомжуудыг зурсан байна. 

Та ах дүү олуулаа юу?
Олуулаа, эцэг эхээс зургуулаа. Миний дээр хоёр ах, нэг эгчтэй. Нэг ах маань саяхан бурхан болсон.  Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Охин дүү эмч, эрэгтэй дүү тогооч, эгч маань санхүүч, орчуулагч, ах маань цагдаа. Гэхдээ одоо бизнес хийгээд явж байна. Манайхан Учралсайхан, Уламсайхан, Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гээд бүгдээрээ “У” үсгээр эхэлсэн нэртэй. 

Бүгдээрээ У-аар эхэлсэн гэхээр их учиртай байх. Таны нэр ч их содон сонсогддог. Хэн өгсөн бэ?
Монгол нэр гэж бодож аав маань өгсөн. Сүүлд би өөрөө нэр судалж сонирхоод үзсэн чинь Заяа гэдэг нь Жияа буюу ялгуусан, ялан дийлэх гэсэн утгатай Төвд үг юм билээ. Тэгэхээр ухаанаар ялан дийлэх гэсэн үг болж байгаа юм. Сүүлийн үед би нэр их сонирхдог болоод, хүмүүс хүүхдэдээ нэр авч байгаа. Хүний нэр гэдэг их учиртай, төрсөн жилийнх нь барилдлагаас болж нэрийг нь учир уялдаатай өгдөг. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёр хоёулаа усан барилдлагатай байвал хүүхдэд нь Сүмбэрбилгүүн гэх нэр өгөх жишээтэй. Сүмбэр гэдэг нь усан дээр сайн тогтдог зүйлийг хэлдэг. Мөн амархан бузартдаг хүүхдэд Очиртой нэр өгнө. Утга учиртай их гоё нэр өгдөг, эрэгтэй бол Билгүүн- Очир, Билгүүндалай, Номуундалай гэх мэт харин эмэгтэй хүүхдэд Янжинлхам, Янжиндулам, Норжинлхам гэх зэрэг. Норжин гэдэг нь эдийн тэнгэр гэсэн утгатай. 

Өөрийнхөө гэр бүлээ танилцуулаач?
Манай гэр бүлийн хүн Энх-Од,  Нисэхэд ажилладаг. Нисэхийн ерөнхий газрын хамгийн анхны эмэгтэй нисэхийн удирдагч, РП гэдэг байхгүй юу. Нислэгийн ахлах удирдагч гэж явдаг. Тэр нь юу хийдэг вэ гэхээр Монголын газар нутгаар орж ирж байгаа бүх ОУ-ын онгоцны бууж, суух чиглэлийг удирддаг, өндөр, нам, хурд гээд бүх зүйлийг зохицуулдаг маш хариуцлагатай ажил байдаг. Ленинградын Нисэхийн академийг төгсөж ирээд Нисэхийн ерөнхий газар арван хэдэн жил ажиллаж байна уу даа. Хоёрхон эмэгтэй төгсөж ирсэн нь манай эхнэр түүний найз, одоо хоёулаа хамт ажилладаг. Бид нэг хүүтэй. Хүү маань оюутан.

Хүү чинь бас тань шиг авъяастай юу?
Миний авъяасыг бол өвлөж аваагүй. Компьютер график тал руугаа их сонирхолтой. Ээжийгээ дуурайгаад хэлний асар их авъяастай. Тэгээд ер нь өөрийнх нь дур сонирхлоор л явуулна даа. 

Хэл гэснээс, та ер нь хэр олон хэлээр ярих вэ?

Олон хэл ч юу байхав, өөрийнхөө хэмжээнд ярианы англи хэлтэй. Мэргэжлийнхээ дагуу номын Төвд хэлтэй. Хуучин монгол бичгээрээ уншиж, бичнэ. Солонгос хэлийг хальт гадарладагаас цаашгүй. /Инээв/ Ер нь бол англиар хэнтэй ч ярьчихна.

Хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярьдаг болтлоо Англи хэлийг яаж сурав аа?

Манай сургуульд анх багшийн маань эхнэр хэлний хичээл зааж байгаад, сүүлд нь жинхэнэ британи хэлтэй англи хүн заадаг болсон. Англи багштайгаа ойрхон байж, англиар ярьж хөөрч байгаад л сурсан даа. Багш маань бас бурхан зураг зурдаг, манайд сурах гэж ирсэн юм. Би бурхан зургийг нь заана, тэр надад англи хэл заагаад ангидаа хоёулаа нэг дор суугаад хоорондоо чөлөөтэй ярина. Би чадахгүй ч гэсэн, буруу ч хамаагүй ярьдаг байсан. Хэл сурахад зориг их чухал байдаг, ичиж болдоггүй. Мэдэхгүй үгээ англиар нь тайлбарлуулж  хоорондоо ярьсаар байгаад л сүүлдээ чөлөөтэй ярьдаг болчихсон байсан. Гол нь цэвэр британи англи хэлтэй багш дэргэд маань байсан, тэгээд мөн өөрийн оролдлогоороо бие даагаад сурсан даа. Англи багшийнхаа буянаар хар яриагаар эхэлж сураад л дүрмээ сүүлд нь харчихсан. Нэг мэдэхэд л багштайгаа долоо, найман цаг чөлөөтэй яриад суучихдаг болсон байсан.

Таны цуглуулдаг номнууд бүгд бурхны шашных биш биз дээ?

Үгүй ээ,  миний номнууд дан бурхан шашных биш чиглэл чиглэлээрээ цуглуулдаг. Голлож урлагийн ном, мөн сүүлийн үед буддын гүн ухааны судрууд их цуглуулж байна. Түүхийн болоод уран зохиолын хуучны гарч байсан сайхан номнууд, ёс заншлын тайлбар толь гээд л маш олон чиглэлийнх бий. 

Сүүлийн үед залуус маань эргээд ном их уншиж, сонирхдог болчихжээ., уншсан номон дундаас чинь энийг л залуучууд уншаасай гэж боддог ном  бий юу?

Байлгүй яахав. Би угаасаа буддын шашинтай гүн ухаан судлаач хүний хувьд, хүмүүсийг роман, тууж гэх мэт янз бүрийн зохиолын ном унших гэхээсээ илүү сэтгэлийн ариусал руу голлосон, яавал хүн проблемуудаасаа салах вэ, техникийн хурдацтай хөгжилтэй энэ үед стресс бухимдлаасаа яаж салах вэ, яагаад хүн бухимдаад байдаг юм бол,  зовлонгийн шалтгаан юу байдаг юм бэ гэдгийг гарган тайлбарлаж өгсөн номуудыг уншаасай гэж боддог. Би ном цуглуулахаас гадна, өөрөө бас Төвд, хуучин монголоос ном орчуулсан юм. Дээрх шалтгаануудыг маш ойлгомжтой бичиж тайлбарласан энэ номыг хүмүүс уншаасай гэж боддог. Өөрөө гаргасандаа ч биш, Богд зонховын эмхэтгэж  найруулсан Бодь мөрийн зэрэг гэж эгэл төрөлхтөн байж байгаад гэгээрч бурхан болох замналыг харуулж чадсан бурханы шашны маш гайхамшигтай онолын ном бий. Энэ номыг хүмүүс уншихад номын хатуу хэллэгтэй болохоор ойлгоход жоохон хэцүү л дээ. Заавал багшаар хөтлүүлж байж ойлгодог. Миний үеийнхэн болоод одоогийн хүүхэд залуус оюун санаагаа ойлгоод, өөрийнхөө дотоод муу сэтгэл болох залхуу, хэнэггүй, мунхаг, тачаангуй  хорт сэтгэлийг ялан дийлж чадах юм бол, гадна талын бүх асуудлыг ялан дийлсэнтэй яг адил. Тэгэхээр би монголчуудынхаа оюуны гэгээрэлд  зориулж “Үлгэрт ламрим” гэдэг номыг орчуулж гаргасан. Ламрим гэдэг маань бодь мөрийн зэрэг гэсэн үг. Миний дээр хэлсэн “Бодь мөрийн зэрэг гэдэг ” номын өмнө гарсан байхгүй юу. Дандаа үлгэрээр иш татаад, маш ойлгомжтой яриа маягаар хийсэн ном. Хуучин манай лам нарын дунд Төвд хэл дээр байдаг ч хүн болгон Төвдөөр ойлгохгүй учраас орчуулсан юм. Өнөөгийн манай нийгэм байгал дэлхийгээ амьгүй мэт бодож, алт эрдэнэсийг нь ухан сүйтгэж, гол мөрнүүд ширгээд байна. Энэ нь зөвхөн би болвол бусад нь хамаагүй гэсэн төвдөөр дагзан буюу, минийвхийлэх, зөвхөн би гэсэн үзэл юм. Би цатгалан байвал хүн өлсөх нь хамаагүй, би зовохгүй л бол хүн зовох нь хамаагүй, би баялагтай байвал байгал дэлхий хамаагүй гэсэн муу, хорт сэтгэл. Аминчхан, хармын гээд таван хорт сэтгэлийн нэг. Жишээлбэл ийм үзлүүд байгаад, энийгээ таньж мэдэхгүй байгаа учраас Бодь мөрийн зэрэг номыг унших юм бол хорт сэтгэлээсээ болоод бид муу муухай, гай барцадыг өөрсдөө дууддаг юм байна, сэтгэлд л хамаг юм оршоод байна, сэтгэл ариусчих юм бол янз янзын шунал, хэрээсээ хэтэрсэн илүү дутуу зүйл цуглуулж овоолоод  байхгүй болно.  Тэгэхээр бид өөрсдийн дотоод сэтгэхүй рүүгээ л хандах хэрэгтэй, гадна талаас юм хайх хэрэггүй, дотроосоо бүх асуудал урган гардаг гэдгийг миний орчуулсан номонд маш нарийн энгийн, үлгэрээр ойлгуулаад гаргачихсан. Залуусаа энэ номыг аваад уншаасай гэж хүсдэг.  Дараа нь “Бодь мөрийн зэргийг” аваад уншаасай. Тэгвэл тухайн хүний сэтгэхүй маш өөр болно.
Одоо хүмүүс байр сав, машин тэрэг авна, хүүхэд гаргана гээд ертөнцийнхөө өдөр тутмын юмтай орооцолдсоор байгаад буян үйлдэх, сэтгэлийнхээ ариуслыг олох юмаа хаячихаад байна. Дарга цэрэг хамаагүй уг номыг уншиж ойлгосоноороо хүмүүсийн амьдрал ахуйд асар их тустай, зөв амьдрах хэвшил тогтох юм байгаа юм. Мөн оюунлаг, буянлаг сэтгэхүйтэй, энэрэн нигүүлсэх үзэлтэй болж, аливаа нэгэн юмыг эх мэт хайрладаг болно. Хүн болгон ээжийгээ хайрладаг шигээ байгал, уул ус, цэцэг навчийг амьд гэж бодох, найз нөхдийгөө ч муу үгээр хэлж гомдоолгүй, гэмгүй амьтан, хорхой шавьжийг хүртэл алахгүй байх хэрэгтэй. Амьтны амь хороохоор нас багасдаг юм ш дээ. Энэ хоёр номыг уншчихвал би хэн бэ, миний сэтгэхүй ямар төвшинд байна, би өөрөө яг хаана байна вэ гэдгийг мөн би энэ хүний ертөнцөд төрсөнөөс хойш юу хийх ёстой юм бэ, өөрөө л болоод байх юмуу, өрөөл олонд тустай зүйл хийх юмуу гээд бодол санаа нь ариусаад, юмыг шал өөр өнцөгөөс хардаг болох нигууртай. 

Таныг бас нийгэмд тустай олон ажил хийдэг гэж сонссон юм байна?
Аан тийм, жил болгон Бурхан багшийн дүйцэн өдрөөр Бурхны сэдэвтэй зураг, зохион бичлэгийн уралдааныг 10 жилийнхний дунд  зохион байгуулдаг. Бага дунд , ахлах гэсэн ангилалтай. Түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж, хамт оадиогийн нэвтрүүлэгт оролцдог.  Мөн хүүхэд асрах төвүүдээр очиж хүүхдүүдтэй нэг өдрийг ярилцаж, ном уншиж өнгөрөөдөг. Ер нь сургуулийн үйл ажиллагааг маань ч хүмүүс их сонирхож, дэмждэг. Саяхан л гэхэд Энэтхэгийн элчин сайд ирж сургуультай танилцсан. Их энгийн гоё хүн байдаг юм. Монгол бурханчийн бүтээл хэрэгтэй гээд таван янзын бурхан бүтээлгэж байгаа. 

Уран хүмүүс солгой байх нь элбэг гэлцдэг. Та солгой юу, баруун уу?
Би баруун. Энэ тал дээр солгой хүн нэг бол их уран эсвэл бүр ургүй байдаг юм. Миний найзууд дунд бурхан урлаач солгой нэг хүн бий. Солгой хэрнээ их сайхан зурна. Харин нэг гэмтэй тал нь бурхан зургийн урлагт бүх юм нь баруун гарын дүрмээр явдаг. Баруунаасаа эхлээд нар зөв зураас татлагаа хийдэг учраас солгой хүнд хэцүү. Угаасаа авъяастай солгой уран хүмүүс байдаг ч бурхан урлалын хувьд баруун буюу зөв байвал илүү төгс сайхан бүтээл төрдөг. Ер нь бол гарны солгой, зөв нь чухал биш хүний авъяас, хөдөлмөр, хичээл зүтгэл чухал. Авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж ярьдаг ш дээ. Тэгэхээр хөдөлмөрлөж л чадах юм бол хоёр гаргүй хэрнээ хөлөөрөө зурдаг хүн ч байна ш дээ.

Сая найз гэдэг үг дурсагдлаа. Бурхан урлаач хүн ямар хүмүүстэй нөхөрлөдөг нь манай уншигчдад сонин байх болов уу?
Манай монголчууд угаасаа хүнийг нөхөрлөсөн нөхрөөр нь шинж гэдэг ш дээ. Тэр хүний хэн бэ гэдэг нь, найзаар нь толь болж харагддаг. Би бол 30 дөнгөж гарч байгаа залуухан хүн. Тэгэхэд миний найзууд дандаа 40-өөс дээш, ихэвчлэн ахимаг насны, чиглэл чиглэлийн, сонин сонин хүмүүс бий. Энгийн сайхан найзуудаас Уламжлалт тулааны урлагийн мастер Батболд, Зохиолчдын холбооны тэргүүн Г. Мөнхцэцэг, TV9-ийн “Хоолондоо” нэвтрүүлгийн тогооч Энхээ ах бид хоёр номын барилдлагатай сайхан найзууд. Номын талын лам найзууд бас олон бий. Уламжлалт анагаахын “Одь” эмнэлэгийн Баатар багш, Манбадацангийн Хамба Нацагдорж, Дамбажав хамба, Гончигсүрэн гээд бүгдээрээ миний номын найзууд. Бас миний үйл ажиллагааг дэмждэг сайхан төрийн алба хашдаг олон улсууд  болон сургууль хамт төгссөн үе тэнгийн хэдэн сайхан найзууд байгаа. Найзуудтайгаа уулзахаараа сайхан ном ярина. Хүн өөрөө зөв явах юм бол хүрээлж буй хүмүүс нь дандаа зөв найзууд хүрээлж байдаг. Жишээ нь зарим хүмүүс ярьдаг л даа, ёоё намайг дандаа ийм шоучин хүмүүс хүрээлэх юмаа гээд. Тэр хүн өөрөө шоуддаг л байхгүй юу. Өөрөө архи уудаг бол, архи уудаг л хүмүүс хүрээлнэ. Ном хөөгөөд явахын бол зөв нөхөд хүрээлдэг. Миний найзууд дунд архи уудаг, шоуддаг хүн байхгүй. Өөрийгөө ялан дийлж чадсан, хийж буй ажлаараа амжилтанд хүрчихсэн, гол нь надаас дандаа ахмад, надаас илүү хүмүүс байдаг учир би тэр улсуудаас суралцдаг. Ер нь болж өгвөл өөрөөсөө илүү, өөр салбарын тодорхой амжилтанд хүрчихсэн хүмүүстэй нөхөрлөхийг хүсдэг.  Тэгэх юм бол би өөрөө дагаад хөгжиж байдаг. Найзууд маань надад зааж зөвлөн, туршлагаасаа хуваалцдаг бүгд л буддын шашинтай улсууд  байдаг. 

Найз нөхөд чинь ч, та өөрөө ч бурхны шашинтай гэж ярилаа. Та бурханы шашныхаа мөн чанар, онцлогийг тодорхойлооч?

Би өөрөө бурхан урлаач, бурхны үнэнч шавь. Энэ тогоонд олон жил буцалж, чанагдсаныхаа хувьд энэ чиглэлийн ном сургаалыг судалж, шинжилж, түүнийгээ нийтэд түгээн дэлгэрүүлж буй судлаач хүний хувьд хэлэхэд, бурханы шашин бол үнэхээр төгс шашин. Амьдралаас тасархай, зохиомол үлгэрийн сэдэвтэй юм байдаггүй. Алхам тутамд хүнд хэрэг болж, хүний амьдралтай шүтэн барилдаад, цогцоороо холбогддог. Адаглаад хүн зөв амьдралын хэвшлийн захад очдог. Цаашлаад энэ номоор явах юм бол бясалгал гэгээрэл рүү ороод, нууц тарнийг мэдэж, сэтгэл санаагаар төгс гэгээрэн бурхан болох увдис нуугдаж байдаг. Бурхны шашинтай бүх хүний хувьд бурхан болох нь хамгийн агуу бөгөөд эцсийн зорилго нь тэр. Бурхны шашин гэдэг бол алттай адилхан. Шижир алтыг шатаагаад, хайлуулаад, зүсээд үзсэн ч нэг л чанараараа байдаг учраас яаж ч үзсэн шил шиг тунгалаг байдаг. 

Бусад шашнуудын тухай ямар бодолтой явдаг вэ?
Мусульман, Исүс зэрэг бусад олон шашны урсгалууд бий. Эднийг би ерөөсөө үгүйсгэдэггүй, байх ч ёстой. Хүн болгон өөр өөрсдийн үйлийнхээ үрээр, сурч, амьдарч буй орчин, нөхцөлөөсөө шалтгаалаад өөр өөр шашинтай учирдаг. Бүх шашны зорилго нэг, бурхан болохын төлөө байдаг гэж би ойлгодог. Бүгд л  хүн төрөлхтөний сайн сайхны тухай номлож, сайн зүйл рүү уриалан дууддаг. Гэвч түүнд хүрэх арга замнал нь өөр. Хэдий өөр өөр замаар явсан ч эцэст нь нэг цэг дээр очдог. Жишээ татвал, чи хорин давхар байшин руу гарахдаа шатаар өгсөх үү, лифтээр өгсөх үү гэдгийг сонгож байгаа хэрэг. Бурхны шашин бол лифтээр явахтай л адил. Харин бусад шашинууд  шатаар гарахтай адил хугацаа алдана, тойруу замаар л очиж байна гэсэн үг. Яагаад гэвэл, бурхан болж, гэгээрэлд хүрэхэд, лифтээр гарах мэт хамгийн зөв, дөт замыг тодорхой заагаад сургачихсан онолын ном, номлол нь бурхны шашинд байдаг. Лифтээр хорин давхар руу гарах нь бурхны шашин, шатаар гарах нь бусад шашин л гэж боддог доо.

Манай сайтын нэг уламжлалт асуулт байдаг юм. Өнөөдрийг хүртэл таны амьдралд тохиож байсан “Итгэмээргүй гэхдээ үнэн” гэж хэлэх болсон явдлаасаа сонирхуулаач?
Анхдугаарт нь, бурхан шашинтны Тэргүүн Далай лам манай улсад олон айлчилж байсан. Энэ үед нь би уулзаж, адис авсан нь бурхан шашинтай хүний хувьд хамгийн том аз завшаан, амьдралд минь тохиосон хамгийн том үйл хэрэг юм.  Дараагийн нэг зүйл нь, Монголын бурхан шашинтны тэргүүн 9-р Богд Монголд анх удаа залрахад би, Пүрэвбат багшийнхаа сургуульд оюутан байсан. Тэр үед миний зээгт наамлаар бүтээж байсан Урлагийн тэнгэр Янжинлхам бурханыг 9-р Богд өөрөө үзээд маш сайхан болж гэж хэлээд надад адис өгсөн. Тэрнээс хойш зөндөө уулзсан л даа. Энэ хоёр агуу хүний мутраас адис авч, жанлавыг нь хүртсэнээрээ би өөрийгөө бас их азтайд тооцдог. Мөн Бакула Ренбүчи багшдаа амьд сэрүүн байхад нь хадаг барин шавь орж, номыг нь сонссон нь бас нэгэн азтай явдал. 
Сонирхуулаад ярихад, манай буддын шашны нэр хүндийг дэлхий дахинд асар өндөрт өргөж яваа, Холливудын алдарт жүжигчин Ричард Гиртэй танилцаж, анд нөхөд болох аз тохиосон. Багадаа бид киног нь л үзэж өссөнөөс, тэр мундаг хүн миний хийсэн бүтээлийг үзэж, үнэлж, намайг хүндэтгэж найз нөхөд болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Буддын шашны том хурлаар Далай багшийг дагаж ирэх үед нь миний анхны үзэсгэлэн хоёр, гурав хоногийн дараа гарахаар   Богдын музейд дэглэгдээд, бүтээлүүдээ байршуулчихсан байж таарсан. Тэр үед Ричард Гиртэй танилцаж  өөрийн ганц, хоёр бүтээлийн зургийг үзүүлсэн чинь гайхамшигтай бүтээл байна гээд асар их сонирхсон. Тэгээд үзэсгэлэнгийхээ талаар хэлж,  маргааш нь үзэсгэлэнг маань үзэж сонирхсон. Миний бурхдууд түүнд үнэхээр таалагдаж, надаар бурхан бүтээлгэе гэж ярьсан. Би одоо бурхныг нь бүтээж өгөх гэж байгаа юм. Тэгж бид хоёр номын найзууд болсон. Мөн төрийн том том ажлуудад оролцож байсан аз завшаантай явдлууд олон бий. Оюутан байхдаа Мэгжид Жанрайсаг бурхны мэлмийг нээж байлаа. Монголын оюун санааны нэгдэл болсон энэ агуу том бурханы мэлмийг багштайгаа хамт нээсэн нь, хүн болгонд тохиогоод байхгүй ховор аз завшаан юм. Хоёрт нь, манайхан Эзэн Богд Чингис хааныгаа шүтэн биширч ирсэн. Гэхдээ социализмын үед нуун дарж, эзэн хаанаа ч дурсах эрхгүй байлаа. Ардчиллын буянаар эрх чөлөөтэй, цаг сайхан болсоноор Чингис хааныгаа шүтэх шүтээнийг бүтээсэн.  Төрийн ёслолын их гэрт, төрийн шүтээнийг бүтээхэд багштайгаа хамтарч оролцсоноороо бахархдаг. Мөн дараа нь Төрийн шүтээн Очирваанийг багш маань асар том зээгт наамлаар бүтээсэн. Бараг 20 гаруй метр өндөр, Монголын хамгийн том зээгт наамлын бүтээлийн хар зураг энэ тэр дээр багшдаа тусалж, оролцсон. Ийм том том ажлуудад аз таарч, санаандгүй оролцсон байна.
Өөр нэг зүйлийг сонирхуулахад урлахуйн сургуульд ороод би анх  Дандий Янсан гэдэг бурхан бүтээсэн. Дандий Янсангийн ванг Энэтхэгт тавихад эндээс явуулсан миний тэр бурхан дээр Далай багш өөрийнхөө гарын үсгийг мутарлаад аравнайлсан. Одоо тэр зураг нь байдаг л даа. Далай багшийг Жанрайсагийн бодитой хувилгаан гэж үздэг ш дээ. Тийм агуу хүн өөрийн мутраар миний бурхныг аравнайлна гэдэг бол монголоос анх удаа, гайхамшигтай юм болсон. Тэрийг би бас их билэгшээдэг. 

Таны өөрийн хамгийн хайртай бүтээл юу вэ?
Хайртай бүтээл гэхээр хоёр, гурав болж хуваагдахгүй бол болохгүй./инээв/ Миний гурван настай байхдаа зурсан уулын наана нь морь, гэртэй зураг бий. Хүүхэд болохоор уулыг нь өргөстэй юм шиг хийчихсэн,  жижигхэн тооны дэвтрийн цаасан дээр зурчихсан байдаг. Энэ маань миний хамгийн хайртай, өхөөрдмөөр хөөрхөн зургийн тоонд ордог. Бурхан зургаас бол хамгийн анх зурж байсан Дандий Янсан бурханы зураг, дараа нь торгоор оёсон Янжинлхам бурханы зээгт наамал зэрэг бүтээлүүддээ хамгийн анхны гэсэн утгаараа илүү хайртай. Харин сүүлд, өглөө нар мандаж буй байдлаар зурж бүтээсэн Цагаан дарь эх бурхандаа мөн хайртай. 
Миний биш, манай гэрийн хүний хайртай нэг зураг байдаг юм. Би өөрөө янз бүрийн сонин амьтан зохиож зурах дуртай. Морь биетэй, хүн цээжтэй, далавчтай амьтан нуруун дээрээ үзэсгэлэнтэй бүсгүйг суулгаад  далай дээгүүр салхи татуулан нисч явааг дүрсэлсэн “Онгод хийморь” нэртэй зураг бий. Тэр зурганд маань надаас илүү манай хүн их хайртай. /Инээв/

Сайтын бас нэгэн уламжлалт асуулт. Залуучууддаа хандаад үнэний зүг уриалга гаргаач ээ гэвэл?

За, залуучууддаа хандаж хэлэхэд, манайх бол дээдийн номын өлгий болсон, номлолын далай мэт бялхаж байсан ард түмэн юмаа. Хэзээ ч номоор ангаж, цангаж яваагүй, муу явсан  түүх байхгүй. Эзэн Чингис хааны удам гээд түүхээ ч бодоод үзсэн, бахархах юмтай ард түмэн гэдэг дэгжин дээшилдэг. Бахархах түүхгүй ард түмэн бол мөхдөг, хөгжлийн ямар ч үндэс байдаггүй. Манай монгол улс удахгүй хөгжлийн өндөр түвшинд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хоёр агуу хүн төрөн гарсан, их агуу түүхтэй улс. Бидний судсаар эзэн Чингисийн цус гүйж байгаа.  Нөгөө нь Өндөр гэгээн Занабазар гээд агуу суут хүн байсан. Эзэн Чингис хаан маань гадна талын дайсныг дарж эзэлж болдог юм гэдгийг бодитоор үзүүлсэн, жинхэнэ эх оронч хүн. 
Харин Өндөр гэгээн Занабазар гадна талын дайсныг дарсан, одоо дотоод сэтгэлийн муу зүйлс, хорт нисванис сэтгэлийг ялан дийлэх аян дайнд мордоно гээд түүнийгээ ялж чадсан. Хүн, бурхан болон гэгээрч чаддаг гэдгийг харуулж, агуу их бүтээлүүд туурвисан. Цагаан, Ногоон дарь эх гээд урлагийн сод бүтээлүүдийг туурвиж гаргасан. Одоо Өндөр гэгээний бүтээсэн гуулин цутгуур бурхад дэлхийд шагшигдаж, Сэргэн мандалтын үеийн Леонардо Да Винчигийн зурагнуудаас илүү өндөр түвшинд гарч чадаж байна. Энэ хоёр бол зүгээр л тод жишээ. Өндөр гэгээнээс хойш Ноён хутагт Данзанравжаа гээд л маш олон хутагт хувилгаадууд байгаа ш дээ. /Би номын хүн болохоор эднийг дурслаа/ Ийм хоёр агуу хүний үр сад учраас бид хэзээ ч бусдын оронд очиж хар бор ажил хийж болохгүй ээ. Амьдрал хэцүү байгаагаас манай залуус харийн оронд боол мэт хамгийн муу ажлыг нь хийж байгаа. Түүхэндээ ийм явдал байгаагүй. Тэр байтугай Хубилай хааны үед жинхэнэ цэвэр Монгол хүн төрийн албанд ажиллаж,  Хятад болон гадны хүнийг оруулдаггүй байсан. Харин бид гаднаас хүмүүс авчирч хар бор ажил хийлгэж, малаа маллуулдаг байсан түүх бол бий. Хуучныхаа түүхийг санахад хэзээ ч бид ийм байгаагүй, эх орондоо эзэн суугаад харийн хүмүүсийг ажиллуулдаг байсан.
Яагаад бид өдий байдалд хүрчихсэн гэхээр, оюун санааны зогсонги байдалд орчихсон байна. Аливаа улсын хүч гэдэг бол эрдэм оюун ухаанд л байдаг. Оюун санаагаараа гэгээрээд оюунлаг хүмүүс их гараад ирвэл, манай улс хөгжинө. Эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр бүгдээрээ өндөр боловсролтой, оюунлаг байя.  Эргээд эзэн Чингис хаан төрж биднийг уриалан цэрэг, зэвсэг хангинуулах тийм цаг үе өнгөрсөн. Харин жинхэнэ оюун санааны удирдагч хүн хэрэгтэй байна. Монголын нийт ард түмнийг оюун санаагаар нь базаж чадах тийм оюунлаг хүн төрөх болтугай гэж  ерөөе. Буддын шашны нууц тарнийг мэдэж, сэтгэлээ ариусгаж, оюун санаагаараа түргэнээ гэгээрч бурхан болохын ерөөлийг өргөе дөө.



Цаашид улам олон хүмүүсийг оюуны гэгээрэлд хүргэж, бурханлиг амьдралд хөтөлж, дэлхийд туурвигдахаар сайхан бүтээлүүд төрүүлэх болтугай. 

Та бүхэн Д. Ухаанзаяа багштай холбогдохыг хүсвэл манай редакцийн 321287 дугаарын утсаар холбогдоорой.

    www.UNEN.mn сайт Э. Саран
- See more at: http://www.unen.mn/content/8518.shtml#sthash

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ