АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮН 1


САЙХАН МОНГОЛ МАЛЧИН ХҮНЭЭР БИ БАХАРХДАГ
Хаврын тэргүүн сарын шинэд хуучраагүй саяхны нар ээсэн тунгалаг сайхан өдөр Монгол Улсын "Гавьяат малчин" хэмээх нэр хүндтэй шагнал хүртээд буй Баруунбүрэн сумын "Мянган лант" хэмээх газар хаваржиж байгаа малчин Гаваагийн Нямсүрэн гуайнд саатан буулаа. Түүнийг 85 насныхаа босгон дээр ийнхүү улсын нэр хүндтэй шагналыг аймгаасаа анх удаа хүртсэнд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж,

Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ний үнэмлэх, тэмдгийг нь хотонд нь очиж гардуулж өгсөн юм. Биднийг хаалган дээрээ угтсан гавьяат малчныг үнэндээ би таниагүй. Том охин нь бололтой, хөгшин удахгүй орж ирэх байх гэсэн шүү юм бодож суутал хөнгөн шингэн алхаатай, гүйж харайх шахсан, яриа хөөрөөтэй дал шахаж яваа болов уу гэмээр тэр буурлын ярианаас гавьяат маань өөрөө болоод явчих нь тэр. Ингээд бидний яриа инээд хөөртэй эхэллээ.


-Та их ануухан юмаа. Би таныг 80 гарсан хүн гэж бодсонгүй. Аль нутгийн хүн билээ? Хэдэн жил мал маллаж байна ?
-Эмээ нь 15 настайгаасаа мал маллаж эхэлсэн. Одоо 70 жил мал маллаж байна. 1957 онд аймагтаа байгуулагдсан "Өрнөх" нэгдэлд малчин болж, тэр жилдээ нэгдлийнхээ аварга малчин болсноор ажил, амьдралын гараа маань эхэлсэн түүхтэй. Малын буянаар одоог хүртэл өвчин зовлон ярьж явсангүй. Би унаган Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумынх.

Эцэг, өвгөдөөсөө өвөлжиж, хаваржиж, зусч байгаа өгөөжтэй, буянаа өгсөн газар нутаг минь шүү дээ. Манайх 300 гаруй хонь, 30 гаруй үхэр, 60 гаруй адуутай. Малаа цөөлсөөн. Нэг туслах малчин бий. Би сургуульд огт суугаагүй. Аав, ээж минь өндөр настай хүмүүс байсан болохоор сургуульд явуулах дургүй. Сургуульд явна, араас өргөдөл бичээд л аваад ирнэ.

Гэхдээ аав, ээж минь намайг өдий зэрэгтэй явуулах амьдралын нарийн ухааныг зааж өгсөн болохоор одоо болтол тэдэндээ талархаж явдаг. Би ном эрдэм заалгаагүй ч дөрвөн аргын тоогоо боддог, сонирхсон ном, сонингоо уншчихдаг, малаараа панз наймаа ч хийчихнэ. Ааваасаа эрт хагацсан. Аав бидэнд "Өдөр боол шиг яв, шөнө ноён шиг суу" гэж захидаг байсныг мартдаггүй.

Ээж минь 12 cap хүртэл цагаан нэхий дээл хөөргөж өмсчихөөд, жин тээдэг их эршүүд хүн байсан. Манайх тариа тарьдаг. Ээж надаар шар туулгана аа, би жаахан юм чинь шараа дийлэхгүй. Тэгэхээр ээж намайг сураар ороолгоно доо. Голдуу намайг их авч явна. Тэгж л хар багаасаа хар бор ажилд суралцсан. Эхээс наймуулаа байлаа, одоо 90 гарсан нэг ахтайгаа хоёулхнаа үлдлээ дээ.


-Таны мал маллах арга ухаан, нууц нь юунд байдаг юм бэ?
-Нууцлаад байх юу байхав дээ хүү минь. Хүн авхаалж самбаатай, гол нь сэтгэлтэй байвал болохгүй, бүтэхгүй ажил гэж байдаггүй юм. Малын ажил гэдэг зогсоо байхгүй ажил. Мал маллана гэдэг миний хувьд мэргэжил болсон болохоор хэдэн малынхаа төлөө л зүтгэдэг. Орхиод ийш тийш явахаар бол уйлна шүү дээ. Өвгөн маань Жамьяндорж гэж "Улсын сайн малчин" цолтой хүн байлаа Арваад жилийн өмнө бурхан болсон. Бид хоёр найман охин, хоёр хүүтэй.

Хэдэн хүүхдээ хүн болгох, малаа өсгөхөд хань маань их тусалсаан. Түүнийхээ халамж, хүчинд мөн ч олон шагнал, урамшил хүртэж явлаа. Хөдөлмөрийн баатарт гурван ч удаа тодорхойлж байсан. Хүүхдүүд маань ч надад тусална. Хичээл номтой ч гэсэн амралтаараа хонио хариулна, хашаа хороогоо зөөнө, малаа саах, цагаан идээ, ноос, ноолуур бэлтгэх гээд л. Сангийн аж ахуйд 10-аад жил эрлийз мал малласан. Эрлийз хонины хурга гэж улаан нүцгэн юм гарна.


Мал маллах их нарийн. Орон дээрээ хүртэл тавиад, яг л хүүхэд шиг асардаг. Дандаа зуугаас дээш төл бойжуулж явлаа. Ноос, үс бүхий л зүйлийг нь дээд үзүүлэлтээр нь үзүүлж байлаа. АИХ-ын депутат хүртэл болж явлаа. Алдар нэр хүртэхээр нойр хүрдэггүй юм шүү дээ. Улам л хичээж, мэрийж ажиллах хэрэгтэй болдог. Малдаа тарга хүч авахуулахын тулд 10 cap хүртэл отор нүүдэл хийж, үхэр тэргэтэй, хэдэн хүүхдээ амбаартаа осгоочихгүй л явж байлаа даа.

Залуу байхад ядарч зүдрэхийг мэдэхгүй нэгийг хоёр болгочих юмсан гэж л зүтгэж явсан. Хүүхдүүд маань хичэл номдоо сайн сурдаг болохоор бүгд дээд боловсрол эзэмшсэн. Хоёр их эмч, дөрвөн багш, инженер, мал зүйч, орчуулагч гээд эх орондоо хэрэгтэй, газар бүхэнд ажиллаж яваа. Эмээ нь хичээж, зүтгэснийх баатраас дутахгүй сайхан шагнал хүртсэндээ магнай тэнийж сууна аа.


-Танд шагнал хүртээснийг дуулаад юу бодогдов доо?
Ийм шагнал авна гэж зүүдлээгүй. Хотон дотор хонь хургалчихаад эх нь олддоггүй хайж явтал хүргэн маань ирээд таныг дарга дуудаж байна, аваад ир гэсэн гэлээ. Би завгүй байна аа гэтэл танд сайн малчны шагнал олгож байгаа бололтой гэхээр нь би явж чадахгүй ээ, авчирч өгнө биз гэсэн. Гэтэл хүү Төрийн ордонд гардуулах бололтой юмаа гэлээ. Тэгээд би гэртээ орж ирээд бодлоо.

Би ная гарсан хүн дахиад төрийнхөө ордонд орох нас бий бил үү гэж. Малаа хаяж явах хэцүү санагдаад уйллаа. Тэгээд явахаар шийдээд бостол хувцсаа олдоггүй ээ. Нүдний шил, малгайгаа ололгүй гарсан. Таксинд суугаад Дархан орлоо. Хүн гэж тамтаггүй, машин ховор. Цаг тулаад байдаг. Арай гэж машин олоод суутал түгжрээд их л сандруу явсан. Хүүхдүүд зарим нь шил тааруулж, зарим нь малгай худалдаж аваад яг ямар шагнал авах гээд байгаагаа ч мэдэхгүй.

Зарим маань за ээж минь "Бооёоодуулчих ваа" гэж цаашлуулаад л. Тэгээд төрийнхөө тэргүүнээс шагнал гардаж авч байхдаа "Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэн юм даа, ариун цагаан хөдөлмөрийн минь буян" гэж бодож, их л баяртай байсан. Манай нутгийнхан их баярлаж байгаа. Эрт авах байсан юм гээд л, зарим нь нулимс унагасан. Хойноос минь олон гавьяат төрөөсэй гэж ерөөе дөө хэмээн хөөрөлдлөө.


Гавьяат малчин Г.Нямсүрэн гуайтай хамгийн сүүлд 30-аад жилийн өмнө "Сүхбаатарын туг" сонины сурвалжлагч Ж.Буянхишиг гэдэг хүн уулзаж, "Бүрэнхааны хоньчин бүсгүй" гэдэг нийтлэл бичиж, олны хүртээл болгож байсныг мартдаггүй гэнэ. Түүнтэй тэр болгон сэтгүүлч, сурвалжлагчид уулздаггүй байсан нь сэтгүүлчид бидэнд бас нэгийг бодогдуулна.

Бүрэнхааны залуухан хоньчин бүсгүй өнөөдөр азай буурал болчихсон гавьяатын цолоо энгэртээ зүүчихээд үр хүүхэд, ач зээ нараа тойруулан жаргаж сууна аа. Бас ч болоогүй аймгийн Засаг даргын хэлснээр биднийг очиход сумынхаа Засаг дарга, Хурлын дарга хоёроор тогоогоо бариулсан шиг ээ сууна лээ. Баруунбүрэн сумын Засаг дарга Ж.Наранцэцэг Нямсүрэн гуайн тав дахь охин юм байна.

Сумын Хурлын дарга бүсгүй Ж.Наранцэцэг даргын багш хийж явах үеийн ууган шавь нарын нэг гэнэ. МУ-ын "Гавьяат малчин",Сэлэнгэ аймгийн 80-аад оны "Соёлч өрх"-ийн эзэгтэй, аймгийн "2000 оны манлай ээж" Г.Нямсүрэн гуай морь уядаг, сайхан дуулдаг, бас шанз, хуучир тоглочихдог ардын авьяастан цолтой элдэвтэй нэгэн юм. Түүний "Зүдрэх үедээ зүдэрч байсан ч шантраагүй, малын өгөөж их, хөлсөө гаргаж хийсэн бүхэн амттай байдаг юм шүү" хэмээн ярьсан нь чихэнд сонсогдсоор. Хүн амьдарсан шиг амьдарна гэдэг үнэхээр бахархалтай юм аа.

Р.Бумдарь
Эх сурвалж: “Сэлэнгийн мэдээ”

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ