АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ТЭМҮҮЛЭЛТЭЙ ХӨДӨЛМӨРЧ МОНГОЛ ХҮН 1


САЙХАН МОНГОЛ МАЛЧИН ХҮНЭЭР БИ БАХАРХДАГ
Хаврын тэргүүн сарын шинэд хуучраагүй саяхны нар ээсэн тунгалаг сайхан өдөр Монгол Улсын "Гавьяат малчин" хэмээх нэр хүндтэй шагнал хүртээд буй Баруунбүрэн сумын "Мянган лант" хэмээх газар хаваржиж байгаа малчин Гаваагийн Нямсүрэн гуайнд саатан буулаа. Түүнийг 85 насныхаа босгон дээр ийнхүү улсын нэр хүндтэй шагналыг аймгаасаа анх удаа хүртсэнд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж,

Сэлэнгэ аймгийн "Хүндэт иргэн"-ний үнэмлэх, тэмдгийг нь хотонд нь очиж гардуулж өгсөн юм. Биднийг хаалган дээрээ угтсан гавьяат малчныг үнэндээ би таниагүй. Том охин нь бололтой, хөгшин удахгүй орж ирэх байх гэсэн шүү юм бодож суутал хөнгөн шингэн алхаатай, гүйж харайх шахсан, яриа хөөрөөтэй дал шахаж яваа болов уу гэмээр тэр буурлын ярианаас гавьяат маань өөрөө болоод явчих нь тэр. Ингээд бидний яриа инээд хөөртэй эхэллээ.


-Та их ануухан юмаа. Би таныг 80 гарсан хүн гэж бодсонгүй. Аль нутгийн хүн билээ? Хэдэн жил мал маллаж байна ?
-Эмээ нь 15 настайгаасаа мал маллаж эхэлсэн. Одоо 70 жил мал маллаж байна. 1957 онд аймагтаа байгуулагдсан "Өрнөх" нэгдэлд малчин болж, тэр жилдээ нэгдлийнхээ аварга малчин болсноор ажил, амьдралын гараа маань эхэлсэн түүхтэй. Малын буянаар одоог хүртэл өвчин зовлон ярьж явсангүй. Би унаган Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумынх.

Эцэг, өвгөдөөсөө өвөлжиж, хаваржиж, зусч байгаа өгөөжтэй, буянаа өгсөн газар нутаг минь шүү дээ. Манайх 300 гаруй хонь, 30 гаруй үхэр, 60 гаруй адуутай. Малаа цөөлсөөн. Нэг туслах малчин бий. Би сургуульд огт суугаагүй. Аав, ээж минь өндөр настай хүмүүс байсан болохоор сургуульд явуулах дургүй. Сургуульд явна, араас өргөдөл бичээд л аваад ирнэ.

Гэхдээ аав, ээж минь намайг өдий зэрэгтэй явуулах амьдралын нарийн ухааныг зааж өгсөн болохоор одоо болтол тэдэндээ талархаж явдаг. Би ном эрдэм заалгаагүй ч дөрвөн аргын тоогоо боддог, сонирхсон ном, сонингоо уншчихдаг, малаараа панз наймаа ч хийчихнэ. Ааваасаа эрт хагацсан. Аав бидэнд "Өдөр боол шиг яв, шөнө ноён шиг суу" гэж захидаг байсныг мартдаггүй.

Ээж минь 12 cap хүртэл цагаан нэхий дээл хөөргөж өмсчихөөд, жин тээдэг их эршүүд хүн байсан. Манайх тариа тарьдаг. Ээж надаар шар туулгана аа, би жаахан юм чинь шараа дийлэхгүй. Тэгэхээр ээж намайг сураар ороолгоно доо. Голдуу намайг их авч явна. Тэгж л хар багаасаа хар бор ажилд суралцсан. Эхээс наймуулаа байлаа, одоо 90 гарсан нэг ахтайгаа хоёулхнаа үлдлээ дээ.


-Таны мал маллах арга ухаан, нууц нь юунд байдаг юм бэ?
-Нууцлаад байх юу байхав дээ хүү минь. Хүн авхаалж самбаатай, гол нь сэтгэлтэй байвал болохгүй, бүтэхгүй ажил гэж байдаггүй юм. Малын ажил гэдэг зогсоо байхгүй ажил. Мал маллана гэдэг миний хувьд мэргэжил болсон болохоор хэдэн малынхаа төлөө л зүтгэдэг. Орхиод ийш тийш явахаар бол уйлна шүү дээ. Өвгөн маань Жамьяндорж гэж "Улсын сайн малчин" цолтой хүн байлаа Арваад жилийн өмнө бурхан болсон. Бид хоёр найман охин, хоёр хүүтэй.

Хэдэн хүүхдээ хүн болгох, малаа өсгөхөд хань маань их тусалсаан. Түүнийхээ халамж, хүчинд мөн ч олон шагнал, урамшил хүртэж явлаа. Хөдөлмөрийн баатарт гурван ч удаа тодорхойлж байсан. Хүүхдүүд маань ч надад тусална. Хичээл номтой ч гэсэн амралтаараа хонио хариулна, хашаа хороогоо зөөнө, малаа саах, цагаан идээ, ноос, ноолуур бэлтгэх гээд л. Сангийн аж ахуйд 10-аад жил эрлийз мал малласан. Эрлийз хонины хурга гэж улаан нүцгэн юм гарна.


Мал маллах их нарийн. Орон дээрээ хүртэл тавиад, яг л хүүхэд шиг асардаг. Дандаа зуугаас дээш төл бойжуулж явлаа. Ноос, үс бүхий л зүйлийг нь дээд үзүүлэлтээр нь үзүүлж байлаа. АИХ-ын депутат хүртэл болж явлаа. Алдар нэр хүртэхээр нойр хүрдэггүй юм шүү дээ. Улам л хичээж, мэрийж ажиллах хэрэгтэй болдог. Малдаа тарга хүч авахуулахын тулд 10 cap хүртэл отор нүүдэл хийж, үхэр тэргэтэй, хэдэн хүүхдээ амбаартаа осгоочихгүй л явж байлаа даа.

Залуу байхад ядарч зүдрэхийг мэдэхгүй нэгийг хоёр болгочих юмсан гэж л зүтгэж явсан. Хүүхдүүд маань хичэл номдоо сайн сурдаг болохоор бүгд дээд боловсрол эзэмшсэн. Хоёр их эмч, дөрвөн багш, инженер, мал зүйч, орчуулагч гээд эх орондоо хэрэгтэй, газар бүхэнд ажиллаж яваа. Эмээ нь хичээж, зүтгэснийх баатраас дутахгүй сайхан шагнал хүртсэндээ магнай тэнийж сууна аа.


-Танд шагнал хүртээснийг дуулаад юу бодогдов доо?
Ийм шагнал авна гэж зүүдлээгүй. Хотон дотор хонь хургалчихаад эх нь олддоггүй хайж явтал хүргэн маань ирээд таныг дарга дуудаж байна, аваад ир гэсэн гэлээ. Би завгүй байна аа гэтэл танд сайн малчны шагнал олгож байгаа бололтой гэхээр нь би явж чадахгүй ээ, авчирч өгнө биз гэсэн. Гэтэл хүү Төрийн ордонд гардуулах бололтой юмаа гэлээ. Тэгээд би гэртээ орж ирээд бодлоо.

Би ная гарсан хүн дахиад төрийнхөө ордонд орох нас бий бил үү гэж. Малаа хаяж явах хэцүү санагдаад уйллаа. Тэгээд явахаар шийдээд бостол хувцсаа олдоггүй ээ. Нүдний шил, малгайгаа ололгүй гарсан. Таксинд суугаад Дархан орлоо. Хүн гэж тамтаггүй, машин ховор. Цаг тулаад байдаг. Арай гэж машин олоод суутал түгжрээд их л сандруу явсан. Хүүхдүүд зарим нь шил тааруулж, зарим нь малгай худалдаж аваад яг ямар шагнал авах гээд байгаагаа ч мэдэхгүй.

Зарим маань за ээж минь "Бооёоодуулчих ваа" гэж цаашлуулаад л. Тэгээд төрийнхөө тэргүүнээс шагнал гардаж авч байхдаа "Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үнэн юм даа, ариун цагаан хөдөлмөрийн минь буян" гэж бодож, их л баяртай байсан. Манай нутгийнхан их баярлаж байгаа. Эрт авах байсан юм гээд л, зарим нь нулимс унагасан. Хойноос минь олон гавьяат төрөөсэй гэж ерөөе дөө хэмээн хөөрөлдлөө.


Гавьяат малчин Г.Нямсүрэн гуайтай хамгийн сүүлд 30-аад жилийн өмнө "Сүхбаатарын туг" сонины сурвалжлагч Ж.Буянхишиг гэдэг хүн уулзаж, "Бүрэнхааны хоньчин бүсгүй" гэдэг нийтлэл бичиж, олны хүртээл болгож байсныг мартдаггүй гэнэ. Түүнтэй тэр болгон сэтгүүлч, сурвалжлагчид уулздаггүй байсан нь сэтгүүлчид бидэнд бас нэгийг бодогдуулна.

Бүрэнхааны залуухан хоньчин бүсгүй өнөөдөр азай буурал болчихсон гавьяатын цолоо энгэртээ зүүчихээд үр хүүхэд, ач зээ нараа тойруулан жаргаж сууна аа. Бас ч болоогүй аймгийн Засаг даргын хэлснээр биднийг очиход сумынхаа Засаг дарга, Хурлын дарга хоёроор тогоогоо бариулсан шиг ээ сууна лээ. Баруунбүрэн сумын Засаг дарга Ж.Наранцэцэг Нямсүрэн гуайн тав дахь охин юм байна.

Сумын Хурлын дарга бүсгүй Ж.Наранцэцэг даргын багш хийж явах үеийн ууган шавь нарын нэг гэнэ. МУ-ын "Гавьяат малчин",Сэлэнгэ аймгийн 80-аад оны "Соёлч өрх"-ийн эзэгтэй, аймгийн "2000 оны манлай ээж" Г.Нямсүрэн гуай морь уядаг, сайхан дуулдаг, бас шанз, хуучир тоглочихдог ардын авьяастан цолтой элдэвтэй нэгэн юм. Түүний "Зүдрэх үедээ зүдэрч байсан ч шантраагүй, малын өгөөж их, хөлсөө гаргаж хийсэн бүхэн амттай байдаг юм шүү" хэмээн ярьсан нь чихэнд сонсогдсоор. Хүн амьдарсан шиг амьдарна гэдэг үнэхээр бахархалтай юм аа.

Р.Бумдарь
Эх сурвалж: “Сэлэнгийн мэдээ”

Зорилго


Бидний зорилго юу вэ?

Бидний Зорилго дотор маань бий. Тэрхүү Зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл зүрхний амьдралын замыг дагах хэрэгтэй. Сэтгэл зүрхний амьдралд хамгаас хэрэгтэй юм гэвэл ухамсар. Түүнгүйгээр юу ч байлаа шимгүй цөл адил. Харанхуй газар яваад орчихвол хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд бид гэрэл гаргадаг. Хэрэв харанхуй амьдралынхаа тухай мэдэхийг хүсвэл ухамсраасаа тус дэм хүртэнэ.

Хүний гадаад амьдрал болон гадаад ертөнцөд гаргасан амжилт нь маш хязгаарлагдмал билээ. Гэвч тэрээр өр зүрхнийхээ гүнийн гүнээ нэвтрэн орвол өөрийгөө ямагт өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэгч нэгэн зүйлийг мэдрэх болно. Тэр зүйл бол ухамсар юм. Ухамсар нь хүнийг Оройндээдтэй холбож өгдөг.
Ухамсар өөрөө Гэрэл агаад Хүч билээ. Гэрэл учраас өөрийгөө тэрээр дотоод ертөнцийн цэвэр ариун урамшил, гүн гүнзгий тэмүүлэлтэй зүйрцүүлэн адилтгадаг. Хүч учраас өөрийгөө тэрээр гадаад ертөнцийн түнэр харанхуйн хүлээс аргамж, балмад түрэмгий мунхгийг номхруулан дарах бурханлаг засаглалтай зүйрцүүлэн адилтгадаг.

Одоохондоо туйлын зорилго алсын алсад байгаа боловч няцаж шантарч болохгүй. Алхам алхмаар хэлбэрэлтгүй урагшлан явсаар та Зорилгодоо хүрнэ. Бид цэцэрлэгээс бага сургуульд дараа нь ахлах сургуульд тэгээд их сургуульд элсэж ордог шүү дээ. Тиймээс сэтгэл түвдэж, адгах хэрэггүй. Таны хувьд сонгосон Цаг хэзээ тохиохыг зөвхөн Бурхан л мэднэ. Тэмүүлнэ гэдэг бол таны гүйцэтгэх ёстой үүрэг. Цаглашгүй Нигүүлслээрээ ивээнэ гэдэг Бурханы хэрэг. Та хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн цагт Бурхан бээр Өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, Өөрийнхөө сонгосон Цагт таныг гэгээрэлд хүргэнэ. Тэгэхээр бүгдээрээ бодит байдалд түшиглэн урагшилцгаая. Дотоод тэмүүллийн маань үрээр, Зорилго маань өөрөө бидэнд хүрч ирнэ.
Өөрсдийгөө бид Дээдгэгээнд түүнчлэн Бурханы гэгээрэлд хүрэх эгнэшгүй зорилгодоо зориулах тэр л цагаас амьдрал маань өөрийгөө Үнэний айлдвар зарлиг, Хязгааргүй, Мөнх, Үхэлгүйн айлдвар зарлиг мөн гэдгээ бидэнд харуулна.
SriChinmoy

Диваажин Ба Там


Диваажин ба тамын тухай тайлбарлан хэлж өгнө үү?


Дотоод ертөнцийн хамгийн өндрөөс үзвэл там ч тэр, Диваажин ч тэр ухамсрын ертөнц болохыг бид ухаарна. Диваажин, там хоёулаа ухаан бодолд байдаг. Диваажин, тамын аль аль нь бидний дотоод гүнд буй ухамсрын төлөв байдал юм.

Үхлийн дараа хүн Бурхантай уулздаг бөгөөд хэрэв зөв сайн амьдарсан бол Диваажинд очно гэж Өрнөдийн зарим нэг шашинд сургадаг. Үүний тухай тайлбарлан хэлж өгнө үү?
Диваажин ба Бурхан гэдэг нь өндөр дээр, алсын алсад байдаг бус бид бүгдийн дотоод гүнд, өр зүрхний маань дотор бий. Диваажин бол ургамал мод жигдэрсэн, байшин барилгатай холын нэгэн орон бус бидний дотор буй ухамсрын ертөнц юм. Мөнхийн Диваажин нь тэмүүлэлт зүрхнийх нь гүнд байдгийг мөнхийн Үнэний эрэлчид ухаардаг. Хором бүхэнд дотроо бид Диваажинг юмуу тамыг бүтээж байдаг. Өргөжин тэлэх чанартай, сэтгэлийг хангагч бурханлаг бодол бодохдоо бид дотроо Диваажинг бүтээж, бурхангүй харанхуй, ариун бус муу муухай бодол бодохдоо бид дотроо буй тамын ертөнцөд хөл тавьдаг.

Диваажин гэдэг нь гэрэл гэгээтэй, баяр баясгалантай, үхэлгүй мөнх оршин амьдрахын тухай ойлголт. Гэхдээ бидэнд байгаа зүйлсээс юу нь үхэлгүй мөнх вэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Үхэлгүй мөнх зүйл гэвэл тэмүүлэгч ухамсар юм.
Srichinmoy.org

АУМ ТАРНИ


Аумын утга учир юу вэ?
Аум бол онцгой утга учиртай, бүтээгч хүчийг өөртөө агуулсан үе юм. Аум бол тарни бүгдийн эх тарни. Аум тарнийг давтан дуудахдаа бид дээрээс амар амгалан, гэрэл гэгээг буулган авчрахын зэрэгцээ дотоод хийгээд гадаад ертөнцдөө орчлон дахины эв эеийг цогцлоон бүтээдэг юм. Аум тарнийг давтан дуудахад дотоод болон гадаад ахуй биес маань бурханлаг ухаарал, тэмүүллээр тэтгэгдэж урамшдаг. Аум бол юутай ч эгнэшгүй агаад түүнд хязгааргүй хүч агуулагдана. Зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрэх боломжтой. Аумыг дуудаж байхдаа өөрийн тань дотор Бурхан дээшилж, доошилж хөдөлж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Олон зуун Энэтхэг эрэлчид зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрсэн билээ. Аум бол Бүтээгч Бурханы бэлгэ тэмдэг.

Аумыг давтаж дуудахдаа чухам юу болж байгааг анзаарч мэдэхийг хичээгээрэй. Муур, нохой, сармагчингийн нэрийг тэр бүү хэл жирийн нэг хүний нэрийг дуудлаа гэхэд та ямар ч урмыг бадраах зүйл мэдрэхгүй. Харин Бүтээгчийн бэлгэ тэмдэг, амь амьсгал нь болсон Аумыг дуудах даруйд зөн билгийг тань улам хурцалж, хорвоогийн амьдралыг тань бүрэн дүүрэн болгож хувиргах эрдэмтэй дотоод болон гадаад эрч хүчийг урамшуулан сэргээж буй дотоод мэдрэмжийг та мэдрэх болно. Энэ бол Аумын нууц. Хэрэв та хамаг амьдралынхаа туршид нэгэн нууцыг нандигнан дээдлэхийг хүсч байгаа бол дээдлэх учиртай нууц тань энэ юм. Аумыг давтан дууд, тэгвэл юм бүхэн таных болох болно.

Аумыг хэрхэн дуудах вэ?


Аум бол эгнэшгүй анир дуун. Бид ихэнхдээ хоёр зүйл харшин цохилдсоноос үүдэх дуу чимээг сонсдог. Харин Аумд тийм цохилт хэрэггүй. Аум бол анахада буюу цохилт үгүй, анир үгүй анир. Йог юмуу сэтгэл зүрхний Багш хүн өр зүрхний гүнийн гүнээ өөрөө үүдэн гарах Аумыг сонсох чадалтай байдаг.

Аумыг янз янзаар дуудаж болно. Хэрэв чангаар дуудвал Дээдгэгээний бүгдийг чадагч чанарыг мэдэрнэ. Зөөлөн дуудвал Дээдгэгээний баясгаланг мэдэрнэ. Аниргүй дуудвал Дээдгэгээний амгаланг мэдэрнэ. Дээдгэгээний үүдүүлсэн орчлон дахины Аум бол яндашгүй их далай билээ. Хүмүүний дуудсан бодгал Аум бол тэрхүү их далайд агуулагдах нэгэн дусал боловч их далайгаас ангид үл оршиж, их далайг өөрийн гэж үзэх чадалтай. Аумыг чангаар дуудаж буй хүн оройн дээд Дууны сансрын анир цуурайнд хүрч, түүнийг илрүүлэн гаргадаг юм.

Аумыг, гарсан анир нь чихэнд чичирхийлэн сонстож, хамаг биеэр түгэн тархаж байхаар тийм чанга дуудвал нэн сайн. Ингэвэл ухаан санаанд тань итгэлтэй байдал төрж, баяр хөөр, амжилт бүтээлийг та мэдрэх болно. Чангаар дуудахдаа “М” авиаг “Ау” авианаас наанадаж гэхэд гурав дахин урт байхаар дуудах нь зүйтэй.

Шричинмой.орг

ЦАГААН ХООЛТОН БАЙХ БУЯНТ ЁС ЗҮЙ

Ёс зүйн ариун чанарыг олоход махан бус хоол мэдэгдэхүйц нэмэртэй байдаг. сэтгэл зүрхний амьдралд ариун чанар хамгаас чухал байр сууринд тавигддаг. Бие, тамир, ухаанаа бид ариусгах ёстой. Мах, загас зэргийг идэхэд тэдгээр амьтны түрэмгийн чанар дотогш нэвтрэн орж, мэдрэлийн судлууд цочирч бид өөрийн эрхгүй түрэмгий, тогтворгүй болж хувирдаг. Дотоод болон гадаад амьдралд энхрий зөөлөн, энгийн, ариун чанарыг бүрэлдүүлэхэд ургамал ногооны зөөлөн чанар маш их тустай. Мах идсэний шууд үр нөлөө нь тогтворгүй, түрэмгий, хөнөөлтэй үйлдэл бодол болон ухамсрын доройтлоор илэрдэг.

Мах идэхгүй бол хүч тамираа алдаж байна гэдэг тань үнэн үг биш. Энэ хорвоод махан хоол иддэггүй хүн олон сая бий. Гэсэн ч тэд бүгдээрээ хүчтэй, эрүүл байдаг. Өөрийн тань эрүүл мэндийн байдал тэднийхээс ондоо гэж та хэлэх байх л даа. Гэхдээ Бурханы бүтээлийн дотор дотоод хоол хүнс гэдэг нэгэн зүйл байдгийг би хэлмээр байна. Тэр нь юу вэ гэвэл Амгалан, Гэрэл, Жаргалан гэх мэт сэтгэлийг хангагч, бурханлаг чанарууд юм. Зөв тэмүүлж, зөв бясалгавал та энэхүү дотоод хоолоор бие махбодоо тэжээж чадна. Дотоод эрдэмд нэвтэрхий ийм хэмжээнд хүрэх хүртэл нэлээд хэдэн жил зарцуулагдах байх л даа. Гэвч тэр хүртэл дотоод гүндээ нэвтрэн орж, чухам юунаас эрч хүч авдаг болохоо олж харахыг хичээгээрэй. Махнаас хүч авдаг гэсэн бодолтой хүмүүс бий. Хэрэв тэд дотоод гүндээ нэвтэрч үзвэл махнаас хүч авдаг гэсэн бодлоороо хүчээ сэлбэж байгаа гэдгээ ухаарах болно.

SriChinmoy.org

Хатуужил гэж юу вэ?



Хатуужил гэдэг бурханлаг чанар. Харамсалтай нь бид тэрхүү бурханлаг чанарыг машид эрхэмлэн хүсэмжлэхийн зэрэгцээ мунхаглан сэтгэж үл хэрэгсэх ажээ.

Хатуужил гэж юу вэ? Хатуужил гэдэг Бурханы ижилгүй Хайр, хариу нэхээгүй Жолоодлогын дотоод итгэмжлэл юм. Хатуужил гэдэг амьдралын догшин шуургыг тэсвэрлэн давахын тул бидний дотор нуугдсан Бурханы Хүч юм.

Цаг хугацаа гэдэг цойлон нисэх шувуу юм. Тэрхүү шувууг тогтоон барьж эзэмдэхийг та хүснэ үү? Өр зүрхнийхээ гүнээ хатуужлын модыг хэрхэн ургуулахын нууц эрдэмд суралцах аваас хамгийн эрхэм мөрөөдөл бүхэн тань үр өгөөжит бодит үнэн болон хувирах болно.

Хатуужил гэдэг Бурханы Тааллын өмнө өөрийгөө огоорох чин сэтгэлийн огоорол юм. Энэхүү огоорол нь мэдээжээр эдүгээ таны хэн буйг илэрхийлэх эгэл “би”-г тань оргүй болгоно гэсэн үг бус харин хязгаарт ахуйг тань хэтийдэн давж хязгааргүй “Би” болгон хувиргахуй билээ.

Хатуужлын эрдмийг гаднаас хүчлэн оноож болдоггүй юм. Хатуужил гэдэг бол таны дотоод баялаг, цэцэн билиг, амар амгалан, агуу ялалт юм.
Хатуужил тэвчээр маань хэзээ ч “энэ бол бүтэхгүй хэрэг” гэх мэтээр бидний зоригийг мохоох үг хэлэхгүй. Эсвэл бид бэлэн биш байна, эсвэл цаг нь болоогүй байна гэдгийг л тэр хэлдэг. Өөрсдийгөө бид бэлэн болсон гэж үзэж магадгүй боловч хамаг орших ахуй тэр чигээрээ бэлэн болох учиртайг ухаарах хэрэгтэй.

Хатуужил тэвчээртэй байна гэдэг нь идэвхгүй, хөдөлгөөнгүй байхын нэр биш. Энэ бол эрчтэй, хурдтай чанар. Хатуужил тэвчээрээр бид дотоод хүч чадлаа нэмэгдүүлдэг. Шийдмэг зориг бий бол хатуужил тэвчээрийг олж авахад түвэггүй гэдэг нь үнэн. Түүнчлэн хэрэв бидэнд хатуужил тэвчээр бий бол дотоод шийдмэг зориг маань ч бас хөгжих болно.

srichinmoy


Монгол хүний эрхэмлэх ёсон



Эрхэм зургаан зүйл:
1.    Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
2.    Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3.    Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
4.    Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5.    Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6.    Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах


Монгол айлын дөрвөн чухал ёс:
1.    Эцэг эх асралтай
2.    Эх энэрэлтэй
3.    Дүү бишрэлтэй
4.    Хүү тахимдуу


Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
Гадаах ажлыг эр нь мэднэ
Гарах орохыг эм нь мэднэ
Саадаг нумыг эр нь мэднэ
Сааль савыг эм нь мэднэ
Аян жинг аав нь мэднэ
Ааль аашийг ээж нь мэднэ
Ардаг догшныг аав нь мэднэ
Авах гээхийг ээж нь мэднэ


Эцэг хүний таван эрдэм:
1.    Уужим ухаан
2.    Хатан зориг
3.    Бат журам
4.    Өрх гэрийн түшиг
5.    Үр хүүхдийн сүр сүлд


Эцэг хүний цээрлэх найман зүйл:
1.    Бор дарсанд үл шунах 
2.    Болчимгүй үгэнд үл автах
3.    Болох болохгүй хэргийг сэдэх
4.    Богд Чингисийн сургаалд үл тэрслэх
5.    Үр хүүхдээ үл хараах
6.    Үнэн ханийг үл гомдоох
7.    Үйлийн хэцүүгээс үл шантрах
8.    Өмсөхийн өнгөнд үл автах


Эх хүний есөн эрдэм:
1.    Өнгөнд цэвэр
2.    Үйлэнд уран
3.    Үрд энэрэлтэй
4.    Үргэлж цэмцгэр
5.    Ханьдаа түшигтэй
6.    Хадамдаа элэгтэй
7.    Найранд дуутай
8.    Настанд ерөөлтэй
9.    Нартад буянтай


Эхнэр хүний цээрлэх таван гэм:
1.    Эр бусдыг сэтгэх
2.    Атаа жөтөө өвөрлөх
3.    Муу санаа агуулах
4.    Харамч байх
5.    Зохилдохгүй үйл үйлдэх


Эрхэм сайн хөвгүүний ёсон:
Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.


Асар муу хөвгүүний шинж:
Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.


Эрхэм сайн охины шинж:
Сайхан гоо зүстэй, санаа сэтгBkyэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.


Асар муу охины шинж:
Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.


Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга


I LOVE YOGA



Арван хоёр шүтэн барилдахуй
  Шүтэн барилдахуйн номлолд тулгуурлан хүмүний оршуйн төрөлх шинж байдлыг “дарма”/ хуулийн/ -гийн байр суурьнаас тодруулан гарган ирсэн зүйл нь “12 шүтэн барилдлага” юм.
12 шүтэн барилдлага нь
1) мунхаг /avijja
2) үйл /sankhara/
3) танин мэдэхүй /vijnana/
4)нэр дүрс/ namarupa/
5) түгэхүй /salayatana/
6) хүрэлцэхүй /phassa/
7) сэрэхүй /vedana/
8) хурьцахуй /thanha/
9) авахуй /upadana/
10) оршихуй/bhava/
11)төрөхүй /jati/
12) өтлөх үхэхүй /jaramarana/  

 Төөрөгдөлд автсан бодит байдлын амь  нь үнэндээ юунд тулгуурлан бүрэлдэн бий болдгыг  тодруулан нээж байгаа зүйл нь 12 шүтэн барилдлага юм. Хүмүний бодит байдал нь “зовлон шаналалт амьжаргаа”  мөн болохыг товч тодорхой үзүүлэн өгч буй 12 хэсэг зүйлийн хамгийн сүүлийнх “өтлөх үхэх” болой. Энэхүү өтлөх үхэхийн уг үндсийг нь нягтлан судлаж хайваас “төрөх” илрэн гарч ирэх болно. “төрөхүй” байгаа учраас өтлөх үхэх нь байх нь гарцаагүй юм. Энэ нь “төрөхүйг уг шалтгаан болгосноор өтлөх үхэхүй нь оршино” хэмээх илэрхийлэл юм. Мөн “төрөхүйн” оршин буйн уг үндсийг нягтлан хайх аваас  “оршихуй” /bhava/ байгааг мэдэх болно. Оршихуй/bhava/ хэмээх нь орчлонд дахин дахин эргэн төрөх “амь”-ийг нэрлэнэ. өөрийгөө хорвоонд  эргэн төрөх удамших зүйл нь “төрөхүйн” шалтгаан болой. Мөн “оршихуйг” шалтгаан болгосноор “төрөхүй” нь оршин байгаа болно. “Оршихуй” нь хорвоогийн амь нь болох талаас нь 12 шүтэн барилдлага дотор хорвоо / samsara/ -гийн үзэл ухагдхуун багтаж байгаа юм. Хорвоогийн амь нь “зовлон” боловч тэрээр юунд шүтэн тулгуурлан оршин буйг нягтлан үзвээс “авахуй” /upadana/ бээр шалтгаан нь болж байгааг мэдэх болно. авахуй нь “дур, хүсэл, улайрал” гэсэн утга бөгөөд аминдаа дурлах, шунах зүйл нь амийг оршоох, амин холбоог үргэлжүүлэх гол шалтгаан болно. тиймээс “авахуйг” шалгаан болгосноор “оршихуй” байгаа болно. дараагаар нь хүмүний хүсэл нь юунд тулгуурлан үүссэн бий болдгийг нягтлан судлаж үзвээс “хурьцахуй /thanha/” илрэн гарч ирэх болно. Хурьцахуй нь тэмүүлэлийг нэрийдэх бөгөөд, бүхий л  нисваанисын уг үндэс болсон сэтгэл дундуур байдал түүнд тэмүүлэх тэмүүлэл болно. энэ нь “авахуйг” бодит чанараар нь бүрдүүлж өгч шинхэнэ авахуй болгоход гол нөхцөл нь болж байгаа юм. Түүнчлэн “хурьцахуй” байгаа учраас авахуй байгаа болно.
“хурьцахуй /thanha/” нь төөрөгдөлд автсан “амь”-ний уг үндэс болдог учир түүнийг үүсгэн гаргах шалтгаан, эх ундрага болсон зүйл илрэн гарч ирэхгүй болно. энээс үзбэл “хурьцахуй” нь шүтэн барилдлагын нэгэн салаа, нэгэн гарааны цэг юм. Тиймд хурьцахуй, авахуй, оршихуй, төрөхүй, өтлөх үхэх эдгээр 5 хэсгийг “хурьцахуйн шүтэн барилдлага” хэмээн нэрийддэг. Тийм хэдий ч “хурьцахуйг” өдөөж өгөн үйл ажиллагаанд оруулж буй зүйл байхгүй  байна гэсэн ойлголт биш юм. Тэр зүйл нь сэрэхүй /vedana/ болно. “сэрэхүй” нь зоригдхууныг / объект/-ыг хүлээн авах зүйл учраас зовлонг сэрэхүй, амгаланг сэрэхүй, зовлон амгалан аль аль нь бусыг сэрэхүй хэмээх 3 зүйл ангилна. Сэрэхүйд өгөөгдөж “хурьцахуй” илрэн гарч ирэх болно. тиймээс сэрэхүйг шалтгаан болгосноор хурьцахуй оршин тогтоно. Дараагаар нь “сэрэхүй” ил гарч ирэх шалтгаанаар улбаалан “хүрэлцэхүй /phassa/” оршин байгааг олж мэдэх юм. хүрэлцэхүй нь мэдэрхүйтэй хамт цуг объёкт ба субъектыг холбож өгөх хэрэгсэл зүйл болох бөгөөд мөн  мэдэрхүй / субъект/, гадаад суурь /объект/, дотоод суурь / мэдрэхүйн эрхтэн / эдгээр гурвын нэгдлыг “хүрэлцэхүй” хэмээдэг. Энэ нь “мэдэрхүйг” гараанаас хөдөлгөх “хүч” болох ба “хүрэлцэхүйг” шалтгаан болгосноор “сэрэхүй” тогтнон байгаа гэдгийг мэдэх юм. Дараагаар нь “хүрэлцэхүйг” гарч ирэхэд шалтгаан болж буй хүчин зүйл нь “түгэхүй” / 6 үүд, salayatana/ мөн болно. түүнийг  дотоод 6 суурь хэмээдэг ба энэ нь нүд, чих, хамар, хэл, бие, мэдэл эдгээр зургаан төрлийн мэдэрхүйн суурь эрхтнийг нэрлэнэ. Эдгээрийг эзэн ба зочин / гол ба дагалдах зүйл/ -ээр нь авч ангилах юм бол  дотоод 6 суурь / нүд, хэл, хамар, чих, бие, сэтгэлийн мэдэл/ гадаад 6 суурь / дүрс, амт, үнэр, дуу, хүрэлцэхүй, юмс/ эдгээр нь нийлээд 12 суурь болно. эндээс 6 үүд /salayatana/- г шалтгаан болгосноор хүрэлцэхүйг оршин байгааг мэдэх явдал юм. Мэдэрхүйн хил хязгаар нь бие болон сэтгэлийг өөрийн оршихуйн уг үндсээ болгон оршино. Энэ нь нэр дүрс/ namarupa/ юм. Нэр / nama/ гэдэг нь “сэтгэл”-ийг нэрлэх ба дүрс нь /rupa / нь “бие”-ийг төлөөлөн нэр нэр томъёо юм. Тийм ч дүрс нь өргөн утгаараа материаллаг зүйлийг илэрхийлэх болохоор гадаад ертөнц тэр чигээрээ “дүрс”-нд багтан хамрагдах юм. Тиймээс “нэр дүрс”-ийг шалгаан болгосноор “6 үүд” оршин байгаа юм.
Дараагаар нь өөрийн “нэр дүрс” оршихуйн уг үндэс болж байгаа зүйл нь “танин мэдэхүй /vijnana/” юм. Танин мэдэхүй нь мэдэрхүйн үйлдлийг хэлнэ. Үүнд харахуй, үнэрлэхүй, сонсохуй, амтлахуй, шүргэлцэхүй, мэдэхүй эдгээр 6 танин мэдэхүй байна. Vijnana /мэдэрхүйн үйлдэл / нь үгүй болбол бие, сэтгэл ч устан үгүй болно. vijnana-д тулгуурлан амьд бие орших тул бие сэтгэл лугаа нэгдэн байгаа юм. Арай өргөн утгаар  мэдэрхүйн үйлдлээр дамжуулан ертөнц үүссэн бий болдог хэмээн үзэж болно.  Энэ нь мэдэрхүй ба мэдэрхүйн агуулага холбоог тайлбарласан зүйл юм. Тиймээс мэдэрхүйг шалтгаан болгосноор нэрдүрс байгааг мэдэж болно. Мөн үүнтэй адил цаг үед бие, сэтгэл хамт цуг амьдран орших тул мэдрэхүйн үйлдэл нь үйл ажиллагаа явуулах бүрэн боломж нөхцөлтэй болно. Бие мах бодь үгүйгээр мэдэрхүй орших нь боломжгүй юм. Энэ талаас нь “нэр дүрсийг шалгаан болгосноор танин мэдэрхүй оршдог” хэмээн үзэж болно. Тиймийн учир мэдэрхүй ба нэр дүрс нь харилцан шүтэлцлийн уялдаа холбоотой болохыг мэдэх болно. Шүтэн оршихуйн шалтгаан нөхцлыг нягтлан судлаж үзэх ажлыг энэ хэмжээнд хүргээд орхих зүйтэй болов уу.
 Энэ адил танин мэдэхүй ба нэр дүрс нь харилцан шүтэлцэх чиг хандлагууд байхнаа ч танин мэдэхүй нь арай давамгай болон идэвх санаачлага бүхий шинж чанарыг агуулдаг юм. Тиймээс нэр дүрсийг бодвол эх суурь гэж үзэж болох юм. Түүнчлэн энэхүү  “танин мэдэхүй /vijnana/”-ийн оршин тогтнох шалгааныг нь нягтлан судлаж үзвээс тэр нь “үйл /sankhara/” мөн болохыг мэдэх болно. Өөрийн дадлага туршлагын үйл явц нь танин мэдэхүйд тулгуурлан жигдрэн орших боловч тэрхүү танин мэдэхүй нь хувийн шинж чанарлаг байдлаар хучигдсан эргэцүүлэлээр бүрэлдэн тогтсон бүтэцтэй байдаг. Эндээс  vijnana-г ажилгаанд оруулж өгөх “хүч” байх ёстой гэсэн таамаглал гарч ирнэ. Энэ нь даруй “үйл /sankhara/” юм. Энгийн утгандаа “үйл” нь ямар нэгэн зүйлийг бүтээн бий болгох “бүтээгч хөдөлгөгч хүч”ийг нэрлэнэ. “бүхий л үйл нь мөнх бус” хэмээх тодотголын “үйл” нь ертөнц хорвоог бүрэлдэн бий болгогч “хүч”-ийг нэрлэх ба үйлийн хэрэглэх заавар утгын дотроос хамгийн өргөн утгатай нь юм. 5 цогц / Skandhā/ хэмээхэд хамаарагдах “үйл” нь сэтгэл зүйн талын бүтээгч хүчийг нэрлэн заах бөгөөд голлон сэтгэлийн бүтэц бйагуулалтыг нэрлэнэ. Энэ нь үйлийн хэрэглэх заавар утгын дотроос явцуу утгыг илэрхийлдэг юм.
12 шүтэн барилдлагын “үйл” нь  танин мэдэхүй /vijnana/-г өнгөлөн будаж өгөх / vijnana-г өнгөгүй хуурцаг гэж үзвэл “үйл” нь түүн дээр хийгдэх ямар нэгэн өнгөт бичлэг юм / - явцыг бүрдүүлэх хүчийг нэрийдэх бөгөөд энэ даруй үйлийн үр / karman, kamma/  хэмээн тодорхойлон тайлбарлана.  Өнгөрсөн цагийн үйл нь vijnana-г өнгөлөн будах / холилдон нийлэх/  бөгөөд энэхүү нөлөөллийн хүчинд vijnana нь дүгнэлт хийх юм уу дараагийн үйл хөдөлгөөнийг хийдэг болно.
 Дараагаар нь энэ “үйл /sankhara/” – оршин буй шалтгаан нөхцөлийг нягтлан судлах абаас тэр нь даруй “мунхаг avidya,avijja” болохыг мэдэх болно. мунхаг нь үнэн зөв ухаан / vidya/ байхгүй гэсэн утга болно. Мөнх бусыг мөнх бус гэж мэдэхгүй байгаа нь мунхаг бөгөөд оршихуйн байгаа юмс үзэгдлийг байгаа тэр чигт нь үзэх “хүч” байхгүйн учир ийн нэрийддэг болно.  Мунхаг уг зүйл өөрт нь санаачлагат тэмүүлэгч  чанар байхгүй боловч  ухаанлаг санаачлагат чанар нь мунхагт будагдан үйл явцын өрнөлд орох үед бүхий л зүйлсийн төөрөгдөл үүссэн гарах болно. Эгэл хүмүүс нь мунхагаар өгөөгдөн юмсыг харж байгаа бөгөөд үүнийг:
 Зүүд зүүдлэн байгаа хүн нь зүүдээ зүүд хэмээн танин мэдэх юм бол даруй зүүд саринан замхрахтай адил, мунхагаа мунхаг хэмээн танин мэдвээс мунхаг нь аль хэдийн саринан алга болох юм. Энэ даруй мунхаг нь илрэн гарч ирсэн даруйдаа замхран алга болно гэсэн үг юм. Тиймээс шүтэн барилдлагын судалгаа хайлт нь мунхагыг олж илрүүлсэнээр дуусгавар төгсгөл болж байна. Мөн мунхагыг шалтгаан болгосноор “үйл” байна гэж үзэх ба мунхаг устан үгүй болбол “үйл” ч устан үгүй болно.  Мэдээж “үйл” –ийн оршин буй нөхцөл шалтгаан нь ганц “мунхаг” бус өөр олон хүчин зүйл байдаг ч тэр дотроос үндсэн гол шалтгаан нь “мунхаг” мөн учир “мунхаг устан үгүй болбол үйл ч устан үгүй болно” хэмээнэ. Түүнчлэн мөн адил “үйл” устан үгүй болбол “танин мэдэхүй” ч устан үгүй болно. энэ адил.................”төрөхүй” устан алга болбоос “өтлөх үхэхүй” ч устан үгүй болох юм. Тиймээс зовлонт хүний амь нь устан үгүй болох юм. Ийнхүү шүтэн барилдлагын 12 гинжин холбоо нэг нэгэндээ шүтэн орших тогтолцоо тэр чигтээ нуран унах юм. Будда нь 12 шүтэн барилдлагыг тогтолцоог ажиглан шинжилсэнээр гэгээрлийг олсон гэдэг.

dharma.mn

БЯСАЛГАЛААР ОЮУН СУДЛАХ ЁС

Дээрхийн гэгээн XIV Далай ламын АНУ-ын Боулдер хотын Наропа Дээд Сургууль, Денвер хотын Колорадогийн Их Сургууль дээр айлдсан сургааль
Бясалгал гэдэг нь оюун ухаанаа аливаа нэгэн бясалгагдахуун юмсад дадуулан ижилсүүлэхийг хэлнэ. Бидний сэтгэл мөрөн гол мэт нэг гольдролд орж чадаагүй зүг бүхэнд урсаж байдгаас онцгой их хүчгүй байдаг. Гэвч тэрхүү усыг нэгэн зүг урсгавал маш их хүч чадалтай болохын адил бидний сэтгэл ч түүн шиг болж болно.
Сэтгэлийг яаж төвлөрүүлж болох вэ?
Ямар ч зүйлийг бясалгахдаа нүдээрээ гадаад юмсыг шууд хараад бус түүний дүрс байдлыг сэтгэлдээ ургуулан бясалгах ёстой.
Хүсэл шуналд голчлон автсан бол гоо бусыг бяслагдахуун болгодог. “Гоо бус” гэсэн нь заавал нэг муу муухай хэлбэр дүрсийг зааж байгаа гэж ойлгож болохгүй. Бидний бие цогцос жинхэнэ мөн чанартаа цус, мах, яс зэрэг уг шалтгаануудаас бүтэж бүрдсэн байдаг. Гадаад төрхөндөө өнгө үзэсгэлэнтэй, гараар барихад зөөлөн сайхан сэтгэлд нийцтэй юм шиг үзэгддэг. Гэвч сайтар судлан шинжилвээс түүний чанар нь яс тэргүүтэн гоо бус зүйлүүд болохыг мэднэ. Энэ утгаараа “Гоо бусыг бясалгах” гэдэг нь өөрсдийнхөө бие цогцын мөн чанарыг шинжилнэ гэсэн үг юм.
Түүнчлэн их ууртай хүний бясалгагдахуун нь асрал хайр юм. Мунхаг давамгайлсан хүн бол “Арван хоёр шүтэн барилдлага” –ыг бясалгах хэрэгтэй. Их омог дээрэнгүй зантай болбоос үлэмж том юмыг бясалгах нь зүй. Яагаад гэвэл, олон зүйл орны ялгааг бясалгах үед өөр өөрсдийнхөө мэдэхгүй зүйл асар их байдгийг мэдэж авах бөгөөд улмаар омог, дээрэнгүй зан нь дарагдан багасах болно.
Юмсыг танин бариад түүнд өөрсдийнхөө сэтгэлийг хэрхэн агуулах вэ?
Эхлээд буяны садан нэгэн багшаас бясалгагдахуун зүйлсийнхээ тухай сонсож мэдэх хэрэгтэй. Дараа нь түүнийгээ дахин дахин тунгаан санаснаар зөв магадлалыг олж чадна. Жишээлбэл, бурхны лагшинг бясалгахдаа эхлээд түүний тайлбарыг ойлгон мэдэж авах, эсвэл лагшингийн зураг хөрөг зэргийг үзэж мэдэх хэрэгтэй. Түүний дараа сэтгэл оюундаа тодорхой ургуулахын тулд дадуулж сэтгэлдээ тогтоох нь зүй.
Үүний дараа өөрсдийнхөө хөмсөгний харалдаа урд ойролцоогоор 121 сентиметр өндөр хэмжээтэй бурхны лагшинг тодорхой бөгөөд гэрлийн мөн чанартайгаар заларч байна гэж бясалгах хэрэгтэй. Ингэснээр бясалгалын саадын нэг “живэх” –ийг хориглон хаахад тустай байдаг.
Түүгээр үл барам бурхны лагшинг бясалгагдахуунд барихдаа их хүнд байна гэж сана. Энэ нь бясалгалын “догшрох” саадыг хаахад тустай юм. Аливаа бясалгагдахуун зйлсийг хичнээн жижиг хэмжээнд барьж чадна түүний хэрээр сэтгэлийн алгасралыг багасгах, түүнийг барьж хураахад тустай болно. 
Бясалгагдахуун зүйлсээ өмнө нь баттай нотлон буулгасны дараа түүний их, багын хэмжээг солилгүйгээр түүнийг амирлан ахуй бүтэх бясалгалын хувийн үесд бясалгагдахуун зүйлс өөрт баттай тохогдсон мэтээр санах ёстой.
Эхлээд бясалгах зүйлээ оюун санаандаа ургуулан бод. Түүний дараа тухайн зүйлээ ахин дахин дурдаж санах  хэрэгтэй. Ингэснээр санамсарыг үүсгэх уг шалтгааныг бий болгож  байгаа юм.
Өөрийн оюуныг бясалгагдахуун дээр байрлуулах үед хоёр зүйлийн ялгааг заавал бүрэлдүүлэх хэрэгтэй.
1.Зөвхөн бясалгагдахуун төдий бус тийн мэдлийн тодорхой хувь нь ч их байх ёстой.
2. Бясалгах зүйлсдээ нэгэн үзүүрт сэтгэлээр орших юм.
Тэдгээрийг үүсгэхэд бясалгалын харшлах шалтгаан болох “Живэлт”, “Догшролт” хоёр саад тотгор болдог бөгөөд “Живэлт” тийн мэдлийн тодорхой хувийн өсөлт хөгжилтийг хаадаг ба “Догшролт” нь бясалгалд орших баттай хувийг хаадаг.
“Живэлт” гэдэг нь баттай сэтгэл сулран идэвх буурч, урьдын хүч үгүй болох, сэтгэлийн эрч мохохыг хэлнэ. “Живэлт” –ийн уг шалтгаан нь залхуурал юм. Тэр нь толгойг малгайгаар бүтээсэн шиг хүндрэн уйсах мэт болно. Түүний ерөндөгт сэтгэлийг эрчлэн чангалах хэрэгтэй.
Оюун ухааныг чангатган сэргээхэд “Живэлт”-ийн уршиг багасах боловч“Догшролт” төрөх уршиг ихсэнэ. “Догшролт” гэдэг нь хүсэл шуналд зүглэсэн сэтгэлийн хөдлөлийг заадаг бөгөөд тэр хөдлөл нь ямар ч зүйлд хандаж болзошгүй. Ямар ч гэсэн “Догшролт” нь аливаа зүйлсэд шунал хүслээр хөтлөгдөн одохыг хэлнэ. “Догшролт” ба түүнтэй ижилхэн бусад сэтгэлийн хөдлөлийн ерөндөгт оюун ухааны алгасралыг тогтоож, эрчийг нь мохоох хэрэгтэй.
Бясалгагдахуун зүйлсийг “Дурдахуй” –гаар барих үед “Санамсар” –аар дахин дахин оюун ухаан “Живэлт”, “Догшролт”-ын эрхэнд орж байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хэрвээ “Санамсар”-аар “Живэлт” –ийн гэм уршиг байгааг мэдвэл оюун ухааны эрчийг чангалах хэрэгтэй бөгөөд “Догшролт” –ын уршиг байх аваас эрчийг бага зэрэг султгах хэрэгтэй. Сэтгэлийн чанга, сулыг бясалгалын дадлага туршлагаар тааруулж болно.

Бясалгалыг анхлан суралцах үедээ олон тоотой, богино хэмнэлтэй байвал сайн. Эхний үед элбэг дэлбэг, эд баялагтай, олон хүний шуугиан ихтэй хот суурин газар бясалгалыг гүн гүнзгий хийхэд бэрхтэй байдаг тул ямар ч байсан аглаг амгалан газар сонгох нь зүйтэй. Аглагийг шүтэлггүйгээр бэлгэ чанар төгссөн жинхэнэ “Амирлан ахуй”-г олох арга бараг байдаггүй.
Ийнхүү өөр өөрсдөө анхааран авч чадвал улмаар сэтгэл тууштай бат болж эцэстээ “Амирлан ахуй”-г олох болно. Нэгэн үзүүрт сэтгэлийг зорьсон зүйлдээ хандуулдаг “Агуулах бясалгал”-ын хүчээр “Машид судалсан сэтгэл” төрнө. Түүнд харгалзан “Машид судалсан биеийн амгалан”-г гаргадаг. “Машид судалсан биеийн амгалан”-аас “Машид судалсан сэтгэлийн амгалан” төрөн бий болно. Тэрхүү “Машид судалсан биеийн амгалан” нь баттай болох цагт “Амирлан ахуй”-г олдог юм. Бие, сэтгэлийн амгалантай байх ахуй үес нь дөрвөн самади, дүрс үгүйн тэгш оролдохуй дөрвөөс анхдугаар самадийн чухал бэлтгэлийн эхлэл болдог.
Түүний нэгэн адил “Машид судласан сэтгэлийн амгалан” төрвөл “Үлэмж үзэхүй”-г олох боловч тэр амгалан нь билиг ухаанаар судласны хүчээр төрөх бөгөөд “Агуулах бясалгал”-ын хүчээр төрөхгүй. “Үлэмж үзэхүй”-д “Ертөнцийн үлэмж үзэхүй”, “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” гэдэг хоёр зүйл байна. “Ертөнцийн үлэмж үзэхүй” нь доодод харгалзаад, дээдийг амирлахуйд үзэх үе юм. Харин “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” нь ерөнхийлөн авч үзвэл “Хутагтын дөрвөн үнэн”-ий байдалтай нарийвчлан их хөлгөний тогтсон тааллын дагуу авч үзвэл “Юмын би үгүй”-н байдалтай байдаг.

Орчуулсан Э.Эрдэнэбаатар  

ДЭВШЛИЙН ТУХАЙ ХЭДЭН ҮГ

Хайр бол учрал юм. Амьдрал үхлийн оргазмлаг учрал юм. Хэрэв хайр таны амьдралд орж ирээгүй бол та хажуугаараа ямар нэг юмыг өнгөрөөжээ гэсэн үг. Та төрсөн, та амьдарч байсан, та нас барсан. Гэхдээ та ямар нэг юмыг алдсан. Та аймшигтайгаар алдсан, та туйлаар алдсан, та бүрэн төгс алдсан, та дунд хэсэгт нь нэгэн орон зайг алдчихсан. Гэтэл тэр алдсан юманд хүрэхийн тулд санаж явах ёстой дөрвөн шат байдаг. 
Нэгдүгээр шат, энд-ба-одоо байх. Яагаад гэвэл, хайр энд-ба-одоо л боломжтой зүйл. Та нар өнгөрсөнд хайрлаж чадахгүй. Олон хүмүүс зүгээр л дурсамжаараа амьдраад байдаг. Тэд өнгөрсөндөө хайрлаж байсан. Гэтэл бас ирээдүйд хайрладаг хүмүүс ч бий. Ийм юм бас байж таарахгүй. Энэ хоёр чинь хайраас зугтах аргууд: өнгөрсөн ба ирээдүй хоёр – хайраас зугтах аргууд. Иймэрхүү маягаар та эсвэл өнгөрсөнд хайрлаж байдаг, эсвэл ирээдүйд хайрлаж байдаг. Гэтэл хайр зөвхөн одоод л боломжтой зүйл. Яагаад гэвэл, яг энэ агшинд л амьдрал үхэл хоёр учирч байдаг... та нарын дотор байдаг тэр харанхуй орон зайд. Энэ харанхуй орон зай дандаа байсаар л ирсэн. Тэр хэзээ ч ирээдүйд байдаггүй, хэзээ ч өнгөрсөнд байдаггүй. Хэрэв та хэтэрхий их боддог бол, бодол дандаа өнгөрсөнд юм уу, ирээдүйд байдаг, таны эрчим хүч чинь мэдрэхүйгээс чинь хөндийрсөн байдалд байдаг. Мэдрэхүй энд-ба-одоо байж байдаг. Хэрэв таны эрчим хүч сэтгэн бодох хүрээнд байгаад байвал мэдрэхүй руу орох хангалттай эрчим хүчгүй байх болно. Тэгээд таны хувьд хайр боломжгүй зүйл болно. Тийм болохоор, эхний алхам, энд-ба-одоо байх. Өнгөрсөн ба ирээдүй хоёрыг бодол бий болгодог. Бодох нь мэдрэхүйг устгадаг. Тэгээд хэт их сэтгэн боддог хүн тун удахгүй өөрт нь зүрх сэтгэл бий гэдгийг мартдаг. Сэтгэн бодохуй руу хэтэрхий орсон хүний мэдрэмж ч багасч эхэлдэг. Дараа нь хүн мэдрэмжүүдээ чагнахгүй байвал тэд алга болж эхэлдэг. Зүрх сэтгэл гэж юу болохыг мэддэггүй сая сая хүмүүс ийм нөхцөлд байдаг. Тэд зүрх сэтгэл бол зүгээр л нэг аппарат гэж боддог. Тэд өөрсдийн толгой дээр бүрэн төвлөрсөн байдаг. Толгой бол нэг хязгаар. Тэр хэрэгтэй, тэр маш сайн багаж. Гэхдээ тэр яг зарц шиг ашиглагдаж байх ёстой. Тэр эзэн байх ёсгүй. Толгой эзэн болоод эхлэнгүүт зүрх сэтгэл ард үлддэг. Тэгээд та үхэж эхлэнэ. Та Бурхан гэж байдгийг мэдэхгүй байх болно, хайр гэдгийг мэдэхгүй болно. Та хайран дотор бүрэн гээгдэхийг Бурхан гэдэг юм. Хайр бол Бурханы эхлэл. Эсвэл Бурхан бол хайрын хамгийн дээдээс дээд оргил гэж хэлж болно. Хайрын өөдөөс алхах 
хоёр дахь алхам юу вэ гэвэл, өөрсдийнхөө хорыг... рашаан болгож сурах явдал юм. Их олон хүн хайрладаг, гэхдээ тэдний хайр дэндүү их хордсон байдаг. Үзэн ядалтанд, хардалтанд, ууранд, өмчирхөх занд. Мянга нэгэн хор таны хайрыг хүрээлж байдаг. Гэтэл хайр бол маш энхрий зүйл юм. Уур бухимдал, үзэн ядалт, тачаал, хардалтын тухай бодоод үз дээ! Яаж ийм юман дотор хайр амьд үлдэж чадах юм бэ? Нэгдүгээрт, хүмүүс толгойгоороо амьдарч зүрх сэтгэлээ мартдаг. Ихэнх нь л ингэдэг. Их цөөхөн хэд нь бага зэрэг зүрх сэтгэлээрээ амьдардаг, гэхдээ энэ цөөнх нэг зүйлийг буруу хийдэг. Хайрынхаа бяцхан гэрлийг хардалт, дайсагнал, уур бухмдал гэх мэт мянга нэгэн хороор хордуулдаг. Тэгээд, аялал, бүхэлдээ ямар нэг гашуун юм болж хувирдаг. Хайр бол тэнгэрийн орон там хоёрын хоорондох шат юм. Гэхдээ энэ шат нь ямагт хоёр чиглэлтэй байдаг: та эсвэл өгсөж болно, эсвэл уруудаж болно. Ямар нэг хор хайранд чинь байгаа бол шат таныг доош нь аваачина, та тамд унах болно, диваажинд биш. Амьдрал чинь ямар нэг гайхамшигт аялгуунд хүрэхийн оронд зүгээр л дургүй хүргэсэн чимээ шуугиан болно. Наймаа хийн хэрэлдэж байгаа наймаачдынх шиг. Эсвэл зүгээр л солиотой чимээ шуугиан, ямар ч ая дан байхгүй олон хоолой нийлсэн орилоон болно. Та солиорлын ирмэгт очино. Тийм болохоор, санаж авах ёстой хоёр дахь зүйл юу вэ гэвэл, өөрийнхөө хорыг рашаан болгож сурах явдал юм. Яаж? Энэ их энгийн. Үнэн хэрэгтээ үүнийг хувиргалт гэж нэрлэх нь ч буруу. Яагаад гэвэл, та юу ч хийхгүй. Таньд зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Энэ бол миний та нарт хэлж өгч байгаа агуугаас агуу нууцуудын нэг юм шүү. Оролдоод үз. Уур хүрсэн үедээ юу ч битгий хий, зүгээр л үг дуугүй суугаад л уураа ажиглаад бай. Уурынхаа эсрэг бүү бай, түүний талд битгий ор. Битгий нэгд, битгий дар. Зүгээр л ажигла, тэвчээртэйгээр. Зүгээр л юу болж байгааг хараад бай... Бүр гаараг. Нэг зүйлийг санаж аваарай: хор танаар дүүрч байгаа үед хэзээ ч юу ч битгий хийж бай. Зүгээр л хүлээж бай. Хор өөр юм болж хувирана... Энэ бол амьдралын үндсэн хуулиудын нэг. Бүх юм ямагт ямар нэг өөр юм болж хувирдаг. Миний хэлж байсан шиг эрэгтэй хүн эмэгтэй хүн болж хувирдаг, эмэгтэй хүн эрэгтэй хүн болж хувирдаг. Таны дотор тогтмол өөрчлөлт явагдаж байдаг. Сайн хүн муу хүн болж байдаг, муу хүн сайн хүн болж байдаг. Гэгээнтэнд нүгэлт үеүүд байдаг. Нүгэлтэнд гэгээрлийн үеүүд байдаг. Зүгээр л хүлээх хэрэгтэй. Уур их байгаа үед юу ч битгий хийж бай. Тэгэхгүй бол сүүлд нь харамсах болно. Хариу үйлдлийн гинжин хэлхээсийг та өөрөө үүсгэж үйлийн үр бий болно. Хүн сөрөг үедээ ямар нэг юм хийснээр гинжин хэлхээсэнд холбогддог. Тийм болохоор, үүнд чинь эцэс төгсгөл гэж байхгүй. Та ямар нэг юмыг сөрөг байгаа үедээ хийхэд нөгөө хүн чинь ч гэсэн сөрөг болдог. Тэгээд нөгөө хүн чинь бас ямар нэг юм хийхэд бэлэн болдог. Сөрөг байдал нь үнэндээ бүүр их сөрөг байдлыг бий болгодог. Уур улам бүр их уурыг бий болгодог. Дайсагнал улам их дайсагналыг бий болгодог. Гэх мэтчилэн, гэх мэтчилэн... Хүмүүс бие биендээ тавьсан хавханууддаа өөрсдөө орж байдаг. Тэгээд үүнийгээ үргэлжлүүлээд л байдгийн яана? Хүлээж бай. Уур хүрч байгаа үе бол бясалгалын үе. Энэ агшинг бүү алд. Уур таны дотор агуу том эрчим хүчийг бий болгодог... Тэр эрчим хүч устгах чадалтай. Гэхдээ эрчим хүч өөрөө нейтрал. Юмыг устгаж чадах нөгөө л эрчим хүч чинь юмыг бүтээж бас болно. Хүлээж бай. Юмыг үгүй хийж чадах нөгөө л эрчим хүч чинь амьдрал болж урсаж чадна. Зүгээр л хүлээж бай. Хүлээгээд л, юуг ч яарч хийхгүй байснаар нэг л өдөр та дотоод өөрчлөлтөндөө гайхах болно. Та уураар дүүрэн байсан. Уур чинь үргэлжлээд л, үргэлжлээд л дээд цэгтээ тулсан... тэгээд л хүрд эргэсэн. Хүрд эргээд л уур чинь багасаад эхэлснийг та харсан. Эрчим хүч суллагдсан. Одоо та эерэг, бүтээлч байдалтай болсон. Одоо харин та ямар нэг юм хийж болно. Одоо бол хий. Дандаа эерэгийг хүлээж сур. Миний ярьж байгаа юм дарангуйлал биш юм. Би сөрөгийг дарангуйл гээгүй шүү дээ. Би сөрөгийг ажигла гээд байгаа юм. Энэ ялгааг санаж аваарай. Энэ чинь маш том ялгаа. Би сөрөгийн дээр гар, сөрөгийг март, түүний эсрэг ямар нэг юм хий гээгүй. Би ингэж хэлээгүй. Би уурлаж байхдаа инээж бай гээгүй. Үгүй ээ, ийм инээд хуурамч, муухай, хиймэл. Уурлаж байхаа битгий инээж бай. Өрөөнийхөө хаалгыг хаагаад өөрийнхөө өмнө толь тавиад уурлаж байгаа нүүрээ хар. Тийм нүүрээ өөр хэн нэгэнд харуулах хэрэг ч үгүй. Энэ чинь таны хэрэг, таны эрчим хүч, таны амьдрал. Тэгээд та зөв ангшинг хүлээж чадах ёстой. Толь руугаа үргэлжлүүлээд хар, улаанаараа эргэлдэсэн нүүр, нүд руугаа хар. Алуурчин энд байна. Та хэзээ нэгэн цагт хүн бүр өөрийн дотроо алуурчин тээж явдаг тухай бодож байсан уу? Та ч гэсэн өөрийн дотроо алуурчин тээж яваа. Алуурчин өөр хаа нэгтээ оршиж байна, аллага хийдэг өөр хэн нэгэн бий гэж бүү бодоорой. Үгүй. Хүн бүр аллага хийх потенциалтай байдаг. Та нар хүн алах зөнг дотооддоо тээж явдаг. Зүгээр л толь руу хар. Энэ бол таны нүүр. Тэгээд та түүнтэй танилцах ёстой. Энэ бол таны өөрөө өөрийгөө таньж мэдэх замд учирсан өсөлтийн чинь нэг хэсэг. Сократаас бидэнд уламжилж ирсэн нэг юмыг бид олон дахин сонссон: “Өөрийгөө тань”. Харин ингэж толь руу харах чинь өөрийгөө таних нэг арга. “Өөрийгөө танина” гэдэг чинь чимээгүй суучихаад л: “Би бол Брахма, би бол сүнс, би бол Бурхан, би бол энэ ” гээд л давтаад байхын нэр биш. Энэ бүхэн хэрэггүй. “Өөрийгөө тань” гэдэг чинь энэ бүх ертөнцүүдийг, энэ бүх боломжуудыг танихыг хэлж байгаа юм: алуурчин, нүгэлтэн, гэмт хэрэгтэн, гэгээнтэн, буянтан, Бурхан, чөтгөрийг. Өөрийн дотоод дахь бүх хэсгүүдийг, цогцоор нь таньж мэдэх. Тэгээд ингэж таньж мэдсэнээр та нар улам бүр шинэ шинэ нууцуудыг нээх болно. Та нар уур дандаа хамт байж чаддаггүй гэдгийг мэдэх болно. Эсвэл чадах юм уу? Та нар оролдож үзээгүй шүү дээ. Оролдоод үз. Тэр дандаа хамт байж чадахгүй. Хэрэв та нар юу ч хийхгүй байвал юу болох вэ? Уур чинь хажууд чинь өлгөөстэй л байгаад байх уу? Үгүй. Юу ч дандаа байдаггүй. Аз жаргал ирдэг, явдаг. Золгүй явдал ирдэг, явдаг. Бүх юм өөрчлөгддөг, юу ч хэвээр үлддэггүй гэсэн нэгэн энгийн хуулийг харахгүй байна уу? Тиймээс яараад байх юу байгаа юм? Уур хүрээ л биз, болих цаг бас ирнэ шүү дээ. Зүгээр л жаахан хүлээчих, жаахан тэвчээртэй байчих. Зүгээр л толь руу хараад хүлээчих. Уур чинь хүрч л байг, нүүр чинь аймаар л байг, яг алуурчин шиг. Гэсэн ч гэсэн хүлээ, ажигла. Гэхдээ уураа дарах гэж бүү оролдлоорой. Түүндээ автах ч хэрэггүй. Тун удахгүй нүүр царай чинь зөөлөрч, нүдний чинь харц тайван болж эрчим хүч өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Эр шинжийн юм эм шинжийх болж байгааг мэдрэнэ... Тэдээд удахгүй та нар гэрэлтээд ирж байгаагаа мэдэх болно. Уурлаж байхдаа минчийтлээ улааж байсан зүйл одоо тодохой хэмжээний гэгээтэй болно. Таны нүүр царай, таны нүд чинь сайхан болж эхлэнэ. Одоо л харин ямар нэг юм хийх цаг. Одоо та өөрийгөө илэрхийлж болно. Эерэг байхдаа ямар нэг юм хийж бай. Эерэг байдлыг хүчлэн бүү бий болго. Эерэг байдал өөрөө ирэхийг хүлээ. Энэ нь л нууц байгаа юм. “Өөрсдийнхөө хоруудыг рашаан болгож хувиргаж сур” гэж хэлэхдээ би үүнийг хэлээд байгаа юм. Тэгэд гурав дахь нь: хуваалц. Хэзээ ч хаана ч бай, та сөрөг байвал түүнийгээ өөртөө л хадгал. Хэзээ ч хаана ч эерэг байвал түүнийгээ хуваалц. Ихэнхдээ хүмүүс сөргөө хуваалцаж, эерэгээ хуваалцдаггүй. Хүн төрлөхтөн их мунхаг. Аз жаргалтай байх үедээ хуваалцдаггүй. Маш харамч. Хүмүүс аз жаргалтай байгаа үедээ маш их, маш их хэмнэлттэйгээр инээмсгэлдэг. Ууртай байгаа үедээ бүрэн, бүр бүрэн дүүрэн ууртай байдаг. Гурав дахь алхам бол энэ эерэгээ хуваалцах явдал. Энэ нь таны зүрхнээс хайрыг урсаж буй гол мэт бий болгооно. Та нар үүнийгээ хуваалцахаа болиод эхэлмэгц зүрх сэтгэлд диллемууд үүсч эхэлдэг. Би Жорж Луиз Борхесын хэлсэн нэгэн сонин юмыг сонссон юм. Та нар ч гэсэн сонсоод ав: “Ариун юмыг нохдод хаяж өг, сувдыг ч гэсэн гайхануудад хаяж өг. Яагаад гэвэл, энэ нь өгөгдөж байгаа зүйл юм.” Харин одоо би үүний эсрэг юм хэлье. “Нохдод битгий хаяж өг, гахайнуудад ч гэсэн сувд битгий өг. Яагаад гэвэл, тэд ойлгохгүй. “ Таны өгч байгаа юм чинь, хэнд өгч байгаа чинь, сувд байна уу, ариун юм байна уу, хайр байна уу чухал биш. Хэргийн гол нь ТА өгч байгаад байгаа юм. Таньд юм байвал өгч бай. Гуржиев: “Би хураасан бүхнээ алдсан ч өгсөн бүхэн минь минийх” гэдэг байсан. Таны хуваалцсан зүйл чинь л таных байдаг гэдэг үнэн. Хайр бол хурааж болдог хувийн өмч биш. Харин ч хуваалцах ёстой цацраг, үнэр. Хэдийчинээ хуваалцана төдийчинээ их авна. Хэдийчинээ бага хуваалцана төдийчинээ бага авна. Хэдийчинээ их хуваалцна, төдийчинээ үргэлжүүлээд дотоод мөн чанраас урган гарсаар байх болно. Хязгааргүй. Одоо та нар булаг мэт ундрах болно. Худгийн усыг шавхаад л бай. Тэгэх тусам их цэвэр ус ундрах болно. Усыг нь шавхахгүй байвал, худгыг таглачих юм бол, харамч болчих юм бол булаг ундрахаа болино. Удахгүй булаг үхмэл, хаагдсан болно. Тэр булгийн ус ч гэсэн үхмэл, тогтонги, бохир болно. Урсгал ус л бохиргүй... ундрах хайр л шинэ байдаг. Ингээд, хайр руу чиглэсэн
гурав дахь алхам бол эерэг бүхнээ хуваалцах, амьдралаа хуваалцах, өөрт байгаа бүхнээ хуваалцах. Ямарваа төрлийн гоо сайхан таньд байлаа гэхэд түүнийгээ хэзээ ч бүү хуримтлууж бай. Мэргэн ухаан байвал хуваалцаж бай, залбирал байвал хуваалцаж бай, хайр, аз жаргал, бахдал хөөр байвал хуваалцаж бай. Өгөх хүн олдохгүй байвал ноходтой ч болов хуваалцаж бай. Гол нь хуваалцах. Хад чулуутай ч болов хуваалцаж бай. Гол нь хуваалцах. Тана эрдэнэ байвал хаяад өг. Эргэн тойронд чинь гэгээнтнүүд байна уу, гахайнууд байна уу, хамаагүй. Зүгээр л хаяад өг. Учир нь энэ бол өгөгдөж байгаа тэр л зүйл. Хураан хуримтлуулах нь зүрх сэтгэлийг хордуулдаг. Ямарваа нэг төрлийн хуримтлал нь хор юм. Хэрэв та хуваалцаад байвал таны эд эрхтэний тогтолцоо, та өөрөө ч гэсэн хороос чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэгээд өгч байхдаа хариу талархал бүү харж бай. Ямар нэг юмыг таниас авч чадсан хүндээ талархаж бай. Өөрөөр биш! Зүрхнийхээ гүнд би энэ хүнтэй ямар нэг юм хуваалцсан учир тэр таньд талархах ёстой гэж бүү бод. Үгүй ээ, харин ч өөрөө түүндээ таларха. Таныг сонсоход бэлэн байсан учир, таны бүжгийг харахад бэлэн байсан учир, түүнд юм өгөх гэж таныг ирэхэд татгалзаагүй учир... тэр татгалзаж болох л байсан шүү дээ. Хуваалцах чадвар нь хамгийн сүнслэг буянуудын нэг юм, хамгийн агуу сүнслэг буянуудын нэг юм. 
Дөрөв дэх нь: хэн ч биш бай. Та өөрийгөө хэн нэгэн гэж бодоод эхлэнгүүтээ зогсдог. Тэгвэл хайр урсахгүй. Та хэн ч биш учир л хайр танаас ундран гардаг. Хайр үл оршихуй дотор оршиж байдаг. Та хоосон байгаа үед л хайр байдаг. Та эго-гоор дүүрэх үед хайр алга болдог. Хайр эго хоёр нэг дор оршиж чаддаггүй. Хайр Бурхантай л хамт оршиж чадна, эго-той хамт оршиж чадахгүй. Яагаад гэвэл, хайр Бурхан хоёр нэг ижил утгатай. Хайр эго хоёр хамт байх аргагүй. Тийм болохоор хэн ч биш байх нь бүхний эх сурвалж. Хэн ч биш өөрөө хязгааргүйн эх сурвалж... Хэн ч биш бол Бурхан. Хэн ч биш гэдэг нь нирваан гэсэн үг. Хэн ч биш байцгаа. Тэгвэл та нар бүхэлд хүрэх болно...
 ОШО

БИЗНЕС БА ЁС ЗҮЙ

КАТАРИН ХЭМНЕТТ: БУРХАНЫ ШАШИН МИНИЙ БИЗНЕСИЙГ ӨӨРЧИЛСӨН


Катарин Хэмнетт (Katharine Hamnett) Бурханы шашны нөлөөгөөр компанидаа бүрэн өөрчлөлт хийснээ илчилсэн байна. Алдарт загвар зохион бүтээгч бүсгүй 1990-ээд он хүртэл ёс зүйн өндөр зарчмын хүрээнд бизнесээ явуулж чадсан уу үгүй юу гэдэгтээ эргэлзэх болжээ. Тэрээр үнэхээр тэр бүр ёс зүйтэй бизнес эрхлээгүй байж магадгүй гэсэн сэжиг төрснөөр ихэд цочирдсон байна. Хэдий байгаль орчин, хүний эрхийг хамгаалсан уриа бүхий бичигтэй цамц гаргаж байсан ч сайхь загвар зохион бүтээгч үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийхгүйгээр үргэлжлүүлж болохгүй нь гэж шийдсэн байна.
“Би Буддизмын гүн ухааныг байнга сонирхдог байсан, ялангуяа “Зөв ахуйн” (ཡང་དག་པི་འཚོ་བ) талаарх эргэцүүлэл миний анхаарлыг татдаг байлаа. Тиймээс бизнесээ хийж байгаа бидний арга зам 3өв ахуйд нийцэж байна уу гэдгийг шалгаад үзэх хэрэгтэй гэж бодсон. Ер нь бүрэн нийцэж л байгаа, бид буруу юм юу ч хийгээгүй байх учиртай гэж анхандаа бодож байлаа” гэж тэр АНУ-ын The Wild сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Гэтэл жил бүр хүмүүс мянга түмээрээ нас барж байна, хортой пестицид хэрэглэж байна, аймшигтай нөхцөлд хүмүүс ажиллаж, олон хүн бэлгийн дарамтад өртөж байна, ялгаварлагдан гадуурхагдаж байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд би нэг бол ажил мэргэжлээ солих, эсвэл бизнес хийж байгаа арга замаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэж шийдсэн” гэжээ.

ХАДАГНЫ УЧИР


Хадаг нь эхэн, дунд, адагт сайн сайхны бэлгэ дэмбэрлийг бэлгэддэг нэгэн зүйл эд бүлгээ. Бид аливаа үйлийг анхлан эхлэхдээ ариун сайхан санааг илэрхийлж хадаг барьдаг билээ. Хадаг гэдэг нь Төвдөөр “Аман эд” гэсэн үг юм. Чухаг дээд гурвын шүтээн, багш дээдэс, хүндэт хүмүүстэй уулзах, учрах үед зовлон жаргалаа даатгах болон айлтгал үгсээ өргөхийн өмнө амар мэндийг асуух хэрэгтэй болдог. Үүний учир халтар бултар хир тоосонд халдагдаагүй цагаан торго мэт гэмгүй сайхныг бэлгэдэж юуны өмнө хадаг барих буюу өргөдөг учраас Аман эд хэмээн нэрийдсэн болой. Хадгийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн олон ангилж болдог бөгөөд өөр өөрийн онцлог хэрэглэх зарчимтай байдаг ажээ. Түүнээс гадна өлзий бусын үйлэнд ч хэрэглэх болсон домог бий. Урьд баян, ядуу хоёр айлсан амьдардаг байжээ. Нэгэн өдөр баян нас барсанд ядуу бээр аргаа баран өөрийн ганц үхрийнхээ ногтыг аван шарилын хүзүүнд тохон тавьсан ажгуу. Домгийн энэ ёс нь цагийн аясаар сунжран өөрчлөгдөж өнөө үед нас барагсдын цогцсыг хадагаар бүтээдэг уламжлал олон газар нутагт буй болсон хэмээдэг. Харин илт онол өндөрт хүрсэн их лам нарын таалал номын агаарт шингэхийн ёс үзүүлсэн /таалал төгссөн/ шарилд хадаг яндар өргөдөг нь хойд дүр нь эндүүрэгдэлгүй магад олдож, урьдын дээдсийн намтар явдлыг өөрийн болгон соёрхохыг бэлгэдэх өөр нэгэн утга илэрхийлдэг бөлгөө.
Хадаг түүний учир шалтгаан ёс дэг: Монголчууд эрт дээр үеэс хадгийг эдийн дээд гэж бэлгэшээж төрөл бүрийн хүндэтгэлийн зан үйлдээ хэрэглэж ирсэн. Хадаг хээ угалз, номын үсэг бичиг, хэмжээ, хийсэн эд, чанар чансаа, өнгө зэргээрээ өөр өөр байхын хамт Аюуш, Даш, Нанжвандан, Нанзад, Самбай, Дашвандан, Сэрш, Соном гэх мэт нэртэй байдаг. Аюуш хадгийг эцэг эхдээ, найман тахилт хадгийг багш, ихэс дээдэс лам нартаа барьж Самбай болон Нанжвандан хадгийг талийгаачийн газар авах, нүүрийг бүтээх зэрэгт хэрэглэдэг. Өнгө тус бүрдээ төр ёсны болоод шашны бэлгэдлийг агуулсан байдаг. Шашин номын үүднээс Цагаан өнгө нь Дээдийн шид бүтээл буюу гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг туулсан бурхны хутагт хүрч хүний сэтгэхүйн туйлын мөн чанарыг нээн гаргаснаар олж авах үнэмлэхүй их эрдмийг бэлгэднэ. Хөх өнгө нь Амирлуулах үйлийн шид бэлгэдэх бөгөөд хүндэтгэлийн орны өвчин, ад, өвчин хижиг саад зэтгэр зэргийг амирлуулах утгыг агуулна. Шар өнгө нь Дэлгэрүүлэх үйлийн шидийг бэлгэдэх ба нас буян, эрдэм ухаан, хүч чадлыг дэлгэрүүлэхийн утгыг агуулна. Улаан өнгө нь Эрхэнд хураах үйлийг бэлгэдэх бөгөөд яруу алдар, төгс эддэл тэргүүтнийг эрхэнд хураахыг бэлгэднэ. Ногоон өнгө нь Хатуу үйл буюу дайсан тотгор, гай зэтгэрийг зайлуулах утгыг тус тус бэлгэддэг. Ийнхүү хөх, шар, улаан, ногоон өнгийн хадгууд нь “Дөрвөн үйл”-ийн шидийг бэлгэддэг бол цагаан өнгө нь Дээдийн шид бүтээлийг бэлгэддэгээрээ дээрх дөрвөн өнгийн утгыг бүгдийг агуулдаг байна.
Харин төрт ёсны бэлгэдлийн үүднээс ялган үзүүлбэл:
Цагаан өнгө нь хиргүй ариуныг бэлгэдэнэ. Цагаан идээ, цайлган цагаан сэтгэл, есөн цагаан бэлэг, төрийн цагаан туг гэх мэтээр монголчууд цагаан өнгийг ихэд эрхэмлэдэг уламжлалтай.
Хөх өнгийн хадаг нь Мөнх тэнгэрийн өнгө бөгөөд амар тайвны бэлгэдэл, Ногоон өнгийн хадаг нь Газар дэлхийн өнгө бөгөөд Дэлгэрэн арвижихын бэлгэдэл, Улаан өнгийн хадаг нь галын өнгө бөгөөд Гал голомт бадрал дээшлэх, төр засаг хүчирхэгжихийн бэлгэдэл, Шар өнгийн хадаг нь Нарны өнгө бөгөөд мандан бадрахын бэлгэдэлийг агуулдаг байна.
Хадгийг барихдаа хадагныхаа задгай амыг өгөх хүн рүүгээ харуулж барьдаг. Энэ нь “Ариун сайхан сэттэлийн үүднээс барьж байгаа бэлэг нь танд өлзий болог” гэсэн утгатай. Хадаг авч байгаа хүн хоёр гардан авч хадагны толгой талыг баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээрээ нугалан эвхэнэ. Нанжвандантай хадгийг ямар ч хүнд барьдаггүй ба зөвхөн хүн нутаглуулах, оршуулах газар гуйхад хэрэглэнэ. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавьдаггүй ёстой.
Хадгийг өглөг, буяны журмаар барихаас гадна бусдаас ямар нэг зүйл хүсэх, тусламж эрэх хүслээ илэрхийлэн гуйж хадаг барьдаг ёс бий. Хүнээр ая бариулж дуу дуулуулах, ерөөл хэлүүлэх, ажил төрөлөө бүтээлгэх, бэр гуйх зэрэгт хадаг барьдаг.
Монголчууд адуун сүргээ онцлон хүндэтгэж ууган унаганд хадаг уях ёс бий. Мөн мал сэтэрлэхдээ хадаг уядаг ёстой. Багш лам, ихэс дээдэс, хутагт хувилгаадын мутрын тэмдэг дарсан, самбай хадгийг хамгийн их хадаг гэж дээдлэх бөгөөд бурхандаа өргөсөн хадгийг тус тус дээдлэн даллагын суманд уяж хадаглана. 
www.buddha.mn

СҮСЭГТЭН ТА


Монголчууд бид орон хийдэд ном уншуулж, засал хийлгэдэг. Гэхдээ ихэнхи хүмүүс сүм хийд оронд биеэ яаж авч явах болон мөргөл үйлдэх ёсыг төдийлэн мэддэггүй. Тиймээс энэ удаад сүм хийдэд мөргөлөөр очихдоо анхаарах зүйлсийг толилуулъя.
Цаг цагийн хурал мөргөлд ирэх юм уу, өөр бусад хэргээр орон хийд хүрээнд очихдоо хүрээний их ламд заавал мөргөх ёстой. Мөргөхдөө багш, ном, хуврага гурван эрдэнийн нэрийг дурдаж, өөрийнхөө хийсэн гэм нүглийг санаж, үнэн зүрхнээсээ сүсэглэж, таван цогцсыг газарт хүргэж, яаралгүй мөргөх хэрэгтэй. Мөргөлийн олон лам нараас юуны өмнө өөрийнхөө нутгийн ламд анхан мөргөж, адис хүртэх ёстой.
Орон хийдэд мөргөлөөр ирэхдээ өөрийнхөө чадал зэргээр хадаг самбай, мөнгө зоос, зулын тос, хүж, хөвөн, манзын сүү, цай, түлш, модноос эхлээд гар хоосон бишээр ирэх хэрэгтэй.
Мөргөлчин анхан ирээд нутгийн ламдаа мөргөж, тэндээс хийдийн үүдэнд мөргөөд дотогшоо орох хэрэгтэй. Тэндээс мөргөж гараад их, бага сүмүүдээр орж мөргөнө. Ирэх, буцахын цагт дацан хийдээ нар зөв тойрч явах ёстой. Дацанд ирэхдээ аягаа авч, эрихээ бариад, ариун цэвэр хувцасаа өмсөж, маань мэгзэм болон аль мэдэх таринаа уншиж ирэх ёстой.
Ирээд энэ тэр хүмүүстэй хөөрөлдөх, өнгийн юм үзэж харах, лам хуврагыг хүндлэхгүй гэх мэт явдлыг тэвчиж, шар улаан хувцастай хэн ч тааралдсан урдуур нь гарахгүй, нэг хэсэг хүлээгээд сүүлээр нь гар. Тамхи татаж болохгүй. Залуу эхнэрүүд лам нарын дэргэд ойр сууж болохгүй. Лам нарын дэвсгэр, ер нь шар улаан дэвсгэр дээр хар улс сууж болохгүй. 
Дацанд ирж лам нартай уулзахдаа анхан өлзийтэй баяртай үг хэлэх, хожим нь ирсэн учраа айлдах нь зохистой. 
Та бүгд сүм хийдэд очихдоо дээрхи зүйлсийг анхаарваас таны хийлгэж буй засал номын хүч улам арвидана гэж би бодож байна. Учир нь та сэтгэлээ зөв зүйлд чиглүүлэн биеэ зөв авч явж байгаа гэсэн үг юм. 

www.buddha.mn

БОДЬ СЭТГЭЛИЙГ ҮҮСГЭХ АРГУУД


Шалтгаан үрийн долоон гишүүнт увидас. Энэ арга нь Энэтхэгийн их бандида Жову Балдан Адиша (Депангара Шри Зана) гэгээнээс уламжлагдан ирсэн гэж их хөлгөний судар шастирт алдаршиж иржээ.
Учир шалтгааны долоон гишүүн гэдэг нь тугуулагсан бурханы хутаг гэдэг (1) “Боди сэтгэл”-ээс боди сэтгэл тэр нь (2) “Үлэмж сэтгэл”-ээс, сэтгэл тэр нь (3) “Нигүүлсэхүй сэтгэл”-ээс тэр нь (4) “Асрахуй сэтгэл”-ээс, тэр нь (5) “Ачийг хариулахуй сэтгэл”-ээс, тэр нь (6) “Ачийг санахуй”-гаас, тэр нь (7) “Эх мэт үзэх сэтгэл”-ээс мэндлэх бөгөөд энэ долоон сэтгэл нэг нь нөгөөдөө харилцан шүтэлцэж, зэрэгчилэн хөгжсөөр боди сэтгэлийг бодитой баттай үндсэнд төрүүлдэг учир шалтгаан болдог зэргийн үүднээс ийн нэрлэгджээ. Үүн дотроос их хөлгөний мөрийн үндэс нь нигүүлсэхүй сэтгэл мөн бөгөөд бусад нь түүний учир шалтгаан юм уу үр дагавар болох зэргээр нөхцөлдөн оршдог байна.
Эх хэмээн мэдэхүй
Амьтан гэдэг тэргүүлшгүй цагаас авахуулаад төрөх, үхэх ээлжлэн дамжсаар эдүгээ ирэхдээ энэ төрлийг аваагүй гэх юм уу тийм оронд төрөөгүй гэх зүйл огоот үгүй бөгөөд эх тэргүүтэн элгэн садан бололцож яваагүй гэх газар хэзээ ч үгүй ажээ. Урьд ч ийм байсны дээр одоо болоод ирээдүй ч ийм л байх учиртай ажгуу. Олон амьтан надтай бид тэдэнтэй элгэмсэн садансаж явсны дотроос эх мэт тэнцэшгүй ачтан тэдний дундаас онцгой нэгэн байсныг одоогийн энэ насны ээж, түүний ач буяныг санах, мэдэх, ухаарах лугаа уялдуулан таньж мэдээд үүгээр улбаалан хамаг амьтныг эхээ, эх шигээ хэмээн сэтгэж чадваас дараа нь ачийг санах, ачийг хариулахын зэрэг буянт сэтгэлүүд зэрэгчилэн төрөхийн шалтгаан бүрэлдэх учиртай аж. Иймд мэргэд хамаг амьтныг эхээ гэж танихын тулд эхлээд энэ насны ээжийгээ эрхэмлэн бодох ёсыг ийн айлджээ.
Ачийг санахуй 
Өмнөө эхийнхээ намба байдлыг тодорхой нэгэн санаад энэ ээж маань зөвхөн эдүгээ төдийгүй бүр тэргүүлшгүй цагаас миний ээж болж явсан нь мөн тоолж баршгүй гэж бас сэтгээд эх болсон цагаас зовлон хорлол бүхнээс авран, амгалан жаргал бүхнийг бүтээв. Ялангуяа энэ насныхаа анхлан саван дотроо өнө удаан байлгаж төрүүлэхийн цагт шар үсээ ширвэлгэн мах цуснаасаа тасалж, арван хурууныхаа үзүүрт бөмбөрүүлэн, хөхөө хөхүүлж, хоол идээг зажилж жижиглэн амаар өгч, нус цэрийг минь амаараа арчин, баас ялгадсыг гараараа цэвэрлэх зэрэг элдэв аргаар тэжээх төрүүлэн өсгөсөн билээ. Дээр нь өлсөж цангахын цагт идээ ундаа, даарч хөрөхийн цагт хувцас хунар, ядуурч үгүйрэхийн цагт өөрөө эдлэлгүй надад өгөх эд таваар, тэднийг олоход бэрхтэй хэдий ч элдэв зовлон зүдгүүр, муу үг яриа, саад бэрхшээлийг сөрөн туулж махаа барж, ясаа цайтал зүтгэсээр олж өгөх, хүүд өвчин зовлон тусваас хүү минь үхсэнээс би үхсэн минь дээр хэмээн үхэх хийгээд хүү минь өвдсөнөөс би өвдсөн нь зөв хэмээн сэтгэлийн мухраас андгайлан хөдлөх зэргээр хүүгийн зовлонг арилгах арга бүхнийг үйлдэгч ачтан билээ.
Өөрийнхөө мэдэх, чадах бүхнээр тус амгалан юу байгаа бүхнийг бүтээн, хорлол зовлонг арилгахын төлөө хамаг байдгаа зориулдаг ээжийн үнэн сэтгэл, гэгээн заншлыг үргэлжид нэгэн үзүүрт сэтгэлээр бясалгах хэрэгтэй болой. Энэ мэтээр сайтар бодоод сурахаар аяндаа ачтан хүнийхээ ачийг хариулах юмсан гэдэг санаа бодол үгийг төдий бус бодитой баттай нэг үндсэнд төрөх, гарах хүртэл дахин дахин бясалгах хэрэгтэй болой. Ингээд чадал эцэг болон бусад хамаатан саднаа ч ийм амьтан хэмээн сэтгээд бясалгах бөгөөд дараа нь завсрын буюу өөрийн танихгүй хүмүүсээ мөн урьдын адил бодох, бясалгах, явсаар өөрийн дайснаа ч мөн адил элгэн садан, эх адилын ачтан хэмээн мэдэж үйлдээд бясалгаж, тэднийг эх мэт хэмээн бодож бясалгаж чадваас хамаг амьтан бүхнийг эх хэмээн мэдэж, бясалгах, чадах, төгс гүйцэх тул энэ бүгдийг зэрэгчлэн дээш дээш ахиулж арвижуулсаар бясалгах хэрэгтэй болох нь ээ.
Ачийг хариулахуй
Олон төрөл дамжин үхэх, төрөх ээлжлэн солигдсоор танихаа больсон болохоос бус хамаг амьтан миний эх адил ачтан бөгөөд ийм ачтан маань зовлонд нэрвэгдэн, аврал итгэлгүй болчихсон байхад тоохгүй орхино гэдэг хамгийн ичгүүртэй нүгэлт зохисгүй явдал болох нь эрхэм дээд байтугай эгэл жирийн хэнд ч ойлгомжтой тул миний ёсноо яаж тодрох вэ хэмээн санаад ачийг хариулах буюу ачийг хариулахын үүрэг хариуцлагыг үүрэх хэрэгтэй бөгөөд хүү болж
төрсний нэгэн хэрэг энэ болох буй за хэмээн дахин дахин санах мөн. Хэрхэн ачийг хариулах гэвэл орчлонгийн жаргал цэнгэл, хоол унд, хувцас хунар тэргүүтнийг ээж өөрөө бүтээж чадсан, чадаж байгаа, чадах ч болно. Бусад амьтан ч мөн л ийм чадвартай гэхэд эргэлзэх аргагүй. Тэгвэл би бээр урьд нисваанисын адаар хөөрөмшсөний эрхээр хатуу хүчтэй яр модос туссан гэж бодьё. Тэр модос элдэв шалтаг эрэхэд сэдэрч задран дахин зовлон үүсгэх болсон мэтээр биднийг ачилж тусалсан амьтан маань нисваанис, үйлийн эрхээр орчлонд дахин дахин зовж байгаа гаслант авир ёсыг танин мэдэж түүнээс гэтэлгэн тонилгохуй нирвааныг амгаланаа байгуулж чадвал сая нэг жинхэнэ тусалсны ачийг хариулан чадсан болохын ухааныг мэдэж ачийг хариулан чадсан болохын ухааныг мэдэж ачийг хариулан үйлдэх хэрэгтэй болж байна. Нисваанисын адаар сэтгэл санаа нь хямран өөрийн эрхгүй галзууран, өндөр язгуур болоод нирвааны мөрийг үзэх нүднээсээ хагацсан зөв сайн төрд хөтлөгч саданаар хоосрох алхам тутамдаа буруу явдалд бүдрэн халтирсаар муу заяаны халил амсалгүй очсон адилын авир байдалт ийм эх хүүдээ горилохгүй хэнд горилох, ийм байдлыг хүү ухаарч орчлонгоос, орчлонгийн зовлонгоос ашид гаргаж ачийг хариулах хэрэгтэй бөгөөд чухам үүнийг Шантидэва гэгээн “Шаксасамучгая” (Хотол суртгаалын түүвэр хураангуй) шастиртаа: “Нисваанисаар галзуурч, мунхагаар сохрох, их хадан халилын замд алхах бүрдээ халтирах, өвөр хийгээд бусад үргэлжид гаслангийн шүтээн, амьтан нугуудын зовлон адил” хэмээжээ. Иймд эх болсон амьтан энэ-адилын байдлыг ухаарваас бусад амьтнаас гэм эрэх нь зохисгүй бөгөөд ганц нэг эрдэм, чадалтай үзэгдвээс байрлах хэдий ч үнэн чанартаа өчүүхэн яднисан авир ёстыг санан санан ачийг хариуг, тусалсны хариуг номоор хариулна хэмээн лавлан шийдэх хүртэл бясалгах ухаан энэ ажээ.
Асрахуй сэтгэл
Энэ сэтгэл амгалан жаргалгүй болсон амьтны тухайлан болгоож тэдгээр 1. Амьтан амгалантай болвоос юун сайн 2. амгалан лугаа учирах болтугай 3. амгалан лугаа учруулж үйлдэх болой хэмээн санах, сэтгэл хэмээжээ. Эдгээр дотроос гуравдахь буюу амгалан лугаа учруулж үйлдэх гэдэг нь хамаг амьтныг амгалантай байлгахаар өөр үүрэг хүлээн, тангараг тавин энэ зорилгынхоо төлөө бие, хэл, сэтгэлийн үүднээс хичээн зүтгэх, санан сэтгэх нь зөвхөн их хөлгөний агуу их сэтгэл бөгөөд энэхүү сэтгэлийг нэг удаа, нэг агшинд ч сэтгэл оюундаа бясалгасны тус эрдэм, хэмжээлшгүй болохыг Бурхан олонтаа айлдсан ажээ. Тэрээр “Дин-э-зин жалбу” (Самади ража сутра) хэмээх сударта: “Хөлти (шиваа) олон тоотоор жигдрэх арилсан орноо хэдүй элдэв тахилын чуулган хэмжээлшгүйгээр, дээд төрөлхтөн нугуудыг үргэлжид тахиснаас асрахуй сэтгэлийн тоо хийгээд хувьд ч үл хүрэх” хэмээсэн хийгээд, Нагаржунай гэгээн “Рэнчин прэнва” (Эрдмийн эрхэн) хэмээх шастиртаа: “Гурван зуун өчүүхэн будаа дахин чанасан идээ зэргийг өдөр бүр гурван удаа өгсөнөөс, асрахуй сэтгэлийг хурамхан ба нижгээд төдийхэний буян нугуудын хувь үл хүрмой. Тэнгэр хүмүүн асрангуй болох хийгээд тэдгээр ч бас сахих хийгээд сэтгэл амгалантай их амгалан төгөлдөр болоод, хор хийгээд мэсийн хорлол үгүй болоод, шамдалгүйгээр хэрэг бүтэх хийгээд, эсэрвагийн ертөнцөд төрөх хийгээд хэрэв зэ эс гэтлэх ч гэсэн амрахуй найман эрдмийг олох болой” хэмээн асрахуй сэтгэлийн цаглашгүй буяныг айлджээ.
Асрахуй сэтгэлийн бясалгах ёсны хувьд хамаг амьтан амгалан жаргалгүй хийгээд түүгээр үргэлжид дутагдах зэрэг ахуй ёсыг дахин дахин санаад бясалган чадваас аяндаа амгалантай байлгах, түүн лүгээ учруулах юмсан гэсэн бодол аяндаа төрж ирэх бөгөөд амгалан жаргалан болох элдэв зүйлийг сэтгэлдээ үйлдсээр, тэдгээрээ амьтанд зориулж өгөх зэргээр үйлдэх болохыг дээрх ном шастирт айлдсан байна.
Нигүүлсэхүй сэтгэл
Нигүүлсэхүй сэтгэлийн бодол зорилго нь амьтан зовлонгоос хагацваас юун сайн, хагацах болтугай хэмээх, хагацуулж үйлдэе гэсэн гурван үндсэнд багтдаг байна.
Эх болсон хамаг амьтан бүгдээр орчлонгийн зовлонгийн далайд унаад ямар ямар зовлонг амсаж эдэлж яваа зэрэг зовлонт амьтны мөн чанар, ахуй ёсыг дахин дахин санаж, тэднийг тэр зовлонгоос гэтэлгэх сэтгэлийн үүднээс буюу өөрийн ганц хүүгээ өвчин зовлонд нэрвэгдэхэд өөрийн эрхгүй түүнийгээ аврахын төлөө хамаг байдгаа зориулдагийн адил хамаг амьтан өөрийн ганц хүүтэй ялгалгүй зовлонд нэрвэгдсэн ёсыг ухааран тэд бүгдийг ялгалгүй зовлонд нэрвэгдсэн ёсыг ухааран тэд бүгдийг зовлонгоос гаргах ая зөндөө төрөх тэр цагт их нигүүлсэхүй хэмээх сэтгэл төрлөө гэж үзэх ёстой аж. Эндээс үзэхэд Их нигүүлэхүй сэтгэлийн орон нь зовлонд баригдсан хамаг амьтан болох нь тодорхой байна.
Төв үзлийн аймгийн ёс 1. Амьтнаа зорисон нигүүлсэхүй, 2. Номонд зорисон нигүүлсэхүй 3. Хоосон чанарт зорисон нигүүлсэхүй гурван сэтгэлийг нигүүлсэхүй сэтгэлийн мөн чанар зэргийн барих гол судлагдахуун болгон үздэг байна. Балдандаваадагва гэгээн “Мапъямиккаватар” эл гурван нигүүлсэхүй сэтгэлийн эрдмийг өгүүлэн анхлан  “би” хэмээн өөртөөн шунах бөгөөд “миний энэ” хэмээн бодтой, дор шунан үйлдэх, худгийн овоо мэт өөрийн эрхгүй, амьтан түүнээ нигүүлсэгч танаа мөргөмү. Амьтан хэмээх долгиологч усны доторх саран мэт Долгио хийгээд өөрөө мөн чанараар хоосныг үзсэн. Үүний утга нь гурван амьтныг бодсон сэтгэл биш амьтны зовлонт гурван шинжийг ухаарахын үүднээс нигүүлсэх сэтгэлийн ялгааг гаргаж тодорхойлсон ажээ. Бари лам Дамцэгдорж бээр “Миний хэмээн бодсон буруу үзлээр анхлан “би” хэмээн өөрийн үнэнд бүтсэнээр шунах бөгөөд цааш минийх хэмээн бариг буруу үзлээр миний болой” хэмээн нүд, хамар тэргүүтнээр ялгаатай болсон “би” –дээ шунан минимхийлэн бодогч сэтгэл үүссэний учраар худгийн оньс ховоо мэт өөрийн эрхгүй орчлонд эргэлдэн эргэгч амьтныг зорин энэрэн нигүүлсэх сэтгэл алин түүнээ мөргөхийн учир” хэмээн амьтнаа зоригч нигүүлсэхүй сэтгэлийг салхиар долгилох усны доторхи сарын дүр хөрөг мэт хөдлөх боловч агшин.    
buddha.mn

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ