- Миний хувьд бол аав минь хүнд өвчин тусч эдгэхгүй нь дээ гэж ойлгосон тэр цагаас эхэлсэн байх. Аав минь өвдчихлөө, нэгэнт эдгэхгүй нь тодорхой болж байхад ганц охин нь болсон надад юу хийх, хэрхэн туслах, яавал сайхан байлгах вэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэгээд миний чадах юм юу ч үгүй, аргаа олохгүй байх тэр үед хүмүүс Ганданд очдогийг санасан. Очоод яах ийхээ мэдэхгүй амьтан чинь нэг сургуульд суралцаж байсан болох Б.Пүрэвбат лам дээр очсон л доо. Тэгээд тэндээс жаал жуул юм ойлгоод аавдаа яавал амар амгаланд хүрэх тухай ойлгуулахын тулд би өөрөө суралцах хэрэгтэй болсон. Үхлийн тухай бид ний нуугүй ярилцаж үхлийг яавал тайван туулж, бас үхлийг яавал бас ашигтай тал руу нь эргүүлж болох талаас нь ойлгохыг бид хоёр хоёулаа хүссэн. Энэ л та бид хоёрын боломж байна гэдгийг ойлгуулсан. Аав маань ч бүрэн ойлгож хүлээж авсан. Шашинд хандаж ирсэн тэр цагаас бурханы шашны сургаалийг сонирхон судлаад энэ олон мянган жилийн турш өч төчнөөн хүн хамаг л хувь заяа бүхнээ яагаад даатгаад байдаг юм бэ гэх бодол өөрийн эрхгүй төрөөд, энэ бүхэн надад их сонин санагдсан л даа. Бодоод байхаар зовлон гэж юу юм бэ?, түүний шалтгаан нь юу вэ? гэхчлэн олон асуулт гарч би уйгагүй эрж хайж судалж үзсэн. Үүгээрээ би өөрийгөө бурханы шашинтан болсон гэж хэлэхэд болохоор болсон гэж боддог. Аливаа юм бүхэн цаг нартай, хувь учиртай юм. Тэгээд би бурханы шашинтай учирсныгаа аавын минь ач , урьд насны буян гэж ойлгосон.
Та бурханы шашныг дотооддоо хэрхэн ойлгож тодорхойлж байна вэ?
- Их эрдэмтэн Эйнштэйн хэлсэн байдаг шүү дээ. Дэлхий дээр хамгийн шинжлэх ухаанч шашин бол бурханы шашин юмаа гэж. Бурханы шашны гол онцлог нь өөрөө өөрлүүгээ хандах, өөртөө эзэн байхын тухайд маш нарийн ойлголтууд өгдөгөөрөө агуу юм. Тэр нь надад олзуурхууштай сайхан санагдсан. Хэн нэгэнд өөрийгөө даатгаад хэн нэгнээс гуйж хүсээд явах биш, тэр бүх л зүйл өөрт чинь байгаа гэдгийг хэлж ойлгуулж чаддаг, мөн өөрөө өөрийгөө таньдаг, өөрийгөө олон талаас харж болох боломжийг нээдгээрээ гайхамшигтай гэж би боддог.
Бурханы номтой учирснаар та амьдралдаа юу олсон бэ? Цаашдаа юунд хүрнэ гэж боддог вэ? Эргэлзээ төрдөг үү?
- Ер нь бол анх шашинд сүсэглээд, бодоод, судлаад явж байх тэр үед хүнд янз бүрийн эргэлзээ байдаг шүү дээ. Гэтэл шашны мөн чанарыг ойлгоод, өөрийнхөө зүгт хандаад ирэхээр эргэлзээ гэдэг зүйл арилдаг. Зүгээр л өөрийгөө таньж мэдье, өөрийнхөө зүгт хандах хандлагаа өөрчлөе, сэтгэлээ боловсруулж хөгжүүлье гэдэг үүднээс бурханы шашинд орж бурханы мөн чанарыг танихын төлөө би явж байгаа юм. Энэ л миний олох зүйл байх болов уу. Хүмүүс шашинд мунхаг сэтгэлээр бүү хандаасай гэж би боддог. Жишээ нь: Багш ном айлдаж хамаг нарийн увидас, аньсыг өгч байхад бэрээс будаа руу дайраад, тэрэндээ энэндээ өгөх гээд байгаа чинь дээдийн номыг айлдаж буй багшаа мартчихаад байгаа хэрэг шүү дээ. Ийм хүмүүст эргэлзээ байна гэсэн үг.
Өөрийн бодлоо бэхжүүлэхийн тулд юм уу, эсвэл сэтгэлээ баттай болгохын тулд ямар аргыг голчилж байна вэ?
- Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ бэхжүүлэхийн тулд мэдээж Бурхан багшийн сургаал, Бодь мөрийн зэрэг, Бодьсадвын явдалд орохуй, Өдөр тутмын ариусал зэрэг олон сайхан номууд байна. Эдгээрийг унших дээр нь өөрийнхөө сэтгэлийг боловсруулах тал дээр бясалгалаар \випашна\ хичээллэдэг. Энэ бясалгалын маш гайхамшигтай сайхныг хэлэх гэвэл үгийн баялаг дутна. Энэ бясалгалтай учруулж өгсөн Ж.Хатанбаатар багшдаа баярлаад баярлаад баршгүй юмаа. Номоо уншаад, зөв бясалгал хийгээд явах юм бол өөрийн авдартай алт эрдэнэсээ нээх түлхүүрээ оллоо гэсэн үг. Саунд ороод гарсан юм шиг хөнгөрөөд ариусаад сэтгэл сад тавиад ирнэ шүү.
Эдүгээ Монголд олон шашин оршиж хүүхэд залуус янз бүрийн сонголтын өмнө ирсэн байна. Энэ тухай таны бодол, тэдэнд юу хэлэхсэн бол?
- Хүн ямар шашин шүтэх нь тухайн хүний эрх. Гэвч нэгэнт Монгол оронд учир шалтгаантайгаар төрчихсөн учраас, Монгол орон эрт дээр үеэсээ өчнөөн олон хутагт хувилгаадын өлгий нутаг, дээрээс нь оюун санааны ийм том төв гэгдэх Бурханы шашинтай газар оронд төрч өсчихөөд өөр шашин шүтэх, шашингүй байх бол үнэхээр харамсалтай ядвал юм. Жишээ нь бид Африкт төрчихсөн бол яах вэ? Энэ номтой учрахгүй байх нь байна шүү дээ. Ийм сайхан хутагт хувилгаадын адис жинлав оршсон, оюун ухаан түгсэн орон газар төрчихөөд үүнийгээ өөртөө хэрэглэхгүй бол үнэхээр маш том алдаа гэж би ойлгодог. Янз бүрийн шашинд орж болно л доо. Тэд бүгд хүний л төлөө байдаг. Гэхдээ Бурханы шашин нэгд шинжлэх ухаанч гэдэгтэй санал нэг байна, нөгөө талаар бүхий л амьтныг "ЭХ" гэж санан түүний төлөө бүхнээ зориулах хүртлээ энэрэл нигүүлсэл төрүүлдэг шашин хаана ч байхгүй гэж боддог. Тиймээс айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг өөртөө байгаа эрдэнэс, эцэг эхээс өвлөж ирсэн Бурханы шашин тань таны сонголт байх болтугай гэж хэлмээр байна.
Уран бүтээлч хүн гэдэг өөрийн болоод бусдын сэтгэлийг хамгийн их судалж түүнийг илэрхийлж байдаг байх. Ийм нэгэн уран бүтээлийнхээ тухай хууч хөөрвөл?
- Ерөнхийдөө уран бүтээл, уран зураг дотор олон төрлүүд байна л даа. Тэр дотроос сэтгэлгээний урлаг гэж бас нэг нилээн томоохон төрөл байдаг. Сэтгэлгээний урлаг гэдэг өөрийн эрхгүй л хүнийг судлах, хүний сэтгэл, орчин тойрон, өөртэйгөө хамтарч ажиллаж байгаа тэр бүхнийг судлахыг хүссэн хүсээгүй шаарддаг. Тэгэхлээр миний уран бүтээл бол яг тэр сэтгэлгээний чиглэлийн өөрлүүгээ хандсан тийм зурагнууд байгаа даа. Тиймээс би бүх л бүтээлээрээ дамжуулан бурханы сургаалийг хүмүүст хүргэхийг зоридог гэсэн үг.
Өглөг өгөхийг цаашилбал хармын сэтгэлийг таслахыг бид боддог. Энэ бодлоо биелүүлэх боломжыг манай сонин танд олгож байна.
- Өглөг гэдэг дотроо олон төрөл байдаг шүү дээ. Сэтгэлийн өглөг, эд материалын, номын өглөг гэх мэт. Өглөг өглөгийн дотроос номын өглөг хамгийн гайхамшигтай нь гэдэг. Тэгэхээр танай сонины бүх л уншигчдад, уншдаггүй ч байсан болно л доо, бүх хүнд, зургаан зүйл хамаг амьтанд, бүр үнэн сэтгэлээсээ ариун номтой учраасай гэсэн ерөөл тавимаар байна. Өнөө үед манай залуус зүгээр л "Чи шүү" гэх ерөөлийн үгийг хэлэхдээ ерөөл гэдгийн цаад гүн гүнзгий утгыг ойлгоогүй байдаг нь мэдрэгддэг. Бүр манайхны ярьдгаар овоо дажгүй хүүхнүүд хүртэл "Сарвайсан болгоноо аваарай" гэж ерөөж байх жишээний. Ерөөл маш чухал. Сайн сайхан ерөөл тавихад биелэхгүй байна гэж байхгүй. Ийм л юм даа. Тэгээд хүмүүст биеийн эрүүл мэндээс гадна хамгийн гол нь сэтгэлийн эрүүл энхийг хүсэн ерөөж байна. Бие эрүүл бол сэтгэл эрүүл, сэтгэл эрүүл бол орчин тойрны бүх юм эрүүл байна шүү дээ. Мөн дахиад үнэн зүрхнээсээ бүгдээрээ бурханы ариун номтой учраасай гэж ерөөл тавъя. Өнөө үеийн зарим хүн цөвүүн цаг гэж хэлдэг ч харин сайн сайхан үе гэж би боддог шүү. Хүн бүхэн хүн болсныхоо хэргийг бүтээх болтугай.
Эх сурвалж: Билгийн мэлмий сонин