АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮН 2


Малчин хүнд амьдрах ухааны 1943 мэргэжил бий

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн малчин С.Мааманхүү гэж эмэгтэйг танихгүй малчин монголд ховор болжээ. Тэр Монгол улсаа төлөөлж дэлхийн хэмжээнд малчдынхаа дуу хоолойг өргөж явна.
Эмийн сангийн долоон ямаанаас дэлхийд гарах гарцаа нээсэн энэ эрхэмсэг хатагтай "Тангад-Араа" ХХК-ийн захирал, "Дэлхийн нүүдэлч уугуул иргэдийн холбоо "-ны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, "Монголын говь" малчдын холбооны тэргүүн.

Малчдаа нэгтгэж, "Малчны өдөр", "малчдын өргөө", "Малчдын парламент"-ыг байгуулах гэж зүтгэж яваа тэр өнөөгийн нийгэмд малчдын залуу халаа байхгүй болох нь гэж эмзэглэж явна. Түүнийг урьж ажил амьдралынх нь талаар хөөрөлдсөн юм.


-Таны хүүхэд наснаас яриагаа эхэлье. Аймгийн хойт голд таны хүүхэд нас өнгөрсөн байхаа?
-Тэгэлгүй яахав. 1953 онд төрсөн. Тэр үед хөдөөний хүүхэд ямар цэцэрлэг гэж мэдэх биш дээ. Аав ээжийнхээ дэргэд мал дээр л өссөн. 1964 онд Ханхонгор сумын бага сургууль төгсөж, аймгийн төвийн дунд сургуульд ирж сурсан.


-Малчин болох зам хаанаас эхэлсэн бэ?
-1965 оны хавар мал төллөх үеэр ээж манай отгон дүүг төрүүлж аав минь ганцаараа нэлээн хүнд байсан л даа. Тэр үед хүүхдүүдийнхээ нэгийг хөдөө гаргаж өв залгамжилсан малчин болгоно гэсэн. Би малчин болох нэлээн дургүй байлаа. С.Тогооч ахыгаа хөдөө гар гээд л.

Тэгсэн манай ах намайг "чи сэргэлэн юм чинь хөдөө гарвал аварга малчин болно" гэж аавтай нийлж ятгаад. Жаахан хүүхэд байсан юм чинь нээрэн тэгэх ч юм шиг санагдаад малчин болчихсон доо. Малаа орхиод явж болдоггүй бүх л хурал цуглаан болно аав л явна, мэдээлэл гэдгээс хол жинхэнэ хөдөөний "баагий" болж хувирсан даа.


-Хань ижилтэйгээ анхны голомт асаасан үеэ дурсаач?
-1972 онд 19 настай охин ханьтайгаа голомт бадрааж байлаа. /Хоолой нь зангирав/ Миний хань Цэвэгравжаа адуучин, би өөрөө ямаачин байсан. Тэр цагаас хойш 28 жил "Гэрэлт зам" нэгдлийн адуу малласан даа. Дээд тал нь 600 гаруй адуу маллаж байлаа. Адуу гэдэг тэнгэрлэг амьтан.

Аймгийн сааль сүүний аварга хоёр удаа болж, сумынхыг нэлээн авсан. 50-60 гүү саана, нэг саам саагаад дуусахад дараагийн саам эхлэх болчихсон байдаг болохоор цай чанаад ууж амьжилгүй дараагийн саамаа дуусгаж орж ирээд цайлаад л гардаг байсан.


-Адуу бэлчээрт гарахад л айраг исдэг гэдэг биз дээ. Танайх айраг сайхантай айл байсан даа?
-Айргийг бүлэх тусам амт нэмдэг. Сайхан айрагтай гээд манайхаар их олон хүн орж гардаг байсаан.


-Зах зээл эхэлснээс хойш та наймаа хийгээд явдаг байсан санагддаг?
-Манай дүү таван тонн гурил будаа явуулж түүнийг нь зарах гэж л айл амьтнаар орж явсан нь тэр. Хэрэглээний бараа ховор цаг байлаа шүү дээ. Гэхдээ зах зээл эхэлснээс хойш хүний нүд тайлагдсан. Нэгдэл гэж байхад бид хуралд очих нь очдог байсан ч өөрийн санал бодлоо хэлэх эрх байдаггүй байлаа шүү дээ.

Малчид аймгийн төв рүү ховор орж ирдэг байлаа. Би 40 гарсан хойноо аймгийн төв рүү өөрийнхөө дураар орж гардаг болсон доо. Энэ үеэс л бизнест хөл тавьсан.


-Нөхөрлөл байгуулах санааг хаанаас олов?
-Нэгдэл тараад малчид жалгын ганц болсон үед гадаадын төсөл орж ирээд нөхөрлөлүүд байгуулаж эхэлсэн. Эхлээд сургалтуудыг нь сонирхдог байлаа. Гэхдээ олны дунд орж үзээгүй малчин жаахан гэрэвшээд ойртож чаддаггүй. Хэд хэд очиж үзсэний дараа болмоор санагдаад ойр хавийн хэдэн айлтай санал солилцоод 10 дугаар анги төгссөн С.Оюунсүрэн гэж бүсгүйгээр даргаа тавиад нөхөрлөлөө байгуулж байлаа.


-Тэр үед та нөгөө эмийн сангийн долоон ямааг авчээ дээ?
-Аймаг дээр эмийн сангийн Мядагмаа таараад зуднаас 7 ямаа үлдсэн та түүнийг маллаж өгөөч гэж гуйсан л даа. Тэгээд цагаан идээний сургалт явуулах гэж байгаа цалингийн оронд түүнд суу гэсэн. Сургуулиас гарснаас хойш 30 шахам жилийн дараа анх удаа суусан сургалт энэ байлаа. Тэр сургалтанд сууж байхад хүн санадаггүй болохоос биш бүгдийг нь хараад хийж болохоор зүйл байсан л даа.

Сургалтанд хамгийн сайн сурсан гэж сүүний машинаар шагнуулаад гэртээ харьсан юмдаг. Амьдрал дээрээ байгаа агуу том боломжийг тэндээс олж харсан. Тэгээд нэмж нэг машин аваад нөхөрлөл дээрээ цагаан идээний сургалт явуулж бяцхан үйлдвэрлэл эхэлсэн дээ.


-"Оюут" нөхөрлөл нэлээн мандаж байсан үе бий дээ?
-Манай аймагт болсон хөдөө аж ахуйн гаралтай анхны үзэсгэлэн худалдаанд орох бэлтгэл хийгээд бид нойргүй хонодог байлаа. Ямар сайндаа ийм их зүтгэл гаргаад ямар нэг шагнал авахгүй бол уйлнаа гэж би хэлж байсан. Тэр үед манай нөхөрлөлийн Ш.Гүндмаа эгч уйлаад яахав дээ харин ч хор шарандаа улам сайн хийхгүй юу гэж байлаа.

Тэр үзэсгэлэн худалдаагаас 116 нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн гэж "Тэргүүний цагаан идээ", "Шилдэг хамт олон" гэсэн хоёр шагналыг нь авсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш нөхөрлөлийнхөө буянаар эсгий урлал, арьсан урлал гээд их олон сургалтуудыг авсан даа.


-Танай "Гурван сайхан" цай одоо Өмнөговийн брэнд бүтээгдэхүүн болоод байна даа. Цай хийх санаа хаанаас өвөрлөв?
-2004 онд миний хань бурхан болоод сэтгэл санаа их тавгүй байсан үед манай нөхөрлөлийг дэмждэг Шинэ Зеландын төслөөс миний сэтгэл санааг өөдрөг болгох гэж анх гадаадад явуулж байлаа. Тэнд үг хэлэх болдог юм байна. Айгаад хойшлуулаад л байлаа. Тэгсээр ярих болсон л доо. Бэлдэж бэлдэж л гараад нэг юм хэлсэн болоод суучихсан.

Тэгсэн нэлээн хойно хүмүүс алга ташдаг юм байнаа. Тэгсэн орчуулагч орчуулж дуустал би зогсож байх учиртай юм байж л дээ. Тэгж хөглөж бас тэндээсээ суралцаж явсан. Тэндээс нэг зүйл олж ирсэн нь цай хийх санаа байсан. Гэхдээ энэ ажлаа эхлэх эвээ олохгүй 3 жил болсоон. 2007 онд цайны ургамлаа ууранд нүдээд цайгаа савлаж байлаа.

Түүнээс хойш 2009 онд Дархан хотод болсон үзэсгэлэнгээс "Түмний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн", аймгийнхаа "Брэнд бүтээгдэхүүн", 2010 онд "шилдэг сав баглаа боддолтой бүтээгдэхүүн", "Органик Монгол ба ногоон бүтээгдэхүүн" үзэсгэлэнгээс "Шилдэгийн шилдэг" цай, 2011 онд Говь фиствалаас "Брэнд", Монгол улсын засгийн газраас зохион байгуулсан үзэсгэлэнгээс "Нэг суурин нэг бүтээгдэхүүн шилдэг эмчилгээний цай шагналаар шагнагдсан.


-Гадаадын нэлээн орноор явсан шүү дээ. Дэлхийн нүүдэлч уугуул иргэдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн,    дэд ерөнхийлөгчөөр яаж яваад сонгодчихов доо?

-Анх Африкт явж ирсний дараа Испанид явах болсон. Тэр хурал дээр сонгох гэж байгааг мэдээд гараа хөдөлгөөд чадахгүй гээд дохьчихсон чинь орчуулагчдаа зэмлүүлж байлаа. Монголд орж ирэх гэж байгаа том боломжийг хаах гэж байна. Хэл мэдэхгүй мөртлөө гараа хөлөө бүү хөдөлгөж бай гээд./инээв/

Маргааш нь дахин хуралдсан тэр үед гараа байтугай толгойгоо ч хөдөлгөхгүй сууж байлаа. Тэгээд их айж түгшсэн жалгын малчин би яаж чадах бол гэж санасан. Гэхдээ тэр цагаас хойш cypcaaн. Намайг гадаадад явж байхад Чингисийн удам гэж л хардаг юм шүү дээ. Одоо өөрөө мэдээд үйл ажиллагаандаа оролцож монголдоо малчны холбоог байгуулах гэж зүтгэж явна.

Дэлхийн малчин эмэгтэйчүүдийн их хурал Энэтхэгт болсон. Тэр хуралд дэд ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдсөн л дөө. Африкын нэг эмэгтэй байсан л даа тэр улсынхаа их хуралд нэр дэвшиж явсан байдаг юм. Их хуралд нь эмэгтэй хүн байж болохгүй гээд нутгийхан нь өлсгөлөн зарлаад ч гаргаж чадаагүй боловч мундаг дайчин бүсгүй байдаг.

Гэтэл тэр нэрээ татаж Чингисийн монголын, нүүдлийн мал аж ахуйг хадгалж яваа энэ эмэгтэйг сонгох саналтай байна гэсэн л дээ. Тэгээд л санал нэгтэй намайг сонгочихсон. Тэр үед их зүйлийг хийх ёстой гэж бодож зогссон.


-Ярианыхаа төгсгөлд малчиддаа хандаад юу хэлэх вэ?
-Бид хэзээ хүртэл хүний гар харж амьдрах билээ дээ. Бүх зүйл дээр ченжүүдийн гар хардаг болсон байна. Малчин хүнд амьдрах ухааны 1943 мэргэжил бий. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө нэгдэцгээе гэж хэлмээр байна.

Д.Мишигсүрэн
Эх сурвалж: “Монгол говь”

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ